Босогчид Иракийн хотыг эзэлжээ
Иракийн босогчид Багдадаас хойд зүгт 160 км-т
орших Сулейман-Бек хэмээх жижигхэн хотыг Засгийн газрын цэргүүдээс эзлэн авчээ.
Хотын төлөөх тулаанд Иракийн армийн таван цэрэг, арван босогч амь үрэгджээ.
Дөрөвдүгээр сарын 23-24-нд Ирак даяар хүчирхийллийн давалгаа дэгдэж 128 хүн
амиа алдах үеэр босогчид Сулейман-Бек хотыг эзлэхээр дайрчээ. Засгийн газрын
хүчин нисдэг тэрэг ашиглан босогчдыг бөмбөгдөж байсан ч амжилт олсонгүй, хотыг
алдсан байна. Үндэснтний цөөнх болсон суннитууд Ерөнхий сайд Нури Маликийг
огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал хийсээр байна. Шийтүүд давамгайлсан Засгийн
газар суннитуудыг хавчин гадуурхаж байна хэмээн үзэж байгаа аж.
Байшин нурж 113 хүний аминд хүрлээ
Бангладешийн нийслэл Дакка хотын захад байдаг
найман давхар барилга нурсны улмаас 149 хүн амиа алдаж, 800 орчим хүн бэртээд
байна. Нурангинл зуу гаруй хүн дарагдсан хэмээн үзэж байгаа юм. Осол болсон
газарт цэргийнхэн, гал сөнөөгчид, цагдаа, гэмт хэрэгтэй тэмцэх элит
батальоныхон ажиллаж байна.
Найман давхар байшин нурсан шалтгааныг
тогтоогоогүй байна. Хэд хоногийн өмнө уг байшингийн хананд цууралт үүссэн
байжээ. Хүмүүс ажлын байран дээрээ байсан өглөөний цагаар энэхүү эмгэнэлт явдал
болсон юм. Энэ байшинд оёдлын цех, банк, хэд хэдэн дэлгүүр байрлаж байжээ.
Тина Тернер Швейцарийн иргэн болжээ
Америкийн алдарт дуучин Тина Тернер Швейцарийн
иргэншилтэй боллоо. Тэрээр сүүлийн 20 жил энэ улсад амьдарч байгаа билээ.
Швейцарьт хувийн амьдралыг ихэд хүндэтгэдэг нь нэрт дуучинд их таалагддаг аж. “Үүнээс
илүү сайхан газрыг би төсөөлж чадахгүй байна” хэмээн 73 настай нэрт дуучин “ВВС”-д
ярьжээ. Америкийн Теннесси мужийн уугуул Тина Тернер Швейцарийг орхих бодолгүй
байна. Тэрээр Грэмми шагналыг найман удаа авч байсан юм.
Зөгийний үхэл дэлхийг өлсгөлөнд хүргэнэ
Зөгийн бөөнөөр үхэх нь дэлхий даяар ажиглагдаж
байгаа нь хүн төрөлхтөнд гамшиг авчирч болохыг эрдэмтэд сануулж байна. Зөгийн
аж ахуйн олон улсын холбооны ерөнхийлөгч Алимонд Жилийн хэлж буйгаар, дэлхий
даяар зөгийн үхэл 20-40 хувьтай байгаа аж. Энэ шавьж зөвхөн балаараа бус, мөн цэцэгнээс
цэцгэнд, ургамлаас ургамал руу нисч тоос хүртээж явдгаараа хүнд нэн хэрэгтэй
амьтан юм. Дэлхий дээрх ургамлын 80 хувийнх нь цэцэглэлт, өсөлтөд зөгий тусалж
байдаг нь манай гаригийн хүн амын гуравны нэгийг нь хооллож байдаг гэсэн үг.
Зөгийн устаж алга болвол мах, сүүн бүтээгдэхүүн, жимс, ногооны хурц хомсдолд
хүргэж болох юм. Хөдөө аж ахуйд хэрэглэж буй ариутгагч, устгагч бодис, буруу
аргаар хөгжүүлж буй зөгийн аж ахуй, мөн Варроа хэмээх шимэгч зөгий бөөнөөрөө
үхэх гол шалтгаан болж байгаа ажээ.
Их Британи – баруун Европын хамгийн аюулгүй орон
Олон улсын эдийн засгийн хүрээлэнгээс гаргасан
судалгаагаар, баруун Европын хамгийн аюулгүй, тайван орноор Их Британи
шалгарчээ. Сүүлийн арван жилд Британи дахь хүн амины хэргийн тоо баруун Европын
бусад улстай харьцуулахад эрс буурсан аж. Статистик мэдээгээр, тус улсын 100
мянган иргэнд нэг хүн амины хэрэг ногдож байгаа хамгийн бага үзүүлэлт юм. Их
Британи дотроо Норфолк гүнлэгийн Бродленд хот хамгийн аюулгүй газраар тодорсон
байна.
Иллинойст гэмт этгээд таван хүнийг бууджээ
АНУ-ын Иллинойс мужийн Манчестер хотод 43 настай
Рик Смит гэгч нэг айл руу дайран орж гал нээжээ. Тэрээр нэггэр бүлийн таван
хүний аминд хүрсэн байна. 65 настай Жоан Синклер, түүний 22 настай ач охин
Британни, найз залуу Рой болон түүний тав, нэг настай хоёр хүүхэд нь балмад
этгээдийн халдлагад амиа алдлаа. Зургаан настай охин нь хүнд шархдаж эмнэлэгт
хүргэгджээ. Алуурчин Рик Смит цагдаа нартай буудалцаж байхдаа шархдаж, эмнэлэгт
очоод амьсгал хураасан байна. Спрингфилд хотоос 50 бээрийн зайтай байдаг
Манчестер хот 350 оршин суугчтай. Сүүлийн 50 жилд тус хотод нэг ч аллага гарч
байгаагүй амар тайван хот байжээ.
No comments:
Post a Comment