Tuesday, April 30, 2013





Суши ид, хүмүүс ээ.. урт наслана

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ бүх дэлхийн хүмүүсийг урт наслахын тулд суши ид хэмээн уриаллаа. “Японд дундаж наслалт маш өндөр байдаг. Энэ нь бидний хэрэглэдэг суши хэмээх хоолтой салшгүй холбоотой” хэмээн тэрээр ОХУ дахь Японы элчин сайдын яаман дээр болсон “Японы амт” найрын нээлт дээр хэлжээ. Найрын үеэр япон тогооч нарын бэлтгэсэн бүх төрлийн япон хоолоор зочдыг дайлсан байна. Суши, сашими, япон чидун жимсний дарс, жимсний цэвэр шүүс,, амттан зэрэг алаглаж байв.
Суши нь төрөл бүрийн аминдэм, бичил элемент, омега-3, уураг, хүлээр баян байдгийн дээр халааж, бүрэн боловсруулалгүй хэрэглэдэг нь ашигтай чанарыг нь өндөр байлгадаг ажээ. Суши зүрх, судас, ходоодны үйл ажиллагааг сайжруулж, оюун ухааны чадварыг нэмэгдүүлдэг. Мөн сушитай хамт иддэг васаби сүмс, цагаан будаа нь эд эсийн исэлдлийн эсрэг бодис агуулдаг тул турааж, урт наслуулдаг байна.

Жон Керри Москвад айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ сарын 7-8-нд Москвад айлчлах гэж байна. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ. Хоёр тал тохиролцсоын үндсэн дээр АНУ-ын дипломат албаны тэргүүн Москвад ажлын айлчлал хийх болсныг зарласан байна. Харин айлчлалын үеэр ямар асуудал хэлэлцэхийг зарласангүй.

Биеэ үнэлэгчдийн нэрийн хуудасны үйлдвэрийг илрүүлэв

Израилийн мөрдөгчид Тель-Авив хотын гудамжаар тархсан биеэ үнэлэгчид болон янхны газруудын нэрийн хуудсыг үйлдвэрлэдэг нууц газрыг илрүүлж, хоёр хүнийг баривчлав. Үйлдвэрийг нэгжих үеэр биеэ үнэлэгчдийн хэдэн зуун мянган нэрийн хуудас гарч иржээ.
Тель-Авив хотын захиргааны шалгагчид гудамжинд сексийн үйлчилгээг сурталчилсан хүмүүсийг зөвхөн торгох эрхтэй байдаг. Биеэ үнэлэгчдийн нэрийн хуудсыг гудамжинд тарааж байгаа хүмүүс нь зөвхөн багахан хөлсөөр ажиллаж буй зуучлагчид байдаг аж. Чухам ямар хүмүүс секс үйлчилгээг санал болгож байгааг мэдэх аргагүй байдаг бололтой.

Мафийн толгойлогчийн хадмыг баривчилжээ

Мексикийн цагдаа “Синалоа” мафийн толгойлогч Хоакин Гусманы хадам эцэг Коронел Баррерасыг баривчилжээ. Түүнийг АНУ-ын Аризона мужтай залгаа хил орчмоос өөр гурван хүний хамтаар буун дуу гаргалгүй баривчилсан байна. Гусманы гурав дахь эхнэрийн эцэг Баррерас “Синалоа” мафид чухал үүрэг гүйцэтгэж, Мексикээс Аризона руу марихуан гаргах ажлыг хариуцдаг байжээ.
El Chapo хочит Хоакин Гузман 1990-ээд оноос хойш “Синалоа” мафийг удирдаж, Мексикээс АНУ-д хууль бусаар оруулдаг хар тамхины гуравныг нэгийг хянадаг байсан юм. Мансууруулах бодисын хамгийн аюултай гэмт хэрэгтэн хэмээн эрэн сурвалжлагдаж байсан түүнийг саяхан баривчилсан билээ.


