Sunday, April 28, 2013







Цөхөрсөн итали эр цагдаа нарыг бууджээ

Ажилгүй хоцорч цөхөрсөн итали эр Ром хотын төвд хоёр цагдаа болон явган зорчигчийг буудаж шархдуулжээ. Тэрээр ямар нэгэн улстөрчийг алахыг хүсч байснаа хүлээн зөвшөөрчээ. Луижи Преити гэгч этгээд хоёр жилийн өмнө эхнэр хүүхдээсээ салж, ажилгүй болж, хотоос хот дамжин тохиолдлын ажил хийн амьдарч байжээ. Италийн шинэ Засгийн газрын гишүүд тангараг өргөж байх үед Ерөнхий сайдын өргөөний гадаа энэ явдал болсон байна.

Ж.Маккейн: Сирид цэрэг оруулахад бэлтгэх хэрэгтэй

“Сири дахь химийн зэвсгийн нөөцийг хамгаалалтад авахын тулд хэд хэдэн улс Сирид цэргээ оруулахад бэлтгэх хэрэгтэй” хэмээн Америкийн сенатч Жон Маккейн мэдэгдлээ. АНУ-ын цэрэг Сирид орох ёсгүй, харин олон улсын цэргийн хүчин тус улсад нэвтэрч, Сирийн иргэний дайнд оролцож байгаа лалын дайчдын гарт химийн зэвсэг орохоос сэргийлэх ёстой хэмээн тэрээр үзэж байна. “Химийн зэвсгийн нөөц хадгалагдаж байгаа хэд хэдэн цэргийн байгууламж Сирид бий. Энэ зэвсэг жихадистуудын гарт орох ёсгүй” хэмээн 2008 онд Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Маккейн хэллээ. Түүний санал, дуу хоолой АНУ-ын Сенатад нөлөөтэй байдаг ажээ.

Буриадад ойн түймэр дэгджээ

Буриадын тайгад ойн түймэр ширүүсч байна. Тус бүгд найрамдах улсад дөрвөн муж болон Улаан-Үүд орчмын 33.5 га талбайг хамарсан зургаан түймэр бүртгэгджээ. Өнгөрсөн онд Буриадад 730 ойн түймэр гарч 130 мянган га ой тайгыг сүйтгэсэн юм. Энэ оны анхны түймэр Хабаровскийн хязгаарт гарч 13 га ойг хамраад байна. Түймрийг унтраахаар Алс Дорнодын ой хамгаалах авиа баазын ажилтнууд дайчлагджээ.

Кейт Миддлтон, Уильям нар хүүтэй болно

Британийн хэвлэлүүд ирээдүйн хаан ширээг залгамжлагчийн хүйсийг таажээ. Ханхүү Уильямын гэргий Кейт Миддлтон цэнхэр өнгийн хүүхдийн тэрэг худалдаж авснаа сэтгүүлчдэд ярьсан аж. Үүнээс үндэслэн залуу хос хүүтэй болно хэмээн хэвлэлээр таамаглаж байна. Британийн хатан хааны гэр бүл ирээдүйн хаан ширээ залгамжлагчийн хүйсийг зарлахгүй гэсэн билээ. Кейт Миддлтон амаржсаныхаа дараа эцэг эх дээрээ очиж амьдрахаар болсон билээ. Тэрээр хатан хааны гэр бүлээс тусгаар, бие даасан гэдгээ харуулахаар шийдсэн ажээ.
Ханхүү Уильямс энэ зун Их Британийн Агаарын цэргийн хүчний албаа дуусгаж эхнэр хүүхэддээ илүү цаг зав гаргахаар төлөвлөж байна. Тэрээр аврагч нисдэг тэрэгний нисэгчийн алба хашдаг авиа баазынхаа удирдлагад энэ тухай мэдэгдсэн аж.    

15 мянган төрийн албан хаагчийг цомхотгоно

Грекийн парламент төрийн албаны орон тоог 15 мянгаар цомхотгох эрхийг Засгийн газартаа олгожээ. Грек улс гадаадаас хоёр тэрбум долларын ээлжит тусламж авахын тулд шинэ хууль баталж байгаа аж. Шинэ хуулиар, ажлын байрыг насан туршид нь хадгалдаг практикийг халжээ. Төрийн албыг цомхотгох хууль батлагдсаны дараа парламентын ордны гадаа эсэргүүцлийн жагсаал боллоо. Дээрх хууль нь улс орон дахь ажилгүйдлийг улам гааруулж, урьд өмнө байгаагүй гамшгийн түвшинд аваачина хэмээн жагсагчид үзэж байна. Харин Засгийн газар, сахилга батгүй ажилчдыг чөлөөлж, залуу, авъяаслаг мэргэжилтнүүдэд боломж олгосноор төрийн алба хожно хэмээн үзэж байгаа юм.

Японы Ерөнхий сайд Орост айлчилж байна

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Москвад албан ёсны айлчлалаар ирээд байна. Японы Засгийн газрын тэргүүн сүүлийн 10 жилд анх удаа ОХУ-д айлчилж буй нь энэ юм. Тэрээр өчигдөр Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүчний хамтын ажиллагааны сэдвээр санал солилцжээ. “Энэ айлчлал Орос-Японы харилцаанд шинэ түлхэц өгч, энхийн тохиролцооны яриа хэлэлцээний эхлэлийг тавьж болох юм” хэмээн Абэ айлчлалынхаа өмнө мэдэгдэж байв. Либерал Ардчилсан намын лидер Шинзо Абэ 2012 оны арванхоёрдугаар сард Японы Ерөнхий сайдаар томилогдсон юм. Тэрээр 2006 онд энэ албан тушаалд байж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар огцорч байжээ.

No comments:

Post a Comment