Monday, April 29, 2013






Хамгийн урт, хамгийн үнэтэй аялал

Хятадын нэгэн оюутан ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын өвд багтсан 962 газрыг үзэх аялалд гарах гэж байна. Хоёр жил үргэлжлэх аялалын туршид саятан хятад залуу нэгдүгээр зэрэглэлийн онгоцоор нисч, George V, de París, Taj Mahal Bombay зэрэг 5-6 одтой зочид буудалд тухлах аж. Аялалын үнэ 1.2 сая доллар. Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалддаг VeryFirstTo.com компани нэг сарын өмнө энэ аялалыг санал болгохдоо амжилт олно гэж бодсонгүй. Гэтэл хэдхэн хоногийн дотор энэхүү мөрөөдлийн аялалыг 15 хүн сонирхож буйгаа илэрхийлжээ. “Энэ аялалыг зарлахдаа зарагдана гэдэгт итгээгүй. Ер манай бүтээгдэхүүнүүд зарагдахгүй байх нь хэвийн тохиолдол” хэмээн VeryFirstTo.com компанийг үндэслэгч Марсел Нобил “The Guardian” сонинд ярилаа.
Эцсийн эцэст нэрээ нууцлахыг хүссэн адал явдал хайгч нэгэн хятад залуу Хүн төрөлхтний соёлын өвийг хадгалж байгаа 150 орноор аялахаар болжээ. Харин хамгийн аюултай улс орнуудыг орхиж байгаа аж. Үүнээс гадна, мань эр ганцаараа, эсвэл өөр хүнтэй хамт аялахаа шийдэж болно. Аялалын үнэд (1.2 сая доллар) зөвхөн нэг хүний зардал багтаж байгаа юм.
Нэг газарт нэг өдрийг зарцуулах тансаг аялалын “зогсоолууд”-ын дотор Энэтхэгийн Таж Махал, Камбож дахь Анкорын сүм, Египет, Мексикийн пирамидууд, Хятад дахь Хориотой хот, Иордан дахь Петрагийн сүм, Аризонагийн Их Хавцал, Бразил, Аргентины хил дээрх Игуазу хүрхрээ, Лондоны Цамхаг гүүр, Гранадагийн Алгамбра зэрэг алдартай газрууд байгаа аж. Аялалд нэгэн сайн тал байгаа нь нийт үнээс 10 мянган долларыг ЮНЕСКО-гийн Соёлын өвийг хамгаалах санд хандивлаж байгаа юм. Соёлын өвд бүртгэгдэж буй хөшөө дурсгал, байгаль, газар орны жагсаалт жил бүр нэмэгдсээр байдаг билээ. Дэлхийн Соёлын өвд багтсан өв соёлын тоогоор Итали улс (49) тэргүүлж, Испани  (39) удаалдаг. Испанид биет бус соёлын өв хоёр байдаг нь Газар дундын тэнгисийн хоолны дэглэм болон фламенго бүжиг ажээ.

Э.Моралесийг гурав дахь удаагаа Ерөнхийлөгчид нэр дэвшихийг зөвшөөрчээ

Боливийн Үндсэн хуулийн шүүх улс орны Ерөнхийлөгч Эво Моралес гурав дахь удаагаа дараалж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болно гэсэн шийдвэр гаргажээ. Уул нь Үндсэн хуульд нэг хүн хоёроос илүү хугацаагаар Ерөнхийлөшчид өрсөлдөж болохгүй гэж заасан байдаг аж.
Э.Моралес анх 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ. Дөрвөн жилийн дараа Боливт шинэ Үндсэн хууль батлагдаж, тэр жилдээ Ерөнхийлөгчийн сонгууль болж Моралес дахин ялалт байгуулсан юм. Шинэ Үндсэн хуульд хоёроос илүү хугацаагаар дараалж Ерөнхийлөгчид сонгогдож болохгүй гэсэн заалт нь Эво Моралесийн эхний бүрэн эрхийн хугацаанд хамаарахгүй, учир нь энэ нь шинэ хууль батлагдахаас өмнөх явдал хэмээн шүүх үзжээ. Сөрөг хүчин шүүхийн шийдвэрийг эрс шүүмжилж, Боливийн шүүхийн систем Ерөнхийлөгчийн мэдэлд орсон хэмээн үзэж байна. Ерөнхийлөгчийн сонгууль 2014 оны арванхоёрдугаар сард болох юм.

Парагвайн Ерөнхийлөгч цалингаасаа татгалзлаа

Парагвайн Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Орасио Картес төрийн тэргүүний цалингаас татгалзаж буйгаа мэдэгдлээ.Тэрээр Ерөнхийлөгчийн цалинг орон гэргүй, эдгэршгүй өвчтэй хүүхдүүдэд хандивлах бодолтой байна. 56 настай О.Картес дөрөвдүгээр сарын 21-нд болсон сонгуульд 45.8 хувийн саналаар ялалт байгуулсан юм. Тэрээр Парагвайн хамгийн баян хүмүүсийн нэг билээ. Картес тамхи, ундаа, хүнсний 25 том компанийн эзэн ажээ.

Сирийн Засгийн газар сөрөг хүчинтэй хэлэлцээ хийхэд бэлэн

Сирийн эрх баригчид улс төрийн бүх хүчинтэй, тэр тусмаа зэвсэгт сөрөг хүчинтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна хэмээн мэдэгдлээ. Энэ тухай Сирийн Ерөнхий сайд Ваель аль-Хальки мэдэгдсэн байна. “Бид улс төрийн бүх хүчин, олон нийтийн байгууллага, сөрөг хүчин, зэвсгээ хураалгахыг хүсч байгаа зэвсэгт бүлгүүдтэй хэлэлцээ хийхэд бэлэн байна” хэмээн Ерөнхий сайд хэлжээ. Өнгөрсөн даваа гаригт Ваель аль-Халькигийн амь насанд халдсан юм. Дамаскийн төвд түүний цувааг дэлбэлж 10 хүний аминд хүрчээ. Харин Ерөнхий сайд амьд үлдсэн юм.

Хүний эрхтэн наймаалсан эмч нарыг шийтгэв

Косовод хүний эрхтний хууль бус наймаанд орооцолдсон эмч нарыг шийтгэжээ. Европын шүүх таван эмчид найм хүртэлх жилийн ял оноосон байна. Мөрдөн шалгалтын явцад, Косовогийн чөлөөлөх армийн дайчид 1999 оны мөргөлдөөний үед нийслэл Приштина хотын “Медикус” эмнэлгээр дамжуулан олзны хүмүүсийн эрхтэнг зарж, наймаалдаг байсан нь тогтоогдсон юм.

Уулчид Эверестийн орой дээр зодолджээ

Балбад нэгэн ер бусын зодоон болжээ. Европын уулчид, нутгийн хөтөч нар дэлхийн хамгийн өндөр уул Эверестийн орой дээр нанчилдсан байна. Британийн уулчин Жон Гриффит, Швейцарийн Ули Стек, Италийн Симоне Моро нар өөрсдийн замаар өгсөнө хэмээн зөрүүдлэн балбуудтай маргалдаж, шерп хөтөч нар тэдний майхныг мөсөөр чулуудаж, дараа нь уулчидтай нударга зөрүүлсэн аж. Зодооны улмаас нэг уулчин толгойдоо гэмтэл авчээ. Балбууд салж явснаар Европын уулчид дангаараа Эверестээс буусан байна. 

No comments:

Post a Comment