Monday, April 1, 2013







Бирмд сургуульд гал гарчээ

Бирмийн нийслэл Рангун хотын лалын сургуульд гал гарч хүүхэд голдуу 13 хүн амиа алдлаа хэмээн хотын цагдаагийн газраас мэдээлэв. Юунаас болж гал гарсныг шалгаж байна. Гал шөнө гарсөн бөгөөд энэ үеэр сургууль дээр 70 орчим хүн хонож байжээ. Бирм дахь будда, лал шашинтнуудын хооронд мөргөлдөөн дэгдэж 43 хүн амь үрэгдээд байгаа билээ.

Ж.Кеннедийн охиныг Японд суух элчин сайдаар томилов

АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедийн охин Каролин Кеннеди АНУ-аас Японд суух элчин сайдаар томилогджээ. Ерөнхийлөгч Барак Обама ийм шийдвэр гаргасан байна. Каролин Кеннеди 2008 онд Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаанд Б.Обамаг дэмжиж байсан юм. Мөн тэрээр Нью-Йорк мужаас Сенатад сонгогдож байжээ. Каролин Кеннеди нь Жон болон Жаклин Кеннедийн амьд буй цорын ганц хүүхэд нь юм

Загасчдыг далай руу шидсэн бололтой

Бангладешийн зүүн өмнөд хэсгийн Кутуби арлын орчимд далайн дээрэмчид нутгийн 16 загасчныг хороожээ. Бангладешийн тэнгисээс 16 загасчны цогцсыг олсон хэмээн орон нутгийн цагдаагийн газраас мэдээлэв. Долоо хоногийн өмнө 23 загасчин Дакка хотоос 400 км-зайд орших Кутуби арал руу загаслахаар яваад сураггүй алга болсон юм. 16 загасчныг хөл, гарыг нь хүлээд далайд хаясан байхыг олжээ. Дээрэмчид бангладеш иргэдийг амьдаар нь далай руу шидсэн хэмээн үзэж байна.

Энэтхэгт очих жуулчдын тоо буурчээ

Он гарсаар Энэтхэгт зорчих гадаадын жуулчдын тоо эрс буурчээ. Тус улсыг зорьдог эмэгтэй жуулчдын тоо 35 хувиар багассан байна. Энэ нь тэнд хүчингийн аймшигтай хэргүүд байнга гарах болсонтой холбоотой аж. Энэтхэгт очих жуулчдын урсгал нийтдээ 25 хувиар багасаад байгаа аж.
Их Британи, Америк, Канад, Австралийн жуулчид Энэтхэгт төлөвлөсөн амралтаа хойшлуулах нь элбэг байна. Үүний оронд эмэгтэй жуулчид Малайз, Тайланд, Вьетнам зэрэг Азийн өөр орнуудыг сонгож байгаа аж.

Х.Мешаль “Хамас”-ын лидерээр дахин сонгогдлоо

Палестины “Хамас” бүлгийн лидер Халед Мешаль улиран сонгогджээ. 56 настай Х.Мешалийн албан өргөө Катарт байдаг бөгөөд тэрээр Газын зурвасыг хяналтдаа байлгадаг “Хамас” бүлгийг дахин дөрвөн жил удирдахаар боллоо. АНУ, Израиль, Европын холбоо тус бүлгийг террорист байгууллага хэмээн үздэг аж. Халед Мешаль “Хамас”-ын лидерийн сонгуульд дахин оролцохгүй, гэхдээ шинэ лидер тодортол үүргээ гүйцэтгэнэ хэмээн мэдэгдэж байв. Тэрээр 1996 оноос хойш тус бүлгийг удирдаж байна.

Гуантанамод өлсгөлөн зарлаж буй хоригдлуудын тоо 30-д хүрлээ

Гуантанамо дахь Америкийн шоронд өлсгөлөн зарласан хоригдлуудын тоо 30-д хүрчээ. Тэдний 11-ийг нь албадан хооллож байгаа аж. Шоронгийн захиргаа ундны ус өгөхөөс татгалзаж, өрөөний халаалтыг шийдэж өгөхгүй байгаагаас хоригдлууд өлсгөлөн зарлажээ. Мөн Коран сударт хүндэтгэлгүй хандаж байгааг тэд эсэргүүцэж байна. Зарим хоригдол Гуантанамод арван жил болж байгаа ч ямар нэг хэрэгт буруутгагдалгүй хоригдсоор байгаа аж.
Кубын Гуантанамо дахь Америкийн цэргийн бааз дээр байдаг шоронд олон улсын терроризмд сэжиглэгдсэн хүмүүсийг хорьдог. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эл шоронг хаана хэмээн 2009 онд амласан ч хаагдалгүй ажилласаар байна.

Гуравдугаар сард Сирид зургаан мянган хүн амиа алджээ

Өнгөрсөн гуравдугаар сард Сирид зургаан мянган хүн амиа алдлаа хэмээн сөрөг хүчний идэвхтнүүд мэдээлэв. Лондонд төвтэй Сири дахь хүний эрхийг хамгаалах хорооноос гаргасан тооцоогоор, гуравдугаар сард 291 эмэгтэй, 298 хүүхэд, 1482 босогч, Засгийн газрын хүчний 1486 цэрэг амиа алдсан байна. Сөрөг хүчин, Засгийн газрын хүчний хооронд дайн дэгдсэнээс хойш нэг сарын дотор ийм олон хүн амь насаа алдаж байгаагүй аж. Нийтдээ Сирийн иргэний дайнд 70 мянган амиа алдаад байна.

No comments:

Post a Comment