Monday, April 15, 2013




НАТО Афганистан дахь хар тамхины дайнд ялагдлаа

“Нөхцөл байдал сэтгэл түгшээж байна” хэмээн НҮБ-ын Хар тамхи, гэмт хэргийн эсрэг хороо болон Афганистаны Мансууруулах бодисын эсрэг яамны хамтарсан судалгаанд онцолжээ. Азийн энэхүү орон дахь хар тамхины тариалангийн хэмжээ сүүлийн гурван жил дараалан өсч байна. Афганы 34 мужийн дөнгөж 14 нь намуу цэцгийн (хар тамхи гаргаж авдаг гол ургамал) тариалангаас ангид байсан ч өнгөрсөн жилээс энэ тоо гурваар цөөрч Балх, Фаряаб, Тахар мужид намуу цэцэг тариалах болжээ. Нэг кг нь 122-155 еврогийн үнэ хүрдэг хар тамхины тариалан өөр 12 мужид нэмэгдээд байна. Афганы тариачид, талибууд энэхүү хамгийн өндөр үнэтэй ургамлаас татгалзаж чадахгүй байгаа аж. 2001 онд талибуудыг эрх мэдлээс хөөж гаргасны дараа Афган дахь мансууруулах бодисын тариаланг устгахад олон улсын зүгээс олон зуун сая доллар зарцуулсан ч амжилт олсонгүй. НҮБ-аас мэдэгдэж буйгаар, өнгөрсөн онд дэлхий даяарх мансууруулах бодисын ургацын 75 хувийг Афганистаны газар нутаг дээр хурааж авчээ. 2013 онд энэ үзүүлэлт 90 хувьд хүрнэ хэмээн тооцоолж байна.
Афганистанд тариалж буй намуу цэцгийн тариалангийн гуравны нэгээс илүү хувь нь өмнөд хэсгийн Хельманд, Кандагар мужид байдаг. Тэнд “Талибан”-ы босогчдын гол үүр уурхай байдгаас гадна сүүлийн арван жилд АНУ, Их Британийн цэргийн хүч хамгийн их төвлөрч, татагдаж байсан газар юм. Афганы можахед, душманууд ЗХУ-ын цэргийн эсрэг тэмцэж байх үеэс л хар тамхи, босогчид хоёр гар гараасаа хөтлөлцөн явж ирсэн бөгөөд тэр үед Москвагийн эрх баригчид АНУ-ын Тагнуулын Төв газрыг Афган дахь хар тамхины наймааг өөгшүүлж, душмануудын “Ариун дайн”-ыг санхүүжүүлж байна хэмээн харддаг байв. Тус улс дахь хар тамхины тариаланг түр ч болов зогсоож чадсан цорын ганц хүн нь талибуудын дээд удирдагч мулла Мохамед Омар юм. Тэрээр 2000 онд мансууруулах бодисын тариаланг “Лалын шашны эсрэг зүйл” хэмээн лүндэн буулгаж хориглосон ч нэг жилийн дараа тариалан дахиад сэргэжээ.
Олон улсын хамтын нийгэмлэг Афган дахь намуу цэцгийн тариалангийн эсрэг тэмцэлдээ ганцхан 2008 онд л амжилт олсон байдаг. Тухайн үед Афганистаны эрх баригчид дэлхийн улс орнуудын тусламжтайгаар 157 мянган га газрын хар тамхины тариаланг өөр жимс ногооны тариалангаар солиход дэмжлэг үзүүлсэн билээ. Гэвч энэхүү хөтөлбөр нэг жил амжилттай хэрэгжсэний дараа авлига, хээл хахуулийн давалгаан дунд замхарч, жил ирэх тусам хар тамхины тариалангийн хэмжээ нэмэгдсээр иржээ. Хельманд мужид намуу цэцгийн тариалалт нэмэгдсээр 157 мянган га-д хүрэх дөхөөд байна. Сүүлийн хэдэн жилд тариалан нэмэгдэхийн хэрээр дэлхийн улс орнуудын тусламж, дэмжлэг үзүүлэх сонирхол нь буурчээ. Хандивлагч орнууд Афган дахь хар тамхины эсрэг тэмцэлд 8.4 сая еврогоор туслана хэмээн амласан ч үүндээ хүрсэнгүй, дөнгөж 230 мянган евро хандивлаад байна.
Афганистан улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 15 хувийг хар тамхины наймаанаас бүрдүүлж байгаа аж. НАТО тус улсаас цэргээ гаргаж дуусах 2014 онд энэ хувь улам өснө хэмээн НҮБ сануулж байна. Олон улсын цэргийн хүчин Афганыг орхин гарах цаг ойртсон энэ үед Афганистаны цэрэг, цагдаад аюулгүй байдлыг шилжүүлж өгөх бэлтгэл ажилд хамаг анхаарлаа хандуулж байна. Хар тамхины эсрэг тэмцэл өөр бусад олон асуудлын адил хоёрдугаар зэрэгт тавигдаад байна.

"АВС"

No comments:

Post a Comment