Tuesday, November 26, 2013





“Кубад өөрчлөлт авчрах цорын ганц сонголт нь ард түмний бослого”

Кубын зохиолч Армандо де Армас хүний эрхийн төлөө тэмцсэнийхээ төлөө шоронд хоригджээ. 1989 онд тэрээр нэгэн хуягийн тусламжтайгаар шоронгоос оргож, 1994 онд Коммунист намын нэгэн түшмэлийн дарвуулт хөлгийг хулгайлан Кубын эргийн харуул, нисдэг тэрэгнээс бултан Мексикийн Кинтана Род хүрчээ. Дараа нь Армандо АНУ-ын Майами хотод очиж суурьшин, Кубын дэглэмийг хүчтэй шүүмжлэгчдийн нэг болсон юм. Тэрс үзэлтэн Армандо де Армас өнөөдрийн Куба орны талаар ийнхүү ярьж байна.

-Рауль Кастрогийн шинэчлэлээс юу хүлээж байна вэ?

-Юу ч биш. Рауль Кастрогийн засаг захиргаа зарим шинэчлэл хийсэн. Гэвч зөвхөн өнгөн хэлбэрийн. “Шүүмжлэгч” хочоороо алдаршсан рэппер Анхель Юниер, “Цагаан хатагтай нар” бүлгэмийн Соня Гарро болон улс төрийн хэдэн арван хоригдол шоронд байсаар. Кубад өөрчлөлт, шинэчлэлт авчрах ганцхан боломж нь ард түмний бослого л болж байна. Засгийн газар ганцхан ийм боломжийг л үлдээсэн. Куба орон Фиделиэс Рауль Кастро руу, дараа нь хүүхдүүд рүү нь шилжих марксист хаант улс болчихлоо. Эрх баригчдын зүгээс дорвитой өөрчлөлт хийх ямар ч хүсэл зориг алга. Кубын дэглэм нь Кастрогийн гэр бүлийн марксист цэргийн хаант улс болсон.

-Ирэх арванхоёрдугаар сарын 2-нд “Гранма” хөлгөөр Кубын эрэг дээр буусны ой тохиож байгаа. Өнөөгийн лидерийн хүү, хурандаа Алехандро Кастро Эспин цол ахина гэж ярьж байна..?

-Тэр цол ахихгүй байх. Энэхүү марксист хаант улсад албан тушаал, цэргийн цол чухал биш, харин хаант гэр бүлд хэн ойр дотно байна вэ гэдэг л чухал. Сексийн боловсролын Үндэсний төвийн дарга Мариэла Кастро Эспин (Рауль Кастрогийн охин) генералаас илүү эрх мэдэлтэй. Фиделийн хүү Антонио Кастро Сото генералтай цэрэг шиг л харьцаж чадна.

-55 жилийн дарангуйллыг дуусгахдаа тэрс үзэл болон цөллөг дахь кубуудын тусламжийг авах ёстой юу?

-Хамгийн тохиромжтой арга нь Кубын Засгийн газар, сөрөг хүчин, цөллөг дахь кубуудыг хэлэлцээний ширээнд суулгах. Энэ гурван багана Куба орныг ардчилалд хүргэж болох юм. Тэдний нэг нь ийм юм болоосой гэж хүсэхгүй байна. Засгийн газар энэхүү энхийн арга замыг олох гарцыг хагас илүү зууны турш хааж боож байна.

-Тэрс үзэлтэн Антонио Родилес “Кубын сөрөг хүчин зөвхөн мэдэгдэж, илчлэх үүрэг гүйцэтгэх бус, улс төрийн хүчин болж бүрэлдэх хэрэгтэй” гэж хэлсэн. Та юу гэж бодож байна?

-Түүний зөв. Гэвч би дахин нэг алхам хийхийг хүснэ. Сөрөг хүчнийхэн мэдээ, мэдээлэл дамжуулагч байхаа больж, мэдээний гол жүжигчид болох ёстой.

-Кубын сөрөг хүчнийг аваад явах шинэ хүмүүс гарч ирж байна уу?

-Цагаан хатагтай бүлгэм байна. Кубын эх оронч холбооны Хосе Даниэль Феррер, Хорхе Луис Гарсия... гээд эрч хүчтэй залуус байна. Тэд олныг хамарсан сөрөг хүчнийг бүрдүүлэх чадвартай хүмүүс.

-АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама саяхан Майами хотод Кубын тэрс үзэлтэн Берта Солер, Гильермо Фариньяс нарыг хүлээн авч уулзахдаа “Вашингтон Кубын талаар баримтлах бодлогоо эргэн харах ёстой” гэж хэлсэн...?

-Тийм ээ, эргэн харах ёстой гэж бодож байна. Кубын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ, Хелмс-Буртоны хуулийг бүрэн хэрэгжүүлэх ёстой. Куба арлыг олон улсын байгууллагуудаас тасалж, ганцаардуулж, сөрөг хүчинд нь илүү туслах ёстой. Жорж Бушийн үед бараг сар бүр Цагаан ордонд Кубын сөрөг хүчний нэг төлөөлөгчийг хүлээн авдаг байсан.

-Кубын олон залуус өсч, хөгжих боломжоор хязгаарлагдмал байх шиг байна?

-Кубын залуу үе бол их тэмцэгч, босогч чанартай. Гэвч яаж босч, тэмцэх ухаанаа олохгүй байна. Өөрөөр хэлбэл, яаж мөнгө олох вэ, яаж амьдрах вэ гэсэн бодолдоо дарагдчихсан. Тэд Засгийн газрыг дэмждэггүй, сөрөг хүчинтэй ч нэгддэггүй. Хэрхэн амьдрах вэ л гэж бодож байна. Энэ залуус нийтээрээ сөрөг хүчин рүү хэлтийвэл өнөөгийн дэглэм төгсгөл болно. Залуусыг нийтээр нь эгнээндээ нэгтгэх нь Кубын сөрөг хүчний даалгавар юм.

No comments:

Post a Comment