Фарид Муттаки: Дайны
гэмт хэрэгтнүүд эрх мэдэлд байж байна
Афганистанд хүний эрх харгисаар зөрчигдөж байгааг
судалгаагаар тогтоож, илтгэл бэлдсэн хүн бол хүний эрхийн идэвхтэн Фарид
Муттаки юм. 2004 онд Кабулын Засгийн газрын шийдвэрээр Афганд Хүний эрхийн
хараат бус комисс байгуулагдсан юм. Муттакийн удирдсан судалгааны дүн 800
хуудас болсон бөгөөд үүнд Афганистаны дайны үеэр гэмт хэрэг үйлдэж байсан
хүмүүсийг нэр устай нь бичсэн аж. Гэвч Кабулын Засгийн газар энэ илтгэлийг нийтэлж,
олонд дэлгэхийг хориглох болжээ. Фарид Муттаки “La Vanguardia” сонинд ярьж байна.
-Бүгд л таны
илтгэлээс айж байх шиг байна. Илтгэлийг ил болговол Афган дахь мөргөлдөөн эргэн
сэргэнэ гэж байна..?
-Тоглогчид нь хэн бэ гэдгээс шалтгаалж санаа бодол өөр
өөр байна. Афганы Засгийн газар эхлээд биднийг дэмжиж байсан ч одоо өөр зүйл
ярьж, энэ илтгэл мөргөлдөөнийг сэргээж, яриа хэлэлцээг зогсоож, талибуудтай
хийж буй энхийн хэлэлцээнд саад болно гэж хэлэх боллоо. Дэлхийн нийт ч
хуваагдчихаад байна. Зарим нь илтгэлийг нийтлэхийг дэмжиж байгаа бол, нөгөө
хэсэг нь шийдэх сонирхолгүй байдаг асуудлыг дахин битгий дэвэргэ гэж байна. Яриа
хэлэлцээ эхлэхийн өмнө ард түмэн үнэнийг мэдэж байх нь чухал хэмээн бид үзэж
байгаа. Эс бөгөөс шударга ёс нь энх тайвны золиос болчихно. Бид юу болж
өнгөрснийг ойлголгүйгээр бүгдийг мартаж өнгөрүүлэх ёстой гэж үү? Ард түмэнд
үнэн, шударга ёс хэрэгтэй. Мартаж өнгөрүүлэх үү, мэдэж ойлгоод, дараа нь уучлах
уу? Илтгэл ил болвол ард түмэн юу болсныг мэдэж, бас нэг мөргөлдөөн үүсэхээс
сэргийлэх болно.
-Гэвч та нар
Засгийн газраа хүнд байдалд оруулчихсан юм биш үү. Улс орны олон сайд, түшмэл
таны илтгэл дээр дурдагдсан гэмт хэрэгт холбогдсон. Илтгэлийг хэрхэн хүлээж
авах бол?
-Энэ чинь асуудал болоод байна. Дэлхийн улс орнууд эдгээр
дайны гэмт хэрэгтнүүдтэй хамтарч ажилласан. Тэднийг хэзээ ч шүүхийн өмнө аваачихыг
хүсээгүй. Дайны хүнд гэмт хэрэг үйлдчихээд эрх мэдэлд байж байгаа хүмүүс байна.
Илтгэлийг битгий хэвлэгдээсэй гэж хүсч буй хүмүүс нь мэдээж тэд нар.
-Эдгээр дайны
гэмт хэрэгтнүүд одоо хаана байна вэ?
-Хаа сайгүй. Ерөнхийлөгчийн албанаас авахуулаад яам,
парламент, дүүрэг, тосгоны удирдлагад хүртэл байна. Дайны ноёд улс орны эрх
мэдэл, эдийн засгийн амьдралыг хянаж байна. Зарим нь авлигад автсан шүүхийн
системд хүртэл шургалсан. Тэд сонинтой, телевизтэй. Олон гэмт хэрэгтэн одоо
болтол үндэсний баатар хэмээн үзэгдсээр байна.