Францын Ерөнхийлөгчийн зоорьны дарсыг худалдана

Францын Ерөнхийлөгчийн зоорьны 1200 лонх дарсыг худалдаанд тавиад байна. Дуудлага худалдаа энэ сарын 30, 31-нд Парисын Hotel Drouot төвд болох юм. Ерөнхийлөгчийн дарснуудыг 15-2200 еврогоос эхлэн дуудна. “Дарсны худалдаанаас олсон мөнгөөр хямдхан дарс худалдан авч, үлдсэн мөнгийг нь улсын санд оруулна” хэмээн Элисейн ордны мэдэгдэлд онцолжээ. Ерөнхийлөгчийн зооринд хадгалагдаж байсан Бордо, Бургунд, Шампань, Альзас, Луара дарснуудыг сонгон худалдахаар болсон байна. Хамгийн үнэтэй дарс нь 1990 оны Petrus ажээ. 



Зургийн тайлбар: Руман (баруун гар талд) найзынхаа хамт

Руман: Би үргэлж л их ядарсан байдаг

Руман бол Бангладешт өдөрт зургаагаас илүү цагаар ажилладаг таван сая хүүхдийн нэг. Тэрээр гутал ч үгүй, бээлий ч үгүй, дуулга ч үгүй, хамгаалалтын нүдний шил ч үгүйгээр ажилладаг. Бангладешийн нийслэл Дакка хотод 600 орчмоор тоологддог үйлдвэрийн хамгийн хямд ажиллах хүч нь 5-12 насны хүүхдүүд юм. Эдүгээ 12 настай жаалхүү сардаа 12 долларын цалин авдаг. Испанийн “La Vanguardia сонин бангладеш жаалтай уулзаж ярилцжээ.

-Чиний жирийн өдөр яаж өнгөрдөг вэ?

-Ээж ах бид хоёрыг өглөөний зургаан цагт сэрээж, бид усанд орчихоод ажил руугаа явдаг. Орой болтол үйлдвэр дээр ажиллаад гэртээ харьж оройн хоолоо иддэг.  

 -Ямар ажил хийдэг юм?

-Би жижиг сав суулга хийх үүрэгтэй. Том ажилчид бид нарт нимгэн хялтас авчирч бид нар нүддэг. Газар сууж байгаад алхаар нүдэж нүдэж дарга нарын шаардсан хэвэнд нь оруулдаг.

-Чи хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?

-Дөрвөн настай байхдаа хөдөлмөрийн зах зээл дээр гарч, тав хүрээд үйлдвэрт ажиллах болсон. Энэ үйлдвэрт таван жил ажиллаж байна.

-Цалин чинь нэмэгдсэн үү?

-Нэмэгдсэн, өмнө нь дөрвөн долларт ч хүрдэггүй байлаа. Одоо сардаа 12 долларын цалинтай.

-Ажлын хувцас тавьж өгдөггүй юм уу?

-Үгүй, хэзээ ч өгч байгаагүй. Гэрийнхээ хувцастай үйлдвэр дээр ирээд гутлаа тайлаад л ажилдаа ордог.

-Яагаад?

-Энд их тоостой болохоор гутлаа цэвэрхэн байлгах гэж л тэр. Дараа нь сургуульдаа өмсөнө.

-Хэдийд нь сургуульдаа явдаг юм бэ?

-Үйлдвэрийн хажууд саяхан баригдсан сургуульд явдаг. Intervida байгууллагын ажилтан ээжийг ятгасаар байгаад намайг энэ сургуульд явуулах болсон. Тэр эмэгтэй үйлдвэрийн эзэнтэй ярьж, надад үдээс хойш хичээлд явах цаг хагасын чөлөө авч өгсөн юм.

-Тоглох зав гардаг юм уу?

-Нар жаргаж, үйлдвэр дотор харанхуй болохоор гарч тоглодог. Энэ үед бүгд гарч гудамжинд маатаг тоглодог юм.

