Венесуэльд супермаркетийн сүлжээг улсын мэдэлд авлаа
Венесуэлийн эрх баригчид үнээ буулгахаас татгалзсан
супермаркетийн Daka
сүлжээг улсын мэдэлд авчээ. Daka нь нийслэл Каракас болон Венесуэлийн бусад хотод гэр ахуйн цахилгаан бараа
борлуулдаг томоохон сүлжээ юм. Ерөнхийлөгч Николас Мадуро тус сүлжээг
барааныхаа үнийг буулга, эс бөгөөс бүх барааг нь хураана хэмээн шаардаж байжээ.
Daka-д зарагдаж буй гэр ахуйн барааны үнэ улс оронд зөвшөөрсөн үнээс 10 дахин
их үнэтэй байсан юм. Тус дэлгүүрийн сүлжээг улсын мэдэлд авч, бүх барааг нь
хураасны дараа эздийг нь баривчилжээ.
Үүний дараа хураагдсан бүх барааг цэргийнхний хараа
хяналт дор “шударга үнэ”-ээр борлуулах ажиллагаа эхэлсэн ч эмх замбараагүй
байдал үүсч иргэд барааг тоноод дуусчээ. Үүний улмаас зөвхөн Daka төдийгүй өөр олон дэлгүүр дээрэм, тонуулд өртсөн байна. Венесуэльд инфляц
50 хувьд хүрсэн нь Латин Америкийн орнууд дотроос хамгийн өндөр байгаа юм.
Гаитийн 30 гаруй цагаач амиа алдлаа
Гаити улсын хууль бус цагаачдыг суулгаж явсан хөлөг онгоц
өчигдөр Багамын арлын орчимд сүйрч 30 гаруй хүн амь насаа алдаад байна. 140
хүнтэй хөлөг онгоц усан доорх хад мөргөн сүйрчээ. Багамын арлын эргийн харуулын
аврагчид 110 хүнийг уснаас эсэн мэнд гаргаж авсан байна. Цагаачид АНУ, эсвэл
Багамын арал руу явж байсан бололтой. Ес хоног далайд байсан гаити цагаачид
тэнхээ тамиргүй болсон байв. Аравдугаар сарын сүүлчээр Майами хот орчимд гаити
цагаачдын хөлөг сүйрч дөрвөн эмэгтэй амь
насаа алдсан юм.
Дэлхийн хамгийн ядуу улс гэгдэж буй Гаитийн эдийн засаг
2010 оны нэгдүгээр сарын гамшигт газар хөдлөлтөөс хойш сэхэл авч чадахгүй
хэвээр байна. Уг газар хөдлөлт 225 мянган хүний аминд хүрсэн билээ. Тэр цагаас
хойш гаити иргэд Багамын арал болон АНУ руу хууль бусаар цагаачлах нь эрс
нэмэгджээ.
Улаан талбай дахь Louis Vuitton авдрыг буулгахыг шаардав
ОХУ-ын Төрийн Думын депутат Александр Сидякин Монополийн
эсрэг албаны Москва дахь салбарт хандан Улаан талбай дээр босгосон Louis
Vuitton компанийн аварга авдар буюу моодны ордныг хууль ёсны эсэхийг шалгуулах
хүсэлт гаргажээ. Есөн метр өндөр, 30 метр урт авдар нь Москвагийн соёлын өв
болсон Спасскийн цамхаг, Василийн дуганын царай зүсийг гутааж байна хэмээн
үзжээ. Уг авдар дээр Louis Vuitton компанийн лого төдийгүй Оросын далбааны
гурван өнгийг дүрсэлсэн нь Рекламны тухай хуулийг зөрчиж байна хэмээн “Единая
Россия” намын депутат ярилаа. Louis Vuitton-ий авдрыг даруй буулгахыг тэрээр
шаардаж байна.
No comments:
Post a Comment