-Та болон таны
баг ямар нэг заналхийлэлд өртсөн үү?
-Анхнаасаа л дарамталж, хавчиж байсан. Гэвч бид
хугацаатай ажил авч, афган түмний өмнө үүрэг хүлээсэн. Одоо илтгэл, баримт
бичиг бэлэн болсон, ширээн дээр байна. “Миний эргэн тойронд байгаа дайны ноёдыг
би хянаж чадахгүй байна” гэж Ерөнхийлөгч Хамид Карзай өөрөө хэлж байсан. Бидний
аюулгүй байдлыг хангаж чадахгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр юу ч болж магадгүй. Бид
багийнхаа гишүүд, гэмт хэргийн золиос болсон хүмүүс, гэрчүүдийн төлөө санаа
зовж байна.
-Та айж байна уу?
-Би хувьдаа айсан юм алга. Үнэнийг хэлсээр байх болно,
яагаад гэвэл энэ нь зөв гэдэгт итгэдэг. Гэвч би ганцаараа илтгэлийг бэлдээгүй
болохоор бусдынхаа төлөө санаа тавих учиртай. Манай багт орж ажиллаж байсан
хүмүүсийн ихэнх нь улс орноосоо гараад явчихсан. Тэд хүний эрх, шударга ёс, энх
тайван, бас афгануудын төлөө ажилласан, тэгээд одоо сүрдүүлгэд орж байна.
-2014 онд
Афганистаныг юу хүлээ байна вэ?
-Афганистан даяараа сэтгэл зовниж байна. Олон улсын цэрэг
гарч явна гэдэг бидний хувьд маш муу мэдээ болж байна. Дэлхийн улс орнууд
тусласаар байна гэдэгт би итгэж байгаа. Гэвч 2014 оноос цааш Афган дахь хүний
эрхийн сайжрахгүй болов уу гэж айж байна. Олон улсын цэрэг гарч явбал хэн
аюулгүй байдлыг сахих болж байна аа гэж хүмүүс асууж байна. Юугаар хамгаалах вэ
гэж байна. Бидний гар хоосон байна. Цагдаа, армийнхан сайн бэлтгэгдээгүй байна.
-Олон улсын
цэргийн хүч Афганистаныг орхивол сүүлийн хэдэн жилд олсон ололт амжилт байхгүй
болно гэж зарим нь хэлж байна..?
-Эдгээр ололт амжилтыг арчилж хамгаалж, авч явах хүмүүс
үргэлж байх болно. Тэд цөөн байж болно, гэвч ололтоо хадгалж, цааш нь аваад
явах чадвартай байх болно. Тийм өөдрөг биш байгаа ч энэ үед өсч өндийсөн шинэ
үе байна, тэд боломжтой бүхнийг хийх болно. Афганууд энэ олон дайн, мөргөлдөөнөөс
залхаад байна.
-Талибууд эрх
мэдэлд эргэж ирэх болов уу?
-Тэд тоглолтын нэг хэсгийг бүрдүүлнэ. Гэхдээ 1994 оны
байдал давтагдахгүй. Зарим нь Засгийн газарт нэгдэж, Үндсэн хуулийг хүлээн
зөвшөөрөх биз. Өмнөх харанхуй, харгис үе эргэж ирэхийг ард иргэд хүсэхгүй
байгаа.
-Олон улсын
хамтын нийгэмлэг Афганистанд ардчиллыг бий болгохын төлөө хүчин чармайлт
гаргасан уу?
-Бид шинэ Үндсэн хууль, парламенттай болсон. Эмэгтэйчүүд
тэнд ажиллаж байна. Охид сургуульд явж, үг хэлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн сайн
орчин бий боллоо. Гэвч хангалтгүй байна. Хийх ажил, уриа дуудлага их байна.
No comments:
Post a Comment