-Маатаг тоглох дуртай юу?

-Тийм ээ, их дуртай. Гэхдээ бас сургуульд явж, тэнд хоол идэж, дуу сурах дуртай.

-Том болоод юу хийвэл гоё вэ?

-Ажиллаж байгаа үйлдвэрийнхээ эзэн болвол гоё. Манай үйлдвэрийн эзэн над шиг багаасаа л ажил хийж байсан. Би түүний жишээг дагахыг хүсдэг. Тэр 12 настай байхдаа үйлдвэрийн осолд орж нэг хуруугаа тайруулсан гэсэн.

-Чи үйлдвэрийн осолд орж байв уу?

-Үгүй, бараг үгүй. Нэг удаа хажуугийн үйлдвэрт гал гарч бид хурдан гадаа гарах хэрэгтэй болж байсан. Би их жаахан байсан болохоор бусад хүмүүст түлхүүлж унаж байсан ч гадаа гарч аврагдаж чадсан.

-Үйлдвэр дээр чинь осол гардаг уу?

-Нэг удаа найз минь хөлөө гэмтээсэн. Тэр цагаас хойш би ч бас их болгоомжлох болсон.

-Танай үйлдвэрт хэдэн хүүхэд ажилладаг вэ?

-300 орчим хүүхэд ажилладаг.

-Ажлаас чинь хоол өгдөг үү?

-Үгүй, үгүй. Гэрээсээ жаал жуул хоол авчирдаг. Ажил дээр “00” ч, ус ч байхгүй.

-Тэгээд яаж бие засдаг юм бэ?

-Гудамжинд гараад л. Гадаа зөндөө газар бий, ха ха.

-Цалингаараа юу хийдэг вэ?

-Ээждээ өгдөг. Ээж миний цалингаар хоол хүнс, хувцас хунар авдаг.

-Бүтэн сайнд ажилгүй байдаг юм байна. Юу хийдэг вэ?

-Унтдаг. Их унтана даа. Би үргэлж их ядарсан байдаг.

Monday, April 29, 2013

Энэ хүрхрээний зураг ХАмгийн урт, хамгийн үнэтй аялалын зураг шүү... томхийчихнэ биз... Япон Орос гол матераил





Хамгийн урт, хамгийн үнэтэй аялал

Хятадын нэгэн оюутан ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын өвд багтсан 962 газрыг үзэх аялалд гарах гэж байна. Хоёр жил үргэлжлэх аялалын туршид саятан хятад залуу нэгдүгээр зэрэглэлийн онгоцоор нисч, George V, de París, Taj Mahal Bombay зэрэг 5-6 одтой зочид буудалд тухлах аж. Аялалын үнэ 1.2 сая доллар. Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалддаг VeryFirstTo.com компани нэг сарын өмнө энэ аялалыг санал болгохдоо амжилт олно гэж бодсонгүй. Гэтэл хэдхэн хоногийн дотор энэхүү мөрөөдлийн аялалыг 15 хүн сонирхож буйгаа илэрхийлжээ. “Энэ аялалыг зарлахдаа зарагдана гэдэгт итгээгүй. Ер манай бүтээгдэхүүнүүд зарагдахгүй байх нь хэвийн тохиолдол” хэмээн VeryFirstTo.com компанийг үндэслэгч Марсел Нобил “The Guardian” сонинд ярилаа.
Эцсийн эцэст нэрээ нууцлахыг хүссэн адал явдал хайгч нэгэн хятад залуу Хүн төрөлхтний соёлын өвийг хадгалж байгаа 150 орноор аялахаар болжээ. Харин хамгийн аюултай улс орнуудыг орхиж байгаа аж. Үүнээс гадна, мань эр ганцаараа, эсвэл өөр хүнтэй хамт аялахаа шийдэж болно. Аялалын үнэд (1.2 сая доллар) зөвхөн нэг хүний зардал багтаж байгаа юм.
Нэг газарт нэг өдрийг зарцуулах тансаг аялалын “зогсоолууд”-ын дотор Энэтхэгийн Таж Махал, Камбож дахь Анкорын сүм, Египет, Мексикийн пирамидууд, Хятад дахь Хориотой хот, Иордан дахь Петрагийн сүм, Аризонагийн Их Хавцал, Бразил, Аргентины хил дээрх Игуазу хүрхрээ, Лондоны Цамхаг гүүр, Гранадагийн Алгамбра зэрэг алдартай газрууд байгаа аж. Аялалд нэгэн сайн тал байгаа нь нийт үнээс 10 мянган долларыг ЮНЕСКО-гийн Соёлын өвийг хамгаалах санд хандивлаж байгаа юм. Соёлын өвд бүртгэгдэж буй хөшөө дурсгал, байгаль, газар орны жагсаалт жил бүр нэмэгдсээр байдаг билээ. Дэлхийн Соёлын өвд багтсан өв соёлын тоогоор Итали улс (49) тэргүүлж, Испани  (39) удаалдаг. Испанид биет бус соёлын өв хоёр байдаг нь Газар дундын тэнгисийн хоолны дэглэм болон фламенго бүжиг ажээ.

