Орос, Япон хоёр энхийн
гэрээ байгуулна
Орос, Японы лидер
Владимир Путин, Шинзо Абэ нар энхийн гэрээ байгуулах шийдвэр төгс байгаагаа
зарлалаа. Хоёр талын харилцааны идэвхтэй хөгжилтэй зэрэгцэн энхийн гэрээний үйл
явцыг хэлэлцэж байх ёстой хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэв.
“Дэлхийн II дайн дуусаад 67 жил өнгөрч байхад Орос, Японы
хооронд энхийн гэрээ байгуулаагүй байгаа
нь хэвийн бус нөхцөл байдал гэдгийг хоёр улсын удирдагч хүлээн зөвшөөрлөө. XXI зуунд Орос-Японы түншлэлийг өргөжүүлж, хоёр
улсын харилцааг цаашид хөгжүүлэхийн тулд яриа хэлэлцээний хүрээнд зөрүүтэй байр
сууриа арилгаж, энхийн гэрээ байгуулахын чухлыг хоёр улсын тэргүүн илэрхийллээ”
хэмээн Владимир Путин, Шинзо Абэ нарын хамтарсан мэдэгдэлд онцолжээ. Кремлийн
лидер Японы Ерөнхий сайдтай хэлэлцээ хийснийхээ дараа хэвлэлийн бага хурал дээр
мэдэгдэхдээ “Мэдээж бид энхийн гэрээний асуудлыг хөндөж ярилцсан. Гадаад
хэргийн яамдад харилцаа холбоогоо идэвхжүүлж, энэ асуудлыг шийдэх харилцан
ашигтай хувилбарыг боловсруулах даалгавар өглөө” гэв. Уулзалтын төгсгөлд
гаргасан хамтарсан мэдэгдэл нь энхийн гэрээ байгуулахад чиглэгдэж байгааг
тэрээр цохон тэмдэглэсэн юм.
Шинзо Абэгийн ОХУ-д
хийсэн айлчлалын үеэр талууд өнөөг хүртэл баталсан бүх баримт бичиг дээр
үндэслэн энхийн гэрээ байгуулах гэрээ хэлэлцээг хөхиүлэн дэмжихээр болжээ.
Японтой эдийн засгийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлснээр энхийн гэрээ
байгуулах угтвар нөхцөлийг бий болгоно хэмээн Москва үзэж байна.
Японы Ерөнхий сайд
Шинзо Абэ Москвад болсон дээд хэмжээний уулзалтын үр дүнг өндрөөр үнэлэв. Энхийн
гэрээ байгуулах асуудлаар Оростой гэрээ хэлэлцээгээ түргэсгэх шийдвэр гаргасан
нь том ололт болж байгаа аж. “Энхийн гэрээ байгуулах хэлэлцээ сүүлийн хэдэн
жилд гацаад байсан. Гэвч энэ уулзалтаар эдгээр яриа хэлэлцээг сэргээх нь чухал
гэдэг дээр санал нийллээ. Энэ бол том амжилт” хэмээн Японы Засгийн газрын
тэргүүн мэдэгджээ. Шинзо Абэ энэ асуудлыг бие даан хариуцаж, хамаг хүчээ
дайчилна хэмээн онцлов.
Орос, Японы харилцаа газар
нутгийн шийдэгдээгүй маргааны улмаас сүүдэртсээр ирсэн юм. Япон улс 1855 оны хоёр
талын Худалдаа, хил хязгаарын гэрээний дагуу Курилийн дөрвөн арлыг (Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи) авах ёстой хэмээн үзсээр байна. Арлуудыг буцааж өгвөл энхийн
гэрээ байгуулна хэмээн Токио болзол тавьсан ч дэлхийн II дайны дараа ийм гэрээ байгуулагдсангүй. Өмнөд
Курилийн арлууд дэлхийн II
дайны явцад ЗХУ-ын
мэдэлд орсон, Орос улс олон улсын зохих эрхийн дагуу уг арлууд дээр бүрэн эрхээ
тогтоосон тул хууль эрх зүйн талаасаа ямар нэг эргэлзээ байхгүй гэсэн байр
суурин дээр Москва зогссоор байна.
No comments:
Post a Comment