Wednesday, November 20, 2013



Зянь Зэминийг баривчлах тогтоол гаргажээ

Бээжингийн коммунист дэглэм Түвдийн ард түмнийг нухчин дарсан, хороосон гэх өргөдөл хүсэлтийг судлан шалгаж байгаа Испанийн Үндэсний шүүх Хятадын Ерөнхийлөгч асан Зянь Зэмин болон тус улсын бусад дөрвөн экс удирдагчийг баривчлах тогтоол гаргалаа. Энэ тухай Испанийн “La Vanguardia” сонинд бичжээ. Зянь Зэминээс гадна 1980 оны сүүлч, 1990 оны эхэн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ли Пен, Хятадын Ардын зэвсэгт цагдаагийн албан дарга Циао Ши, 1992-2001 онд Түвдийн автономит бүс нутгийн Коммунист намын дарга байсан Чэн Киян, 1980-аад оны Хятадын Гэр бүл төвөвлөлтийн сайд Пен Пэлюн нарыг баривчлах тогтоолыг баталсан байна.
Түвдийг дэмжих хороо, Түвдийн соёлын сан Испанийн Үндэсний шүүхэд хандан Хятадын долоон экс удирдагчийн эсрэг гомдол гаргасан аж. Тэрхүү долоон экс удирдагчийн дотор Хятадын экс лидер Ху Жинтао байсан ч шүүхээс түүнийг баривчлах тогтоолыг гаргасангүй. Өнгөрсөн тавдугаар сард шүүгч Исмаэль Морено “Дээрх экс удирдагчдыг баривчлах тогтоол гаргах үндэслэлгүй байна” гэсэн шийдвэр гаргаж байжээ. Тэгвэл шүүгч Анхела Мурильо, Кармен Палома Гонсалес, Хуан Франсиско Мартель нараас бүрдсэн Испанийн Үндэсний шүүхийн зөвлөл Түвдийг дэмжих хороо, Түвдийн соёлын сангийн өргөдлийг хэлэлцээд Хятадын таван экс удирдагчийг баривчлах тогтоол гаргасан аж. Үндэсний шүүх гурван сарын турш өргөдлийг судлан хэлэлцсэний эцэст дээрх хүмүүсийг өргөдөлд шалгахыг хүссэн хэрэгт сэжигтнээр татах үндэслэл байна хэмээн үзжээ.

Хятад, Түвдтэй холбоотой хэргийг Хятадын шүүх, эсвэл Олон улсын эрүүгийн шүүх шүүн хэлэлцэж болно хэмээн үздэг. Түвдийг дэмжих хороо, Түвдийн соёлын сан Хятадын эрх баригчид Түвдийн ард түмнийг хоморголон устгасан, нухчин дарсан хэмээн Испанийн шүүхэд хандсан юм. Тус шүүх энэ хэргийн талаарх гомдлыг хүлээн авч хэлэлцээсээ өмнө Түвдүүдийг хоморголон устгасан хэргийг шүүн хэлэлцэх эрх чадвартай хэмээн өөрийгөө тодорхойлсон юм. Гомдол гаргагчид “Хятадын эрх баригчид 1980-аад оны сүүлч, 90-ээд оны эхээр Түвдийн ард түмний эсрэг ерөнхий, системчилсэн бодлого явуулж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн” хэмээн шүүхэд гомдол гаргасан аж. Дээрх хоёр байгууллагаас гадна нэг хувь хүн Испанийн Үндэсний шүүхэд гомдол гаргасан юм. Гомдол гаргасан хувраг Түвдэн Ванчин нь Испанийн иргэншилтэй учраас Үндэсний шүүх энэ гомдлыг хэлэлцэн өөрсдийн шийдвэрийг гаргажээ.

No comments:

Post a Comment