Э.Моралесийг гурав дахь удаагаа Ерөнхийлөгчид нэр дэвшихийг зөвшөөрчээ

Боливийн Үндсэн хуулийн шүүх улс орны Ерөнхийлөгч Эво Моралес гурав дахь удаагаа дараалж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болно гэсэн шийдвэр гаргажээ. Уул нь Үндсэн хуульд нэг хүн хоёроос илүү хугацаагаар Ерөнхийлөшчид өрсөлдөж болохгүй гэж заасан байдаг аж.
Э.Моралес анх 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ. Дөрвөн жилийн дараа Боливт шинэ Үндсэн хууль батлагдаж, тэр жилдээ Ерөнхийлөгчийн сонгууль болж Моралес дахин ялалт байгуулсан юм. Шинэ Үндсэн хуульд хоёроос илүү хугацаагаар дараалж Ерөнхийлөгчид сонгогдож болохгүй гэсэн заалт нь Эво Моралесийн эхний бүрэн эрхийн хугацаанд хамаарахгүй, учир нь энэ нь шинэ хууль батлагдахаас өмнөх явдал хэмээн шүүх үзжээ. Сөрөг хүчин шүүхийн шийдвэрийг эрс шүүмжилж, Боливийн шүүхийн систем Ерөнхийлөгчийн мэдэлд орсон хэмээн үзэж байна. Ерөнхийлөгчийн сонгууль 2014 оны арванхоёрдугаар сард болох юм.

Парагвайн Ерөнхийлөгч цалингаасаа татгалзлаа

Парагвайн Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Орасио Картес төрийн тэргүүний цалингаас татгалзаж буйгаа мэдэгдлээ.Тэрээр Ерөнхийлөгчийн цалинг орон гэргүй, эдгэршгүй өвчтэй хүүхдүүдэд хандивлах бодолтой байна. 56 настай О.Картес дөрөвдүгээр сарын 21-нд болсон сонгуульд 45.8 хувийн саналаар ялалт байгуулсан юм. Тэрээр Парагвайн хамгийн баян хүмүүсийн нэг билээ. Картес тамхи, ундаа, хүнсний 25 том компанийн эзэн ажээ.

Сирийн Засгийн газар сөрөг хүчинтэй хэлэлцээ хийхэд бэлэн

Сирийн эрх баригчид улс төрийн бүх хүчинтэй, тэр тусмаа зэвсэгт сөрөг хүчинтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна хэмээн мэдэгдлээ. Энэ тухай Сирийн Ерөнхий сайд Ваель аль-Хальки мэдэгдсэн байна. “Бид улс төрийн бүх хүчин, олон нийтийн байгууллага, сөрөг хүчин, зэвсгээ хураалгахыг хүсч байгаа зэвсэгт бүлгүүдтэй хэлэлцээ хийхэд бэлэн байна” хэмээн Ерөнхий сайд хэлжээ. Өнгөрсөн даваа гаригт Ваель аль-Халькигийн амь насанд халдсан юм. Дамаскийн төвд түүний цувааг дэлбэлж 10 хүний аминд хүрчээ. Харин Ерөнхий сайд амьд үлдсэн юм.

