Saturday, April 20, 2013





Хятадад хүчтэй газар хөдөлж, 156 хүн амь үрэгджээ

Уржигдар Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 156 хүн амь насаа алдаад байна хэмээн “Синхуа” агентлаг мэдээллээ. Зургаан мянга орчим хүн гэмтэж бэртжээ. Эхлээд 7.0 магнитудын хүчтэй газар доорх түлхэлт болж араас нь хэд хэдэн удаа газар хөдөлснөөс хамгийн хүчтэй нь 5.3 магнитудын хүчтэй байлаа. Газар хөдлөлтийн төв нь Сычуань мужийн нийслэл Чэнду хотоос 100 км-ийн зайд орших Лушань хошуунд газар дор 16.4 км-ийн гүнд байжээ.  
Лушаньд хэдэн мянган орон сууц нураад байна. Лунмэнь тосгонд гэхэд л байшин, орон сууцны 99 хувь нь нуржээ. Тиймээс нас барсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо нэмэгдэх нь тодорхой болоод байна. Газар хөдлөлтөд өртсөн хошуу нутгийн зам харгуй ихээхэн сүйдэж, усны нийлүүлэлт тасалдаж, харилцаа холбоо, гэрэл цахилгаан байхгүй болов. Чэнду хотод олон улсын нисэх буудал хаагдаж, төмөр замын хөдөлгөөн түр зогсчээ. Гэвч сүүлд ирсэн мэдээгээр төмөр замын хөдөлгөөн сэргээд байгаа аж.
Аврагчид байшин барилгын нуранги дороос 49 хүнийг амьдаар нь гаргаж аваад байна. Эрэн хайх, аврах ажиллагаанд хоёр мянга орчим цагдаа, гал сөнөөгч, 180 орчим эмч ажиллаж байна. Мөн өчигдрөөс эхлэн цэргүүд энэ ажиллагаанд нэгджээ. Байгалийн гамшиг болсон газарт яаралтай ирсэн Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян “Нуранги дор байгаа хүмүүсийг гаргаж аврах нь нэн тэргүүний зорилт болж байна” хэмээн онцоллоо. БНХАУ-ын дарга Си Жинпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг сануулж, цаашдаа газрын чичирхийллийн судалгаа, хяналтыг сайжруулахыг уриалав.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын Төрийн зөвлөлийн дарга руу утас цохиж гамшигт газар хөдлөлтийн үр дагаварыг арилгахад шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа дуулгажээ. Бээжингийн эрх баригчид зөвшөөрвөл ОХУ-ын Онцгой байдлын албаныхан Сычуаньд очиж тусламж үзүүлэхэд бэлэн байна. 2008 оны тавдугаар сард Сычуань мужийн Шаньси, Ганьсу хошуунд 8.0 магнитудын хүчтэй газар хөдөлж 87 мянган хүн амь насаа алдаж, 347 мянган хүн гэмтэж бэртсэн билээ. Сая орчим хүн орох оронгүй болж байв. Тухайн үед олон сургууль нурж байхад хажуугийн байшин нь газар хөдлөлтөд тэсч үлдсэн нь олон нийтийн эгдүүцлийг хүргэсэн билээ. Авлига, хээл хахууль гаарсны улмаас сургуулиудын барилгыг чанаргүй барьсан хэмээн ард иргэд үзэж байв. Тэр үед Хятадын эрх баригчид гадаадын тусламжаас татгалзаж байсан юм.

No comments:

Post a Comment