Tuesday, November 26, 2013






Чонотой тэмцэхэд 34 сая рубль гаргана

ОХУ-ын Якутийн бүгд найрамдах улсын эрх баригчид 2014 онд чонотой тэмцэх төлөвлөгөөг батлав. Чонын тоо толгойг зохистой хэмжээнд барих, мал сүргийг чононоос хамгаалах ажилд бүгд найрамдах улсын төсвөөс 34 сая рубль гаргахаар болжээ. 2013 онд энэ зорилгоор 28 сая рубль зарцуулж байсан аж. Ирэх жил Якутийн анчид “Аэрошют” хэмээх хөнгөн нисдэг тэрэг ашиглан чоно агнах санаатай байна. Сүүлийн гурван жилд Яуктад хээрийн боохой 400 сая рублийн хохирол учруулжээ. Энэ нутагт чонын ав хомрогыг байнга зохион байгуулж байхгүй бол тоо толгой, учруулах хохирол нь дийлддэггүй ажээ.

Битлз, Эминема, Бейонс Филиппины төлөө

Өрнөдийн нэртэй дуучид Songs for the Philippines хэмээх буяны цомог гаргаж, орлогыг нь “Хайян” шуурганд өртсөн иргэдэд зориулахаар болов. Цомогт 39 дуу багтжээ. Тэдгээрийн дотор Битлз, Боб Дилан, Жастин Бибер, Леди Гага, Эминем, Бейонс болон бусад алдартнуудын дуу байна. Цомгийн борлуулалтын орлогыг Филиппины Улаан загалмайн нийгэмлэгт хандивлах аж. 20-оод хоногийн өмнө Филиппиныг дайрсан далайн шуурга таван мянга орчим хүний аминд хүрч, олон зуун мянган хүнийг орон гэргүй болгосон юм.

Нью-Йоркийн хүүхдүүдийн 20 хувь нь өлсөж байна

Нью-Йорк дахь таван хүүхэд тутмын нэг нь өлсөж байна хэмээн Өлсгөлөнгийн эсрэг Нью-Йорк хотын холбооны илтгэлд онцолжээ. Тус хотын хүн амын 16 хувь нь хоол тэжээлийн дутагдалд орсны 406 мянга 260 нь хүүхэд байна. Жилийн турш бүрэн хооллож чаддаггүй, боломжгүй гэр бүлд нийт хүүхдүүдийн 21.8 хувь нь амьдарч байгаа гэсэн тооцоо гарчээ. Хотын хамгийн “өлсгөлөн” дүүргээр Бронкс, Манхэттан тодров. Өнгөрсөн онд “Сэнди” хар салхи Нью-Йорк хотыг дайрч ихээхэн хохирол учруулсан нь ийнхүү нөхцөл байдал муудахад хүргэсэн хэмээн илтгэлд бичсэн байна.   

No comments:

Post a Comment