Monday, November 11, 2013



Конгын эрх баригчид босогчидтой “энхийн гэрээ” байгуулахаас татгалзав

Конгын бүгд найрамдах ардчилсан улсын эрх баригчид ялагдлаа хүлээн зөвшөөрсөн М23 босогчдын бүлэгтэй гэрээ байгуулахаас татгалзжээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслол 11-нд Угандад болох байсан ч Конгын Засгийн газрын төлөөлөгчид ирээгүй аж. Гэрээнд зуучилж буй Уганда улс баримт бичгийг “тунхаглал” гэж нэрлэхийн оронд “зөвшилцөл” гэсэн байсан нь ийнхүү татгалзахад хүрсэн бололтой.
М23 босогчдын бүлэг 2013 оны арваннэндүгээр сарын эхээр Конгын Засгийн газрын эсрэг хийж буй дайнд ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн юм. Тэд зэвсэгт тэмцлээ орхиж, улс төрийн аргаар ашиг сонирхлоо хамгаална хэмээн амлажээ.

Дүрвэгсдийн хуарангаас босогчдыг элсүүлж байна

Сирийн босогчид Иордан дахь дүрвэгсдийн хуарангаас эгнээгээ зузаатгаж байна хэмээн Associated Press агентлаг мэдээлэв. “Сирийн чөлөөлөх арми”-ийн гишүүд чанга яригчтай дүрвэгсдийн хуаранд чөлөөтэй нэвтэрч, залуусыг дайчлан авч явж байгаа аж. Иорданы газар нутаг дээр байдаг Затари дүрвэгсдийн хуарангаас сүүлийн долоо хоногт 125 залуусыг эгнээндээ нэгтгэсэн байна. Иорданы эрх баригчид энэ талаар ямар нэг тайлбар өгөхөөс татгалзжээ.

Өршөөлийн хууль батлагдсангүй

Тайландын парламент экс Ерөнхий сайд Таксин Чинаватыг эх орондоо буцаж ирэх боломжийг олгох байсан бүх нийтийн өршөөлийн хуулийг батлахаас татгалзжээ. Үүний дараа Бангкок хотод эсэргүүцлийн жагсаал болж, эмх замбараагүй байдал үүссэн байна.
Таксин Чинават авлигын хэргээр Тайландын шүүхээс эчнээ ял сонсоод байгаа билээ. Эдүгээ Тайландын Засгийн газрыг түүний дүү Йинглак Чинават толгойлж байна. Сөрөг хүчнийхэн ирэх баасан гаригт томоохон жагсаал хийхээр төлөвлөжээ. Ерөнхий сайд Таксин Чинават долоон жилийн өмнө цэргийн эргэлтийн улмаас албан тушаалаасаа зайлуулагдсан юм. Тэрээр хоригдох ялаас зайлсхийж гадаадад амьдарсаар байна.

Украин бизнесмэнүүд Ерөнхийлөгчтэй уулзахыг хүсчээ

Украины бизнесмэнүүд Ерөнхийлөгч Виктор Януковичтэй яаралтай уулзах хүсэлтээ илэрхийлжээ. Украины үйлдвэрлэгчид, бизнесмэнүүдийн холбоо болон Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран төрийн тэргүүнд захидал бичсэн байна. Сүүлийн үед Оростой худалдааны харилцаа муудсаны улмаас украин бизнесмэнүүд ихээхэн хохирол амсах болсон нь үүний шалтгаан болсон юм. Энэ оны эхний есөн сард Украины машин үйлдвэрлэлийн салбар 13.6, химийн үйлдвэрлэл 19.6 хувиар буурчээ.
В.Янукович энэ сарын 9-нд Москвад очиж Ю.Путинтэй уулзсан юм. Энэ уулзалтаар хоёр талын худалдаа, эдийн засгийн асуудлаар ярилцсан ч үр дүнг нь хараахан мэдээлээгүй байна.

Хааныг лоолиор нүүлгэсэн этгээд шийтгүүлэв

Голландын хаан Виллем-Александрыг улаан лоолиор нүүлгэсэн “Өөр Орос” намын идэвхтэн Денис Кудрявцев “Жижиг танхай”-н хэргээр шийтгүүлжээ. Москвагийн шүүхээс түүнийг 15 хоног хорих ялаар шийтгэжээ. Оросын иргэн Александр Долматов Голландаас улс төрийн орогнол хүссэн ч татгалзсан хариу сонссоныхаа дараахан Роттердамын шоронд нас барсан юм. Энэ үхэлд Голландын эрх баригчид буруутай гэж үзсэн Кудрявцев хаан Виллем-Александр руу улаан лооль шидсэн аж.

98 настай реппер эмээ зодог тайллаа

Шведийн реппер эмээ Грета Сегерсон 99 насныхаа босгон дээр шоу-бизнесийн замналдаа цэг тавьж буйгаа зарлав. Дэлхийн хамгийн хөгшин реппер алдрыг хүртсэн Грета 2006 онд хөгшчүүдийн шинэ жилийн цэнгүүн дээр репперийн замналаа эхлүүлсэн юм. “Би иймэрхүү үдэшлэг дээр орос, герман хэл дээр дуу дуулдаг байсан. Дараа нь үүнээсээ залхаж орхисон ч үргэлжлүүлээч гэсэн хүсэлт их ирдэг байлаа. Тэгээд дуу дуулахын оронд үглэе гэж бодсон” хэмээн швед эмээ ер бусын түүхээ өгүүлж байна.
Ийнхүү Грета эмээ 93 насандаа орон нутагтаа төдийгүй Youtube-ийн од болж, энд тэнд урилгаар тоглох болжээ. Эмээ хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө сүүлчийн удаа үглэж дуулаад зодог тайлсан байна. Арванхоёрдугаар сард Грета эмээ 99 нас сүүдрийг зооглох юм. 

No comments:

Post a Comment