Филиппиныг хүчтэй шуурга дайрлаа
Филиппины Лейта мужийг хүчтэй хар шуурга дайрсны улмаас
олон мянган хүн амь насаа алдаад байна хэмээн эрх баригчид мэдэгдэв. Далайн
шуурганд 1200 хүний амь үрэгдсэн хэмээн мэдээлж байгаа ч бодит байдал дээр энэ
тоо хавьгүй их байж магадгүй байна. Салхины хурд 80-100 км/цаг, далайн
давалгааны өндөр таван метр байжээ.
Шуурганы хохирлыг арилгах, хүмүүсийг эрж хайх ажиллагаанд
Америкийн цэргүүд тусалж байна. ОХУ Филиппин рүү аврагчид болон хөдөлгөөнт
эмнэлгээ илгээжээ.
Ираны талаарх хэлэлцээ үр дүнгүй өндөрлөв
Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талт хэлэлцээ
Женевт болсон ч үр дүнгүй өндөрлөжээ. Энэ тухай хэлэлцээнд оролцсон Францын
Гадаад хэргийн сайд Лоран Фабиус мэдэгдлээ. Талууд тохиролцоонд хүрээгүй ч
уулзалт талаар болсонгүй хэмээн ОХУ-ын дипломат албаны тэргүүн Сергей Лавров
уламжлав. Олон улсын зургаан зуучлагч болон Ираны хоорондох хэлэлцээний
дараагийн товыг мөдхөн зарлах аж. Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээнд
ОХУ, АНУ, Их Британи, Франц, Хятад, Герман оролцож байгаа юм. Ираныг цөмийн
барилга байгууламжаа бүрэн шалгуулахыг АНУ, Их Британи шаардсаар байна.
“Дэлхийн мисс”-т венесуэль бүсгүй түрүүллээ
Москва хотын Crocus City Hall ордонд болсон “Дэлхийн
мисс-2013” тэмцээнд Венесуэлийн Габриэла Ислер түрүүллээ. Дэд байрт испани
бүсгүй шалгарсан байна. Габриэла 25 настай, 180 см өндөр, телевизэд ажилладаг.
Венесуэлийн бүсгүйчүүд ийнхүү дэлхийн тэргүүн гоо үзэсгэлэнгээр долоо дахь
удаагаа шалгарч байна. “Дэлхийн мисс”-ийн титмийн эзэн 120 мянган доллар болон
дөрвөн сая доллартай тэнцэхүйц шагнал, бэлэг хүртдэг ажээ. Энэ удаагийн
тэмцээнд 86 орны гоо бүсгүй өрсөлджээ.
Колумбийн мафийн толгойлогч Испанид баривчлагджээ
Колумбийн “Урабеньос” мафийн толгойлогч Мануэль Гонсалес
Испанид баривчлагджээ. Тэрээр цагдаа нарын аминд хүрсэн, хар тамхи наймаалсан
хэргээр олон улсад эрэн сурвалжлагдаж байсан юм. Гонсалес Испанид хар тамхи
нийлүүлэх шинэ нүх сүв хайж явсан аж.
Түүний толгойлдог “Урабеньос” мафи Колумбийн хамгийн
аюултай гэмт бүлэглэлийн нэг ажээ. Мануэль Гонсалес 2013 оны есдүгээр сард
цагдаа нартай тулгарч буудалцан нэг цагдаагийн аминд хүрч, өөрөө шархдаад зугтаж
байжээ. Колумбийн мафиуд Испаниар дамжуулан Европт хар тамхи нийлүүлэх нь их.
2012 онд Колумбийн газар нутаг дээр 309 тн кокаин үйлдвэрлэсэн хэмээн НҮБ-ын
илтгэлд онцолжээ.
Япон хоол судлагчдад виз олгоно
Японы Засгийн газар япон хоолны уламжлал, онцлогийг
судлах гэж буй гадаадын иргэдэд визийн хөнгөвчилсөн журам гаргаж магадгүй
байна. Япон хоол хийж сурах гэж буй хүмүүсийн визийг хоёр жилээр сунгах талаар
ярилцаж байгаа аж. Мэргэжлийн тогооч бэлтгэх япон сургуулийг төгссөн гадаад
иргэдэд Японд энэ чиглэлээр мастерт суралцах боломжийг олгохыг япон хоолны
сургуулиудын холбоо Засгийн газартаа уриалсан байна. ЮНЕСКО-гоос ирэх сард
японы уламжлалт гал тогоог материаллаг бус соёлын өвөөр зарлахаар бэлтгэж
байгаа ажээ.
Шинэ жил бүрээр 600 мянган гацуур хулгайд алдагддаг
No comments:
Post a Comment