Хүний эрхтэн наймаалсан эмч нарыг шийтгэв

Косовод хүний эрхтний хууль бус наймаанд орооцолдсон эмч нарыг шийтгэжээ. Европын шүүх таван эмчид найм хүртэлх жилийн ял оноосон байна. Мөрдөн шалгалтын явцад, Косовогийн чөлөөлөх армийн дайчид 1999 оны мөргөлдөөний үед нийслэл Приштина хотын “Медикус” эмнэлгээр дамжуулан олзны хүмүүсийн эрхтэнг зарж, наймаалдаг байсан нь тогтоогдсон юм.

Уулчид Эверестийн орой дээр зодолджээ

Балбад нэгэн ер бусын зодоон болжээ. Европын уулчид, нутгийн хөтөч нар дэлхийн хамгийн өндөр уул Эверестийн орой дээр нанчилдсан байна. Британийн уулчин Жон Гриффит, Швейцарийн Ули Стек, Италийн Симоне Моро нар өөрсдийн замаар өгсөнө хэмээн зөрүүдлэн балбуудтай маргалдаж, шерп хөтөч нар тэдний майхныг мөсөөр чулуудаж, дараа нь уулчидтай нударга зөрүүлсэн аж. Зодооны улмаас нэг уулчин толгойдоо гэмтэл авчээ. Балбууд салж явснаар Европын уулчид дангаараа Эверестээс буусан байна. 




Орос, Япон хоёр энхийн гэрээ байгуулна

Орос, Японы лидер Владимир Путин, Шинзо Абэ нар энхийн гэрээ байгуулах шийдвэр төгс байгаагаа зарлалаа. Хоёр талын харилцааны идэвхтэй хөгжилтэй зэрэгцэн энхийн гэрээний үйл явцыг хэлэлцэж байх ёстой хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэв.
“Дэлхийн II дайн дуусаад 67 жил өнгөрч байхад Орос, Японы хооронд энхийн гэрээ  байгуулаагүй байгаа нь хэвийн бус нөхцөл байдал гэдгийг хоёр улсын удирдагч хүлээн зөвшөөрлөө. XXI зуунд Орос-Японы түншлэлийг өргөжүүлж, хоёр улсын харилцааг цаашид хөгжүүлэхийн тулд яриа хэлэлцээний хүрээнд зөрүүтэй байр сууриа арилгаж, энхийн гэрээ байгуулахын чухлыг хоёр улсын тэргүүн илэрхийллээ” хэмээн Владимир Путин, Шинзо Абэ нарын хамтарсан мэдэгдэлд онцолжээ. Кремлийн лидер Японы Ерөнхий сайдтай хэлэлцээ хийснийхээ дараа хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ “Мэдээж бид энхийн гэрээний асуудлыг хөндөж ярилцсан. Гадаад хэргийн яамдад харилцаа холбоогоо идэвхжүүлж, энэ асуудлыг шийдэх харилцан ашигтай хувилбарыг боловсруулах даалгавар өглөө” гэв. Уулзалтын төгсгөлд гаргасан хамтарсан мэдэгдэл нь энхийн гэрээ байгуулахад чиглэгдэж байгааг тэрээр цохон тэмдэглэсэн юм.
Шинзо Абэгийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр талууд өнөөг хүртэл баталсан бүх баримт бичиг дээр үндэслэн энхийн гэрээ байгуулах гэрээ хэлэлцээг хөхиүлэн дэмжихээр болжээ. Японтой эдийн засгийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлснээр энхийн гэрээ байгуулах угтвар нөхцөлийг бий болгоно хэмээн Москва үзэж байна.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Москвад болсон дээд хэмжээний уулзалтын үр дүнг өндрөөр үнэлэв. Энхийн гэрээ байгуулах асуудлаар Оростой гэрээ хэлэлцээгээ түргэсгэх шийдвэр гаргасан нь том ололт болж байгаа аж. “Энхийн гэрээ байгуулах хэлэлцээ сүүлийн хэдэн жилд гацаад байсан. Гэвч энэ уулзалтаар эдгээр яриа хэлэлцээг сэргээх нь чухал гэдэг дээр санал нийллээ. Энэ бол том амжилт” хэмээн Японы Засгийн газрын тэргүүн мэдэгджээ. Шинзо Абэ энэ асуудлыг бие даан хариуцаж, хамаг хүчээ дайчилна хэмээн онцлов.
Орос, Японы харилцаа газар нутгийн шийдэгдээгүй маргааны улмаас сүүдэртсээр ирсэн юм. Япон улс 1855 оны хоёр талын Худалдаа, хил хязгаарын гэрээний дагуу Курилийн дөрвөн арлыг (Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи) авах ёстой хэмээн үзсээр байна. Арлуудыг буцааж өгвөл энхийн гэрээ байгуулна хэмээн Токио болзол тавьсан ч дэлхийн II дайны дараа ийм гэрээ байгуулагдсангүй. Өмнөд Курилийн арлууд дэлхийн II дайны явцад ЗХУ-ын мэдэлд орсон, Орос улс олон улсын зохих эрхийн дагуу уг арлууд дээр бүрэн эрхээ тогтоосон тул хууль эрх зүйн талаасаа ямар нэг эргэлзээ байхгүй гэсэн байр суурин дээр Москва зогссоор байна.

