Wednesday, April 3, 2013





Японы электроникийн гигантуудад юу тохиолдов?

Японы электроникийн аварга компаниуд болох Sony, Panasonic, Sharp дэлхийд ноёрхож байсан цаг саяхан. Эдгээр нэрийг бүгд мэддэг байлаа. Гэвч өнөөдөр эдгээр үйлдвэр гүнзгий хямралд орж, жил бүр хэдэн тэрбум долларын алдагдалд орж байна. Японы хүчирхэг компаниуд яагаад ийнхүү уналтад оров оо.
Тус улсын электроникийн үйлдвэрлэлд юу болсон талаар төсөөлөлтэй болохыг хүсвэл Токиогийн метрогоор нэг зорчиход л хангалттай. Нийслэл хотын газар доорх тээвэр өнөөдөр гар утасны 3G сүлжээтэй болжээ. Японд нийтийн тээвэрт гар утсаар ярихыг хориглодог. Тиймээс зорчигчид бараг бүгдээрээ гар утсаараа зурвас илгээсэн шиг явах аж.
Япон иргэдийн бараг 80 хувь нь Apple компанийн iPhone-ийг хэрэглэж байна. Зарим хүн Sony Walkman сонсож явах ч Apple, Samsung-ийн бүтээгдэхүүн элбэг харагдана. Sony компани 2008 оноос хойш анх удаа энэ онд багахан хэмжээний ашигтай ажиллажээ. Panasonic (өмнө нь Matsushita гэдэг нэртэй байсан) есөн тэрбум долларын алдагдал хүлээх нь тодорхой болоод байна. Нөгөө хоёртой нь харьцуулахад харьцангүй жижиг Sharp асар их алдагдалд орсон хэвээр байгаа бөгөөд дорвитой хөрөнгө оруулалт хийхгүй бол дахин нэг жил ч тэсч чадахааргүй болжээ.
Токиод ажилладаг эдийн засагч Герхард Фасолийн үзэж буйгаар, Японы аварга компаниуд дижитал технологийн хувьсгалын улмаас ийнхүү хүнд цохилт амсч байгаа аж. Дээрх компаниуд өнгөт зурагт, радио, кассет тоглуулагч, хөргөгч, угаалгын машин зэрэг электроникийн нарийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ эзэнт улсаа байгуулж байсан. Эдгээр тоног төхөөрөмж нь электроник эд ангиас бүрдэж байсан ч үндсэндээ механик эд ангитай байсан билээ. Гэтэл дижитал технологийн хувьсгал гарч, дэлхийг өөрчилж орхижээ. “Sony Walkman нь жинхэнэ сонгодог жишээ. Түүнд ямар ч компьютерийн программ (software) байхгүй, цэвэр механик төхөөрөмж. Харин өнөөдөр software-тэй загварыг л сонирхдог болж” хэмээн Герхард өгүүлж байна. Японы пүүс, компаниуд өнөөдөр зардал, өртөг багатай орнуудыг сонгон үйлдвэрлэлээ явуулах болжээ. Эс бөгөөс ашиг гэж бараг гарахгүй байгаа аж. Apple компанийг харахад л хангалттай. iPod, iPhone-ийг Хятадад үйлдвэрлэж байгаа ба эдгээр бүтээгдэхүүн компанийн нийт ашгийн 50 хувийг өгдөг байна. Гэвч нэг iPhone-ийн үнэлгээний дөнгөж гурван хувь нь Хятадад үлдэж байгаа юм.
Sony, Panasonic компанийн удирдлага үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Харин Hitachi корпорацийн ерөнхийлөгч, 66 настай Хироаки Наканиши ВВС-д компанийнхаа талаар ярихыг зөвшөөрчээ. Хироаки 2010 онд 100 гаруй жилийн настай Hitachi-ийн удирдлагыг гартаа авахад санхүүгийн байдал нь хүнд болсон байлаа. Х.Наканиши алдагдалд ороод байсан салбаруудаа хааж, зарсан байна. “Дижитал технологи бүгдийг өөрчилж орхисон. Телевизийн салбарт гэхэд л, одоо өндөр чанартай, том зурагт хийхэд нэг чип л шаардагдаж байна. Өөрөөр хэлбэл зурагтыг өнөөдөр хэн ч хийж чаддаг болжээ. Солонгос, хятадууд өнөөдөр бидний урд орчихоод байна” хэмээн Хироаки өгүүлэв.
Өнөөдөр стратегиа сайн боловсруулж, зар сурталчилгаа сайн хийсэн нь бүтээгдэхүүнээ сайн борлуулдаг болсныг тэрээр онцолж байна. Наканишигийн үзэж буйгаар, Японы компаниуд энэ салбар дээр өрсөлдөх чадваргүй байгаа аж.
ХироакиНаканиши Hitachi корпорацийг гол үйлдвэрлэл буюу хүнд даацын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл рүү нь буцаан аваачих шийдвэр гаргажээ. Хий, уурын тоног төхөөрөмж, цөмийн эрчим хүчний үйлдвэр, өндөр хурдны галт тэрэгний үйлдвэрлэлийн салбарт Hitachi компани дэлхийн хэмжээнд өрлсөлдөж чадна хэмээн Наканиши үзэж байна. “Машин механизм үйлдвэрлэж зөвхөн худалдах бус, мөн инженерчлэл, угсралт, төлөвлөлт, зарим тохиолдолд тэр төслөө санхүүжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Энэ цогц үйлчилгээ нь манай хамгийн чухал давуу тал юм” хэмээн тэрээр онцоллоо. Хироаки Наканишигийн стратеги үр дүнгээ өгч эхэлжээ. Hitachi-ийн галт тэрэгнүүд өнөөдөр Их Британийн хот хоорондын өндөр хурдны галт тэрэгний паркийг шинэчлэхээр болоод байгаа аж.
Sony компанийн байдал харьцангуй сайн байгаа бол Panasonic, Sharp-ийнх сайнгүй байна. “Японы компаниуд 60, 70-аад оны үе шиг АНУ-ын компаниудаас суралцах хэрэгтэй байна. Cisco, Oracle зэрэг Silicon Valley-д ажиллаж байгаа компаниуд тун амжиллтай ажиллаж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Япон бол Швейцарь, Англи шиг сайн тархины эх орон. Тэдэнд боловсролын өндөр түвшин, сайн инженерчлэл бий. Үүнийг машин техникийн үйлдвэрлэл, software-д ч ашиглаж болно. Гэвч software Японд хаягдчихсан” хэмээн эдийн засагч Герхард ярилаа.

No comments:

Post a Comment