АНУ пуужингийн туршилтаа хойшлуулжээ
АНУ дөрөвдүгээр сарын эхний арав хоногт хийхээр төлөвлөөд
байсан тив хоорондын Minuteman баллистик пуужингийн туршилтаа хойшлуулах
шийдвэр гаргалаа. Туршилтыг Хойд Солонгосын тал өдөөн хатгалга хэмээн үзэж,
улмаар Солонгосын хойгийн байдал улам хурцдахаас сэргийлэхийн тулд ийм алхам
хийжээ. Minuteman пуужинг Калифорни дахь
АНУ-ын Агаарын хүчний баазаас хөөргөх гэж байсан юм.
2013 оны хавар Пхеньяны эрх баригчид Сөүл, Вашингтоныг
заналхийлж, баллистик пуужингийн туршилтад бэлтгэж эхэлснээс хойш Солонгосын
хойгийн нөхцөл байдал хурцдаад байгаа билээ.
Афганистанд АНУ-ын иргэд амь үрэгджээ
Афганистанд дөрөвдүгээр сарын 6-нд АНУ-ын таван иргэн амь
насаа алдлаа. Тэдний дотор дипломат албаны эмэгтэй ажилтан байгаа аж. Өмнөд
хэсгийн Забул мужид гурван америк цэрэг, нэг эмэгтэй дипломатчийг автомашинд
явж байхад дэлбэрэх бодистой автомашин мөргөн дэлбэлж амь насанд нь хүрчээ. Хэд
хоногийн өмнө тус улсад зочилсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри халдлагад
өртсөн эмэгтэй дипломатчтай уулзаж байжээ. Тэд Забул мужийн нэгэн сургуульд ном
хүргэж өгөх гэж яваад ийнхүү амиа алдсан байна. Энэ өдөр Афганы өөр нэг хотод
АНУ-ын нэг иргэн довтолгоонд өртөн амь үрэгджээ.
Сирид хулгайлагдсан сэтгүүлчид суллагдана
Сирид хулгайлагдаад байсан Италийн дөрвөн сэтгүүлч бүгд
амьд, мөдхөн суллагдана хэмээн ANSA агентлаг уламжлав.
Барьцаалагдсан сэтгүүлчид нь Италийн RAI телевизийнх
бөгөөд суллагдсаныхаа дараа Туркт хүргэгдэх ажээ.
Италийн телевизийн сэтгүүлчид баримтат кино хийхээр
дөрөвдүгээр сарын 1-нд Сирид очсон байна. Гэвч лалын босогчдод барьцаалагдан
Сирийн хойд хэсгийн Идлиб тосгонд хүргэгдээд байжээ.
“Шулам”-ыг доромжилсон хүмүүсийг шийтгэнэ
Балбад настай эмэгтэйг шулам хэмээн үзэж, дайрч доромжилсон
этгээдүүдийг шүүхээр шийтгэхээр болжээ. Баруун хэсгийн алслагдсан нэгэн тосгонд
хэсэг хүмүүс 60 настай эмэгтэйг нүцгэлж, үсийг нь хусан, ялгадас идүүлэн,
зоджээ. Тосгоны зөвлөл уг эмэгтэйг үхэл, зовлонг зөгнөдөг шулам хэмээн
нэрлэсний дараа энэ явдал болсон байна. Балбын эрх баригчид энэ хэргийг
шалгуулахаар тосгон руу тусгай төлөөлөгчдийг илгээлээ.
Тус улсын хөдөө тосгодод ийм хэрэг цөөнгүй гардаг.
Өнгөрсөн онд нэгэн тосгонд мөн л шулам хэмээн үзсэн 40 настай эмэгтэйг амьдаар
нь шатаажээ. Энэ хэрэгт найман хүнийг шийтгэсэн юм.
Тунгалаг амьдрал
Токио хотын нэгэн залуу хос тунгалаг шилэн ханатай
байшинд амьдрахаар шийджээ. “Үзүүлэн” болох дуртай хосод зориулж нэгэн барилгын
компани төсөл боловсруулж, 85 метр кв талбайтай шилэн орон сууц барьж өгчээ.
Онцгой технологийн ачаар эхнэр, нөхөр хоёр гэрийнхээ хаана ч байсан хоорондоо
ярилцаж болно. Тэд өдрөөр ард түмний нүдэн дээр ил, тунгалаг амьдардаг ч шөнөөр
аварга ханан цонхнуудаа хөшгөөр хаадаг ажээ.
No comments:
Post a Comment