“Итар-Тасс”

Sunday, April 28, 2013







Цөхөрсөн итали эр цагдаа нарыг бууджээ

Ажилгүй хоцорч цөхөрсөн итали эр Ром хотын төвд хоёр цагдаа болон явган зорчигчийг буудаж шархдуулжээ. Тэрээр ямар нэгэн улстөрчийг алахыг хүсч байснаа хүлээн зөвшөөрчээ. Луижи Преити гэгч этгээд хоёр жилийн өмнө эхнэр хүүхдээсээ салж, ажилгүй болж, хотоос хот дамжин тохиолдлын ажил хийн амьдарч байжээ. Италийн шинэ Засгийн газрын гишүүд тангараг өргөж байх үед Ерөнхий сайдын өргөөний гадаа энэ явдал болсон байна.

Ж.Маккейн: Сирид цэрэг оруулахад бэлтгэх хэрэгтэй

“Сири дахь химийн зэвсгийн нөөцийг хамгаалалтад авахын тулд хэд хэдэн улс Сирид цэргээ оруулахад бэлтгэх хэрэгтэй” хэмээн Америкийн сенатч Жон Маккейн мэдэгдлээ. АНУ-ын цэрэг Сирид орох ёсгүй, харин олон улсын цэргийн хүчин тус улсад нэвтэрч, Сирийн иргэний дайнд оролцож байгаа лалын дайчдын гарт химийн зэвсэг орохоос сэргийлэх ёстой хэмээн тэрээр үзэж байна. “Химийн зэвсгийн нөөц хадгалагдаж байгаа хэд хэдэн цэргийн байгууламж Сирид бий. Энэ зэвсэг жихадистуудын гарт орох ёсгүй” хэмээн 2008 онд Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Маккейн хэллээ. Түүний санал, дуу хоолой АНУ-ын Сенатад нөлөөтэй байдаг ажээ.

