Яриа
хэлэлцээг эхлүүлэх Сөүлийн саналыг няцаалаа
Хойд
Солонгосын тал Өмнөд Солонгосын “башир заль мэх”-ийг илрүүлж, энхийн хэлэлцээг
эхлүүлэх саналыг няцаалаа хэмээн Пхеньяны мэдээллийн төв агентлаг уламжлав.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе энхийн яриа хэлэлцээг эхлүүлэх санал
дэвшүүлсний дотор өнөөгийн хямралыг хүртэл Өмнөд, Хойд хоёр хамтран хөгжүүлж
ирсэн Кэсоны чөлөөт үйлдвэрлэлийн бүсийн ажлыг сэргээх асуудал байсан юм.
Пхеньяны дэглэм Өмнөдтэй бүх харилцаагаа тасалсны дараа энэ бүсийн үйл
ажиллагааг зогсоосон билээ.
Яриа
хэлэлцээг сэргээх Сөүлийн санал нь олон нийтийн санаа бодлыг угаан сөргөлдөөнд
хүргэсэн, Кэсоны үйлдвэрлэлийн бүсийг хямралд хүргэсэн гэмт хэргээ нуун
дарагдуулах башир арга залиас өөр юу ч биш хэмээн Хойд Солонгосын эрх баригчид
мэдэгдэж байна. Өмнөд Солонгос АНУ-тай цэргийн хээрийн
хамтарсан сургуулиа үргэлжлүүлж, Хойд Солонгосын аюулгүй байдалд шууд
заналхийлсээр байгаа тул яриа хэлэлцээг сэргээх Сөүлийн санал нь хоосон үгнээс
цаашгүй хэмээн Солонгосыг энхийн замаар нэгтгэх хорооны төлөөлөгч үзэж байгаа
аж. Сөүл байр сууриа өөрчилж, сөргөлдөөн, өдөөн хатгалгаас татгалзсаны дараа л
яриа хэлэлцээний тухай ярьж болно, өдөөн хатгалга, яриа хэлэлцээ хоёр
зохицохгүй хэмээн Хойд Солонгосын төлөөлөгч нэмж хэллээ.
Тэр
хооронд, Бээжинд айлчилсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри
Солонгосын хойгийн нөхцөл байдлыг Хятадын талтай нухацтай ярилцжээ. Солонгосын
хойг цөмийн зэвсэггүй бүс нутаг байх ёстой гэдэг дээр Америк, Хятад хоёр санаа
нийлж байгаа хэмээн Ж.Керри мэдэгдэв. Мөн АНУ энэ бүс нутаг дахь пуужингаас
эсэргүүцэн хамгаалах системээ хүчирхэгжүүлэхээс татгалзаж болно гэдгийг Төрийн
департаментын тэгүүн хятадуудад амласан аж. Пентагон пуужингаас эсэргүүцэн
хамгаалах системийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа
тул АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын энэ амлалт зөрчигдөж болно хэмээн “The
New York Times” сонинд бичжээ. Америкууд Хойд Солонгосын заналхийллээс бус, харин
Хятадын өсөн нэмэгдэж цэргийн хүчин чадлын улмаас пуужингийн системээ
хүчирхэгжүүлэх бодолтой байгааг тус сонин онцолсон байна.
No comments:
Post a Comment