Tuesday, April 23, 2013





Энрике Каприлесийг шоронд суулгана хэмээн амлажээ

Венесуэлийн засан хүмүүжүүлэх байгууллагуудыг хариуцсан сайд Ирис Варела Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон жагсаал, эмх замбараагүй байдалд сөрөг хүчний лидер Энрике Каприлесийг буруутгаж “Түүнийг шорон хүлээж байна” хэмээн мэдэгдэв. “Каприлес, чамд дуулгах цорын ганц сайн мэдээ байна. Чи шоронд ажил хийх боломжтой болно. Тэнд чиний фашист сэтгэхүй өөрчлөгдөж, хүн болох нь уу гэдгийг харцгаая” хэмээн Варела мэдэгджээ. Э.Каприлесийг хар тамхинд донтогсдын шоронд хийснээр дэмий чалчдаг хүний дүрээс нь гаргахад тустай хэмээн сайд хатагтай үзэж байна. “Тэнд чамд хэн ч хүрэхгүй” хэмээн Ирис Варела хэллээ. Сөрөг хүчний лидер хэд хоногийн өмнө “Миний амь нас аюулд байна” хэмээн мэдэгдсэн юм.

Хакерууд Б.Обама шархадсан хэмээн мэдээлэв

Хакерууд “Associated Press” агентлагийн Twitter хаяг руу нэвтрэн орж, Цагаан ордонд халдлага боллоо хэмээн хуурамч мэдээ тавьжээ. Хуурамч жиргээнд “Цагаан ордонд хоёр дэлбэрэлт боллоо. Ерөнхийлөгч Барак Обама шархадлаа” хэмээн бичсэн байна. “Сирийн цахим арми” (Syrian Electronic Army) хэмээх бүлэг мэдээллийн агентлагийн сайтыг эвдэлж, худал мэдээлэл цацсанаа хүлээсэн байна. Үүний улмаас “АР” Twitter хуудсаа хаагаад байна.

АНУ-д хамгийн сайн, хамгийн муу ажлыг нэрлэв

Америкийн CareerCast компанийн хийсэн судалгаагаар, даатгалын статистик нь хамгийн сайн, ирээдүйтэй ажлаар тодорчээ. Харин сонины сурвалжлагч хамгийн онцгүй ажлаар нэрлэгдсэн байна. Ажлын ерөнхий нөхцөл, бухимдлын түвшин, цалин, шагнал зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр энэ жагсаалтыг гаргажээ. Даатгалын статистикчийн ажлын орон тоо энэ онд 27 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Энэ ажлыг хийдэг хүн дунджаар жилд 87 мянган долларын цалинтай аж. Био-инженер (жилд 81 мянган долларын цалинтай) хоёрт, программ хангамжийн инженер (90 мянган доллар) гуравт оржээ. Чих, хамар, хоолойн эмч, тэтгэвэр тогтоогч, нүдний шилний мэргэжилтэн, компьютерийн системийн шинжээч мэргэжил эхний аравт багтлаа.
Хамгийн муу ажил, мэргэжлийн тоонд мод бэлтгэгч, сүүний фермийн ажилтан, армийн байлдагч, театрын жүжигчин, шууданч орлоо. Цалин багатай, хүнд хөдөлмөрт тооцогддог эдгээр ажлын орон тоо энэ онд багасах төлөвтэй байна.

Нью-Йоркт 21-ээс доош насныханд тамхи худалдахгүй

Нью-Йорк хотын зөвлөл тамхи худалдан авах эрхтэй иргэдийн насыг 18-аас 21 болгох санал дэвшүүлснийг хотын оршин суугчид эрх чөлөө, ардчилалд халдсан хэрэг боллоо хэмээн унтууцаж байна. Хотын зөвлөлийн дарга Кристин Куин “Залуу хүмүүсийг хорт зуршлаас сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ авах гэж байна” хэмээн мэдэгджээ. Нью-Йорк хотын тамхичин иргэдийн 80 хувь нь 21 хүрэхээсээ өмнө тамхинд орсон байдаг аж.
“Эрх чөлөө юу болов оо” хэмээн 17 насандаа тамхичин болсон Нью-Йорк хотын иргэн Жессет Баутиста өгүүлж байна. “Бид хүүхдүүдээ 18 хүрэхэд нь дайнд явуулж болно. Харин тэдний тамхи татах сонирхлыг Блумберг ч, Куин ч хазаарлаж дийлэхгүй биз” хэмээн бас нэг иргэн ярилаа.

Криштиано Роналдо: Би алуурчидтай өмсгөлөө солилцдоггүй

DiarioGol сонины мэдээлж буйгаар Португалын хөлбөмбөгч Криштиано Роналдо палестинуудад ихээхэн талтай нэгэн ажээ. “Реал Мадрид”-ын довтлогч өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд Тель-Авивт болсон тоглолтын дараа Португалын шигшээ багийн өмсгөлөө Израилийн хөлбөмбөгчидтэй солилцохоос татгалзжээ. Израилийн шигшээ багийн хэд хэдэн хөлбөмбөгч Роналдотой өмсгөлөө солилцох гэсэн боловч португал залуу няцаасан аж. Өрсөлдөгчидтэйгээ үг солилцолгүй толгой гудайлган талбайг орхисон Криштиано Роналдо цэнгэлдэхийн холимог бүсэд “Би алуурчидтай алуурчидтай өмсгөлөө солилцдоггүй” хэмээн ярьсан байна.

No comments:

Post a Comment