Wednesday, November 6, 2013



“Еврей, арабууд хамт ажиллаж, хамт амьдрах ёстой гэж Моше Даян хэлдэг байсан”

Москвад болсон Mercedes-Benz Fashion Week моодны долоо хоногт Израилийн домогт генерал, Батлан хамгаалахын сайд асан Моше Даяны гэргий Рут Даян хүндэт зочноор уригдсан юм. Рут эдүгээ 97 настай ч олон нийтийн үйл ажиллагаанд оролцсоор байна. Тэрээр домогт генерал нөхрийнхээ, еврей-арабын харилцааны талаар “Известия”-д ярьж байна.  

-Та яаж яваад моод хөөцөлддөг төрийн мэдлийн Maskit компанийн тэргүүн болчихсон юм бэ?

-Би энэ салбараас даанч хол хүн байлаа. Хөдөлмөрийн яаман дээр мэргэжлийн сургалтын хэлтэс байгуулж дөнгөж ирсэн хүмүүсийг газар боловсруулах, тариа ногоо тарих эрдэмд сургаж байлаа. Гэтэл нэг жил ургацаа бараг бүтэн алдаж, нөгөө хэлтэс ажилгүй болсон. Тэр хүмүүсээр ямар нэг юм хийлгэхийн тулд хувцас оёх улсын компанийг байгуулах санаа сэдсэн. 60 жилийн өмнө шүү дээ, еврей үндэстнүүд дэлхийн өнцөг булан бүрээс ирж цуглаж байсан цаг. Тэр хүмүүст мөнгө олж, гэр бүлээ тэжээх боломж олгох л зорилготой байсан. Тэгээд 22 орноос ирсэн хүмүүсийг цуглуулж энэ компанид ажиллуулсан. Өөрсдийн үндэсний өнгө, дизайныг бүтээгдэхүүнд шингээж, зааж сургадаг мэргэжилтнүүд дороо л гараад ирсэн. Багдадаас ирсэн нэг хүн оёхын зэрэгцээ худалдаа арилжааг санаачилж, оёсон хувцсаа Англи, Франц, Марокко руу гаргадаг боллоо. Ингэж өгсөж явсаар манай брэнд дэлхийд нэртэй болсон доо.

-Та бүхий л амьдралаа еврей-арабын хэлэлцээнд зориулсан, арабаар чөлөөтэй ярьдаг. Яагаад ингэж явах болов?

-Би Иерусалимын араб хэсэгт нь төрсөн хүн. Ээж минь хүүхдийн цэцэрлэгт араб хэл дээр хичээл заадаг байлаа. Тиймээс би нөхцөл байдлыг сайн мэднэ. Израилийг аль ч талаас нь сайн мэднэ. Би улс төр оролддоггүй, улс төрийн туйлын үзэл бодлоос зайлсхийдэг хүн. Харин охин Яэль маань долоон жил Кнессетэд депутат байсан, Тель-Авив хотын дэд дарга байсан улстөрч хүн.
Би бол хүнийг л сонирхдог. Хөгжимд хил хязгаар байдаггүй шиг моодны ертөнцөд ч үндэстэн ястнаар нь хуваах зүйл байдаггүй. Манай агентлагт Назаретийн араб мэргэжилтнүүд бий. Өөр шашин, өөр үзэл бодол тэдэнд саад болдоггүй. Нийтлэг хүмүүнлэг үнэ цэнэ, хамтын хөдөлмөр, зорилго дээрээс яриа, хэлэлцээ үүсдэг. Би тэр энхийн хэлэлцээний үндэс суурийг тавьж өгөхийг хичээдэг дээ. Жишээ нь, би Хүүхдийн зүрхний төвийн олон нийтийн зөвлөлийн тэргүүн. Манай төв долоо хонгт нэг удаа Саудын Араб болон Газын зурвас, Баруун эргийн хүүхдүүдэд хагалгаа хийдэг. Төвд еврей ч, араб ч эмч ажилладаг.

-Таны үзэл бодол таны нөхөр Моше Даяны явуулж байсан бодлоготой давхацдаг байсан уу?

-Тэр хэдийгээр цэргийн өндөр албаны хүн байсан ч еврей, арабуудад хамт ажиллаж, амьдрах боломжийг заавал олгох ёстой гэж үздэг байсан. 1967 онд Зургаан өдрийн дайны дараа Яффын хаалгыг нээх тушаалыг анх өгсөн хүн нь Моше байсан юм. Ингэснээр Зүүн Иерусалимын араб иргэд Иерусалим руу орж, бид ч элдэв саадгүйгээр Хуучин хот болон бусад байшин барилгад хүрэх боломжтой болсон юм.  

-Та Палестины чөлөөлөх байгуулагын лидер Ясир Арафатын бэлэвсэн гэргий Суха Арафатын ээж, Палестины яруу найрагч Раймонд Тавилтэй бүх насаараа нөхөрлөж байгаа. Эдүгээ Ясир Арафатыг полонигоор хордуулсан гэж ярих боллоо...?

-Түүнийг хордуулаагүй байх аа. Тэр хүнд өвчтэй байсан. Арафат онгоцны ослоос ганцаараа амьд үлдсэний дараа эрүүл мэнд нь хурдан муудсан. Тэр үед Ясир олон гэмтэл авч, 13 цагийн турш Сахарын ойд тусламж хүлээж хэвтсэн юм. Энэ бүгд түүний биеийг муутгасан юм. Раймонд бид хоёр хамтдаа дурдатгал ном бичиж байгаа, мөдхөн олны хүртээл болно.

-Саяхан Волгоградад болсон халдлагын дараа Израилийн туршлагаар террористуудын орон гэрийг нь устгах санал гарч ирж байсан. Таны нөхөр Израильд анх энэ тактикийг санаачилж байсан. Энэ ер нь хэр үр дүнтэй арга вэ?

-Энэ талаар мэргэжилтнүүд надаас илүү ярих биз. Гэвч Израилийн тусгай албад террористуудыг эрж хайх, нэгжих, зохион байгуулагч, ивээн тэтгэгчдийг нь илрүүлэх, хамаатан садныг шийтгэх гээд цогц арга хэмжээ авдаг байсан. Тэднээс өрсөх, террорист ажиллагаанаас сэргийлэх нь хамгийн чухал байсан юм.

No comments:

Post a Comment