Tuesday, November 5, 2013




Иргэд захиргааны байшинг шатаажээ

Орон нутгийн бизнесмэн зэрлэгээр хороогдсонд уурлан хилэгнэсэн Мексикийн Гуадалупе хотын ард иргэд хотын захиргааны байшинг шатаажээ. Нэг этгээд дэлгүүр дээрэмдэх үеэрээ эзнийг нь буудан хороосон аж. Үүний дараа ардууд хотын захиргааны өмнө жагсаж, гэмт хэргийг оодруулж байгаа эрх баригчдыг буруутгасан байна. Гэвч хилэгнэсэн олны жагсаал ширүүссээр хотын захиргааны байшинг шатааснаар дуусчээ. Энэ үеэр ажил дээрээ байсан хотын дарга арын хаалгаар гарч зугтсан байна. Байшин шатаасан хүмүүсийг хариуцлагад татахаар болжээ.

Уго Чавест үнэнчээ илэрхийлэх өдөр

Венесуэльд Уго Чавест үнэнчээ илэрхийлэх өдрийг бий болгожээ. Эрх баригчдын шийдвэрээр, жил бүрийн арванхоёрдугаар сарын 8-нд энэ өдрийг тэмдэглэх бөгөөд уг баярын албан ёсны нэр нь “Дээд командлагч Уго Чавес болон эх орондоо хайр, үнэнч сэтгэлээ илэрхийлэх өдөр”.
Ерөннхийлөгч Николас Мадуро У.Чавесийн үзэл санааны өв соёлыг сургууль, их сургуульд заах, судлах санал дэвшүүлсэн юм. Мөн командлагч Уго Чавесийн үзэл санааны өвийг судлах эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулж буйг зарласан юм.

Сирийг химийн зэвсгээ нуун дарагдуулсан хэмээн хардаж байна

Сири улс хэдий хэмжээний химийн зэвсэг эзэмшиж байгааг гадаад улс орнууд мэдэх боломжгүй гэсэн дүгнэлтийг АНУ-ын тагнуулын алба хийжээ. Дамаскийн үйлдэл, алхмаас үзвэл, тэд химийн зэвсгээ бүгдийг нь устгахад бэлэн биш, заримыг нь нууцалж авч үлдэж байгаа бололтой. Тагнуулын албаны илтгэлийг Цагаан ордон, Төрийн департамент, Пентагон судалж байна. Гэвч тагнуулын газрын дүгнэлтийг эцсийн үнэн гэж үздэггүй аж. Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчид Сири дахь бүх химийн зэсвгийг шалгаж, лацадсан хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Мөн Сири улс дахин химийн зэвсэг үйлдвэрлэх боломжгүй болсон хэмээн уламжилсан аж.

Хар тамхи зөөдөг шумбагч хөлгийг устгажээ

Колумбийн цагдаа хар тамхи зөөдөг шумбагч хөлгийг илрүүлэн устгажээ. Энэ шумбагч нь босогчдын FARC бүлгийнх бөгөөд ихээхэн хэмжээний хар тамхийг нууцаар зөөдөг байсан аж. 12 метр урт, 3.5 метр өргөн шумбагч хөлгийг баруун өмнөд хэсгийн Нариньо мужийн хүн хүрэхэд хэцүү газраас олжээ. Босогчид энэ шумбагчийг 1.5 сая доллараар худалдаж авсан байна. Ийм шумбагч хөлөг их биеийнхээ ихэнх хэсгийг усанд далд оруулж, радарт өртөлгүйгээр хөдөлж явах чадвартай байдаг. Колумбийн арми, цагдаа өнгөрсөн онд хууль бус наймаанд хэрэглэдэг намйан шумбагч хөлгийг илрүүлэн устгасан юм.

Голланд Оросын ижил хүйстнүүдийг хүлээж авна

Голланд улс Оросын ижил хүйстнүүдэд орогнол олгоход бэлэн байна. Тус улсын Гадаад хэргийн сайд Франс Тиммерманс “Орос улсад ижил хүйстнүүдийн эрхийг зөрчиж байгаа нь тэдэнд орогнол олгох үндэс болж байгаа юм” хэмээн мэдэгдлээ. Орост үйлчилж буй хууль нь ялгаварлан гадуурхах үзлийг дэвэргэж, ижил хүйстнүүдэд таагүй нөхцлийг бий болгож байна хэмээн Тиммерманс Голландын парламент дээр ярьжээ. Голландууд Оросын бэлгийн өөр хандлагатай хүмүүсийг хүлээн авахаас гадна энэ асуудлаар олон улсын зүгээс Орост дарамт шахалт үзүүлэх ёстой хэмээн үзэж байна.

Торонто хотын дарга хар тамхи хэрэглээд “гардуулав”

Канадын Торонто хотын дарга Роб Форд хар тамхи хэрэглэснийхээ төлөө иргэдээсээ уучлал гуйгаад ажлаа үргэлжлүүлэн хийх болно хэмээн мэдэгдлээ. “Намайг зөв ойлгоосой гэж хүсч байна. Би хар тамхи хэрэглэснээ хүлээн зөвшөөрнө. Дахиж ийм алдаа гаргахгүй, хэзээ давтагдахгүй. Би энэ ажлыг хийхээр томилогдсон. Хийх ч болно” хэмээн Форд ярьсан байна.
Тэрээр шөнийн клубт хар тамхи хэрэглэн мансуурч байгаад гарч ирэхдээ папарацци дуранд өртөн “гардуулсан” юм. “Тэр зурган дээр байгаа нөхөр бол хар тамхи хэрэглэсэн Том Форд мөн. Гэхдээ энэ бол нэлээн дээрийн зураг. Тэр цагаас хойш би хар тамхи хэрэглэхээ больсон” хэмээн Торонто хотын дарга мэдэгдлээ.

Билл де Блазио Нью-Йорк хотын дарга


Ардчилсан намын нэр дэвшигч Билл де Блазио Нью-Йорк хотын 109 дэх даргаар сонгогдлоо. Сонгуулийн эцсийн дүн гараагүй ч Билл де Блазио гол өрсөлдөгч, Бүгд найрамдах намын Жо Лотаас 40 хувь илүү санал авсан нь тодорхой болжээ. Ийнхүү Ардчилсан намын нэр дэвшигч АНУ-ын хамгийн том, чухал хотын даргын суудлыг тэрбумтан Майкл Блумбергээс хүлээж авахаар болж байна. Нью-Жерси мужийн захирагчаар Бүгд найрамдах намын Крис Кристи дахин сонгогджээ. Тэрээр 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүний тоонд багтаж байгаа юм. 

No comments:

Post a Comment