Ким
Чен Уны авга нар Хойд Солонгосыг удирддаг уу?
Хойд
Солонгосын залуухан удирдагч Ким Чен Ун АНУ-тай дайтна, цөмийн зэвсгээр
довтолно хэмээн сүрдүүлж байх хооронд тус улс дахь эрх мэдлийн утсыг түүний
авга нар болох Кеон Хуй, түүний нөхөр Ян Сон Таек нар хөдөлгөж байдаг хэмээн
шуугих болов. Ким Чен Ир 2011 онд нас барахаасаа өмнө хүүгээ эрх мэдэлд
бэхжихэд нь туслаарай гэж эгч Кеон Хуй болон түүний нөхрийг сонгон томилсон
гэдэг. Өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөрийн намын Төв хорооны хуралдаан дээр цөмийн
зэвсгээр дэлхий нийтийг сүрдүүлсэн мэдэгдэл хийж байсан Ким Чен Уны хажууд авга
эгч Кеон Хуй нь сууж байсан нь санамсаргүй хэрэг биш хэмээн шинжээчид ярилцаж
байна. Пхеньяны Коммунист намын дарга, генералуудын албан ёсны зурган дээр ганцхан
эмэгтэй байсан нь Ким Чен Ирийн эгч Кеон ажээ. Ким Чен Ирийн хамгийн итгэлт
хүмүүсийн нэг байсан Кеон Хуйгийн нөхөр нь Пхеньяны дэглэмийн хамгийн хүчирхэг
байгууллага болох Батлан хамгаалах Үндэсний хорооны дэд ерөнхийлөгч байснаас
гадна эдийн засгийн амин чухал дэмжлэг үзүүлдэг Хятадтай харилцах харилцааны
гол хүн юм.
Хойд
Солонгос улс 1948 онд байгуулагдсанаасаа хойш гэр бүлийн улс (династи) байсаар
ирсэн. Ким Чен Ирийн авга нарын хамгийн чухал ажил нь үе залгамжилсан династийг
хамгаалж, цэргийн их хүчтэй гүрэн болгон харагдуулах, Засгийн газрын аппарат
доторх шүүмжлэл, урвалтыг хянах явдал юм. 1946 онд төрсөн Кеон Хуй дөрвөн аравны
турш Хойд Солонгосын улс төрийн гол хүний нэг байжээ.
Ким
Чен Ир нас барахад Батлан хамгаалах Үндэсний хорооны дэд ерөнхийлөгчийн албыг
хашиж байсан Ян Сон Таек Хойд Солонгосын нэгдүгээр хүн болно хэмээн яригдаж
байв. Гэвч тэрээр үргэлж коммунист дэглэмийн элит шугаман дээр байсангүй. Ян
Сон Таек 1968-1972 онд Москвад сургуульд сурч ирээд тэр үеийн Ерөнхийлөгч Ким
Ир Сений охинтой гэрлэжээ. Тэдний дундаас төрсөн нэг охин нь Парист сурч байсан
ч франц найз залуутай болж, эх орон руугаа буцахаас татгалзсан аж. Ян Сон Таек
Хөдөлмөрийн нам, үндэсний аюулгүй байдлын албанд өндөр албан тушаал хашиж
байсан ч 2004 онд томоохон урвагч түшмэдийн харгайгаар банга хүртэж байсан юм.
Гэвч хоёр жилийн дараа Ким Чен Ир Хятадад айлчлахад бүрэлдэхүүнд нь багтаж,
түүний залгамжлагч хэмээн үзэгдэх хүртэл итгэлийг нь олж авчээ. 2009 оны
дөрөвдүгээр сард Батлан хамгаалах Үндэсний хорооны дэд ерөнхийлөгчөөр
томилогдож, “Хайрт удирдагч”-ийн үхлийн дараа эрх мэдлийг шилжүүлэх ажилд тохоон
томилогдсон байна.
2011
оноос эхлэн Кеон Хуй, Ян Сон Таек нар залуу удирдагч Кимийн албан ёсны
айлчлалын бүрэлдэхүүнд багтан камерийн дуранд байнга өртөх болжээ. Тэд лидерийн
ойрын хүрээлэлд дархлагдаж буйгаа ийнхүү зарлан тунхагласан юм. Авга эгч нь улс
орныг захирах үйл хэрэгт оролцолгүй “чөлөөтэй байх” үеэрээ Пхеньянд цор ганц
байдаг “Татсан мах, талх”-ны рестораны ажлыг чиглүүлсэн шиг суудаг аж. АНУ-ыг
дуурайж байна гэж хэлүүлэхгүйн тулд гамбургерийн рестораныг ийнхүү өөрөөр нэрлэсэн
байна. Харин энэ зоогийн газраар Пхеньяны элит ангийнхан л үйлчлүүлдэг бололтой.
Энэхүү
эрх мэдлийн тойрогт Чо Рин Хае хэмээх бас нэг гишүүн бий. Хэд хэдэн ахмад
генералыг хөөн зайлуулсны дараа түүнийг зэвсэгт хүчний тэргүүнээр томилсон юм.
Кеон Хуй, Ян Сон Таек, Чо Рин Хае гурав залуу Ким Чен Уныг хүчтэй, олон улсад
нөлөөтэй лидер болгох зорилго тавин зүтгэж байна.
“Аbc.es”
No comments:
Post a Comment