“Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлого төгсгөл боллоо
Хятадад нэг гэр бүл нэгээс илүү хүүхэдтэй байхыг зөвшөөрч,
улс төрийн хоригдлууд ял эдэлдэг засан хүмүүжүүлэх төвүүдийг татан буулгах
болсныг эрх баригч Коммунист нам зарлалаа. Мөн Бээжингийн дэглэм цаазаар авах
ял оноодог гэмт хэргүүдийг алхам алхмаар цөөлөх бодлого баримталж байна. Энэ
бүх шийдвэрийг энэ сарын 9-12-нд болсон намын Төв хорооны лидерүүдийн
хуралдаанаас гаргажээ.
Эхнэр, нөхрийн аль нэг нь айлын ганц хүүхэд бол тухайн
гэр бүл хоёр хүүхэдтэй байж болно. Ийнхүү хүн амын огцом өсөлтийг хязгаарлахын
тулд 30-аад жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн нэг хүүхдийн бодлого төгсгөл болж
байна. Энэ бодлогын улмаас дөнгөж төрсөн хэдэн арван мянган охин хүүхэд “амь
насаа алдаж байсан” юм. Учир нь эрэгтэй хүүхдийг эрхэмлэдэг тариачдын хүчтэй
уламжлал үүнд нөлөөлж байсан. Улмаар Хятадын хүн ам дотор эрчүүд,
эмэгтэйчүүдийн тэнцвэрт байдал асар ихээр алдагдсан билээ. Гэхдээ улс орон гэр
бүл төлөвлөлтийн үндсэн бодлогоо хадгалж үлдэх бөгөөд нэг хүүхдийн бодлогод
шатчилсөн өөрчлөлт, тохируулга хийгээд явах аж. Хоёр хүүхдийг зөвшөөрөх шинэ
зарчим нь залуу хятад гэр бүлд нааштайгаар нөлөөлнө хэмээн үзэж байна.
Дэлхийн нийтийн шүүмжлэлд хамгийн ихээр өртдөг
интернэтийн хяналт шалгалтын орчинд өөрчлөлт орохгүй бололтой. Харин ч
удирдагчдын чуулганаар “Олон нийтийн санаа бодлыг хянах, интернэт дахь гэмт
хэргийн эсрэг кампанит ажлыг сайжруулах” тухай мэдэгдэл гаргасан аж.
Засан хүмүүжүүлэх төвүүдийг татан буулгах, цаазын ял
оноодог гэмт хэргийг цөөлөх нь хүний эрхийг хамгаалах үйлсийг сайжруулах, мөн
засан хүмүүжүүлэх, шийтгэх системийг хөнгөвчлөх, дахин гэмт хэрэгт татагдахаас
сэргийлэх зорилготой юм. Мөн тамлан зовоох аргаар гэмт хэрэг хүлээлгэхийг
хориглох, шүүх чигч, шударга байх, хууль бусаар олж авсан баримт нотолгоог
хүлээн зөвшөөрөхгүй байх тал дээр тууштай ажиллахаар болжээ.
Хүний эрхийг хамгаалдаг өмгөөлөгч, хуульчид хавчлага,
мөрдлөгөд өртдөг байдлыг таслан зогсоох гэнэ. “Хууль ёсны эрх, иргэдийн ашиг
сонирхлыг өмгөөлж хамгаалдаг хуульчдийг төр хамгаалах болно” хэмээн Коммунист
намын мэдэгдэлд онцолжээ.
Олон улсын хамтын нийгэмлэг, хүний эрхийн байгууллагууд
Хятадын Засгийн газрыг улс төрийн хоригдлуудыг ямар ч шүүхгүйгээр хорьж, засан
хүмүүжүүлэх ажил хийлгэдэг, цаазаар авах ялыг өргөн хэрэглэдэг, нэг хүүхэд
бодлогын хүрээнд үр хөндөх, хүчээр үргүй болгох явдлыг хавтгайруулсан хэмээн
шүүмжилдэг билээ. Хятад нь цаазын ялын тоогоор (Amnesty International байгууллага үзэж буйгаар жилд гурван мянган цааз гүйцэтгэдэг) дэлхийд тэргүүлдэг. Бээжингийн эрх баригчид энэ талаарх албан ёсны тоо
баримтыг хэзээ ч гаргаж өгч байгаагүй ажээ.
No comments:
Post a Comment