Saturday, April 13, 2013






Онассисийн арлыг Оросын тэрбумтан худалдаж авлаа

Грекийн алдартай тэрбумтан Аристотель Онассисийн арлыг Оросын тэрбумтан, бизнесмэн Дмитрий Рыболовлев худалдаж авлаа хэмээн “Forbes” сэтгүүл мэдээлэв. Арлыг ямар үнээр худалдсаныг нууцлаж байгаа ч хамгийн багадаа 100 сая доллар хүрсэн хэмээн таамаглаж байна. Тэрбумтан Рыболовлев өөрөө бус, харин түүний охин Екатеринагийн удирддаг нэгэн компани Аристотель Онассисийн ач охин Афина Онассис Русселээс уг арлыг худалдаж авчээ.
Орос тэрбумтны өөрийн болгосон арал нь Ионийн тэнгист байрладаг, Скорпиос, Спарти хэмээх хоёр арал аж. 1968 онд Аристотель Онассис, АНУ-ын тэргүүн хатагтай асан Жаклин Кеннеди нарын хурим тэнд болсноор Скорпиос арал дэлхий нийтэд алдаршсан юм. Скорпиос арал дээр мөн Онассисийн гэр бүлийн бунхан байдаг бөгөөд 1975 онд онд нас барсан Аристотелийг энд оршуулсан байна. Афина Онассис уг арлын хажууд орших Спарти арлыг мөн худалдаанд тавьж байжээ. Аристотель энэ арлыг хүүдээ зориулан худалдан авч байв. Гэвч Грекийн эрх баригчид Афина Онассисийн бразил нөхөр Альваро Мирандад Грекийн иргэншил олгохоос татгалзсаны дараа энэ арлыг худалдаанд тавьж, Роман Абрамович, Билл Гейтс, Мадонна нар сонирхож байсан ч худалдаж аваагүй юм.
Дмитрий Рыболовлев “Forbes”-ийн тэрбумтны жагсаалтад 13-р байр эзэлдэг. Түүний хөрөнгө 9.1 тэрбум доллараар үнэлэгддэг байна. Тэрээр “Уралкалий” компанийг эзэмшиж байсан ч 2010 онд компанийнхаа хувцааны хяналтын багцыг Дагестаны тэрбумтан Сулейман Керимов тэргүүтэй хөрөнгө оруулагчдад худалдсан аж.
Рыболовлев эдүгээ Bank of Cyprus болон хөлбөмбөгийн “Монако” клубын хувьцааг эзэмшиж, үл хөдлөх хөрөнгийг идэвхтэй худалдан авсаар байна. 2011 онд тэрээр Нью-Йорк хотын Манхеттанд 88 сая доллараар охиндоо байр худалдан авч дэлхий нийтийг ангайлгаж байв. Энэ нь Нью-Йорк хотын түүхэнд хамгийн үнэтэй наймаа болон тэмдэглэгдэн үлджээ.

No comments:

Post a Comment