Буриадад ойн түймэр дэгджээ

Буриадын тайгад ойн түймэр ширүүсч байна. Тус бүгд найрамдах улсад дөрвөн муж болон Улаан-Үүд орчмын 33.5 га талбайг хамарсан зургаан түймэр бүртгэгджээ. Өнгөрсөн онд Буриадад 730 ойн түймэр гарч 130 мянган га ой тайгыг сүйтгэсэн юм. Энэ оны анхны түймэр Хабаровскийн хязгаарт гарч 13 га ойг хамраад байна. Түймрийг унтраахаар Алс Дорнодын ой хамгаалах авиа баазын ажилтнууд дайчлагджээ.

Кейт Миддлтон, Уильям нар хүүтэй болно

Британийн хэвлэлүүд ирээдүйн хаан ширээг залгамжлагчийн хүйсийг таажээ. Ханхүү Уильямын гэргий Кейт Миддлтон цэнхэр өнгийн хүүхдийн тэрэг худалдаж авснаа сэтгүүлчдэд ярьсан аж. Үүнээс үндэслэн залуу хос хүүтэй болно хэмээн хэвлэлээр таамаглаж байна. Британийн хатан хааны гэр бүл ирээдүйн хаан ширээ залгамжлагчийн хүйсийг зарлахгүй гэсэн билээ. Кейт Миддлтон амаржсаныхаа дараа эцэг эх дээрээ очиж амьдрахаар болсон билээ. Тэрээр хатан хааны гэр бүлээс тусгаар, бие даасан гэдгээ харуулахаар шийдсэн ажээ.
Ханхүү Уильямс энэ зун Их Британийн Агаарын цэргийн хүчний албаа дуусгаж эхнэр хүүхэддээ илүү цаг зав гаргахаар төлөвлөж байна. Тэрээр аврагч нисдэг тэрэгний нисэгчийн алба хашдаг авиа баазынхаа удирдлагад энэ тухай мэдэгдсэн аж.    

15 мянган төрийн албан хаагчийг цомхотгоно

Грекийн парламент төрийн албаны орон тоог 15 мянгаар цомхотгох эрхийг Засгийн газартаа олгожээ. Грек улс гадаадаас хоёр тэрбум долларын ээлжит тусламж авахын тулд шинэ хууль баталж байгаа аж. Шинэ хуулиар, ажлын байрыг насан туршид нь хадгалдаг практикийг халжээ. Төрийн албыг цомхотгох хууль батлагдсаны дараа парламентын ордны гадаа эсэргүүцлийн жагсаал боллоо. Дээрх хууль нь улс орон дахь ажилгүйдлийг улам гааруулж, урьд өмнө байгаагүй гамшгийн түвшинд аваачина хэмээн жагсагчид үзэж байна. Харин Засгийн газар, сахилга батгүй ажилчдыг чөлөөлж, залуу, авъяаслаг мэргэжилтнүүдэд боломж олгосноор төрийн алба хожно хэмээн үзэж байгаа юм.

Японы Ерөнхий сайд Орост айлчилж байна

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Москвад албан ёсны айлчлалаар ирээд байна. Японы Засгийн газрын тэргүүн сүүлийн 10 жилд анх удаа ОХУ-д айлчилж буй нь энэ юм. Тэрээр өчигдөр Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүчний хамтын ажиллагааны сэдвээр санал солилцжээ. “Энэ айлчлал Орос-Японы харилцаанд шинэ түлхэц өгч, энхийн тохиролцооны яриа хэлэлцээний эхлэлийг тавьж болох юм” хэмээн Абэ айлчлалынхаа өмнө мэдэгдэж байв. Либерал Ардчилсан намын лидер Шинзо Абэ 2012 оны арванхоёрдугаар сард Японы Ерөнхий сайдаар томилогдсон юм. Тэрээр 2006 онд энэ албан тушаалд байж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар огцорч байжээ.





Белорусь дампуурлын ирмэгт иржээ

Белорусь улс хуримтлагдсан их өрөө буцааж төлж чадалгүй хүнд байдалд орж, дампуурлын ирмэг дээр ирээд байна. Гарцаагүй байдалд ороод байгаа энэ улс дампуурлаас аврагдахын тулд гурван их наяд доллар хэрэгтэй болоод байна хэмээн эдийн засгийн Financial Times сэтгүүл тооцоолжээ. Харин энэ мөнгийг хаанаас олж авах вэ гэсэн асуулт гарч ирж байна.
Минскийн эрх баригчид эдийн засагтаа бүтцийн гүнзгий шинэчлэл хийхгүй бол дахин зээл олгохгүй хэмээн Олон улсын валютын сан нэлээн дээрээс анхааруулсан билээ. Александр Лукашенкогийн дэглэмийн эсрэг хориг арга хэмжээ хэрэгжүүлж байгаа Европын холбоо нэг гараа сунгаж болох ч зөвхөн улс төрийн системээ ардчилсан болгож өөрчилсөн цагт л туслана гэж байгаа юм. Гэвч Европын сүүлчийн дарангуйлагч болоод байгаа Лукашенкод эдийн засгаа либералчлах ямар ч шинж тэмдэг ажиглагдахгүй байна. Тэр тусмаа сөрөг хүчинд эрх мэдлийн өчүүхэн ч хэлтэрхий олголгүй парламентаас гадна байлгаж, айлган сүрдүүлж, нухчин дарсаар.
Тэгвэл Лукашенкод ямар гарц үлдсэн бэ? Шинжээчдийн үзэж буйгаар, аль дээрээс хийж ирсэн шигээ Москвагийн “гарыг харах” л үлдсэн бололтой. Гэхдээ энэ удаад Орос, Казахстаны хамтаар Гаалийн холбоо байгуулах, эсвэл Оросын агаарын цэргийн баазыг Белорусийн газар нутаг дээр байрлуулах зэрэг нь хангалтгүй ажээ. Александр Лукашенко улс орныхоо бүрэн эрхийг Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд тэр чигээр нь атгуулахаас өөр аргагүй болно хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна.
Колхоз (хөдөө аж ахуйн хамтрал)-ын дарга байсан Лукашенко 1994 онд эрх мэдэлд гарч, коммунист цаг үеийн төлөвлөлтийн систем дээр үндэслэсэн эдийн засгийн загварыг сэргээж, Оростой байгуулсан холбоогоо ашиглан хөнгөлөлттэй үнээр түлш шатахуун авах болжээ. Ийнхүү Белорусь улс Оросын олон бүс нутагт өртөг багатай хэрэглээний бараа нийлүүлэгч, үйлдвэрлэгч болон хувирлаа. Үүний зэрэгцээ Белорусийн ард иргэд Европын холбооноос ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авах чадваргүй хэвээр үлдсэн юм. Лукашенкогийн эдийн засгийн гайхамшиг хэдэн жилийн өмнөөс нурж эхэлжээ. ОХУ Белорусийг сүйрсэн эдийн засгаа засч цэгцэл хэмээн зээл олгож, нефть, хийгээ боломжийн үнээр нийлүүлэх болсон аж. Гэвч диваажин мөнх байж чадсангүй. Эдүгээ Москва Минскт илүү чанга шаардлага тавьж, Белорусийн улсын гол үйлдвэрүүдийг Оросын корпорацуудад давуу эрхтэйгээр хувьчлахын зэрэгцээ Өмнөд Осети, Абхазын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх гэсэн улс төрийн шаардлага тавьж байна.
Александр Лукашенко Белорусийн Ерөнхийлөгчийн сэнтийгээс буух өдөр хоног ойртсон бололтой. Тус улс өрнөд рүү чиг хандлагаа чиглүүлбэл түүний дарангуйлал төгсгөл болох нигууртай. Хэрвээ дорно руу чиглэх юм бол Белорусь аажмаар Оросын нэг муж болон хувирах юм. Энэ тохиолдолд Лукашенкогийн бүгд найрамдах улсын тэргүүний хувь заяаг Кремлийн шууд томилгоогоор шийдэх ажээ.

“АВС”