Махмуд Жибрил: Дэлхий
нийт Ливийг мартжээ
Хоёр жилийн өмнө ливи иргэд дарангуйлагч Муаммар
Каддафийг эрх мэдлээс түлхэн унагасан ч нөхцөл байдал улам дордсоор байна.
Уржигдар Триполи хотод жагсагчид болон цэрэг цагдаагийн хооронд болсон
мөргөлдөөнд 40 орчим хүн амь насаа алдаад байна. Ливи улс иргэний дайны ирмэг
дээр ирээд байна хэмээн тоймч, ажиглагчид үзэж байгаа аж. М.Каддафийн дараа улс
орныг удирдаж байсан Ерөнхий сайд асан Махмуд Жибрил Ливи дахь нөхцөл байдлын
тухай ярьж байна.
-Ливи дахь нөхцөл
байдал самуунтай, тогтворгүй хэвээр байна. Цэрэг цагдаагийнхан өөрсдийн хуулиа
тулгаж, халдлага, довтолгоо, аллага тасрахгүй байна. Ливийг хэн ийм байдалд
хүргэв ээ?
-Олон улсын хамтын нийгэмлэг. Ливийг битгий орхиоч гэж
бид сануулсаар байтал дэлхийн улс орнууд биднийг орхиод явчихлаа. Цэргийн үүрэг
оролцоогоо өргөжүүлээч гэсэн хүсэлтэд НАТО нааштай хариу өгсөнгүй. Ливийг
нөмрөн ирж байгаа эмх замбараагүй байдлыг сануулсаар байтал АНУ, Европын холбоо
тоосонгүй. Шилжилтийн үед тэд цэрэг зэвсэг байтугай техникийн, зөвлөгөөний тусламж
ч үзүүлсэнгүй. Өмнөх дэглэмийн сайд, түшмэдийн гадаад руу зувчуулсан мөнгийг
Ливид буцааж өгөхөөр болсон ч 200 тэрбум доллар хаашаа орсон нь мэдэгдэхгүй
замхраад алга болсон.
-Ливи улс Алжир
дахь “Аль-Кайда” бүлгийнхний үүр уурхай болсоор байна гэж байна...?
-Үүнд бас дэлхийн улс орнууд буруутай. Каддафийн дараа
бид улс үндэстэн болж бүрэлдэж чадаагүй байна. Маш олон зэвсэгт бүлэг, босогчид
л байна. Төвийн Засгийн газарт захирагдаж байгаа ганц ч хүн алга. Зэвсэгт
бүлгийнхний довтолгоо, халдлагын өмнө бид юу ч хийж чадахгүй байна. Алжир,
Марокко дахь лалын алан хядагчид Ливи рүү зэр зэвсэг зөөж байгаа нь аль хэдийнэ
тодорхой болсон. Аллага, хүчирхийлэл байнга өсч, нэмэгдсээр иржээ. Вашингтон ч,
Брюссель ч хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Өрнөдийнхэн манай улсад дахин цэргээ
оруулах шалтаг хайж байна уу даа л гэж айж байна.
-Ингэж харах ямар
үндэслэл байна?
-Ливи улс алан хядагчдын үүр уурхай боллоо, цэрэг
оруулахгүй бол болохоо болилоо гэж АНУ, Британи нээлттэй мэдэгдсэн. Францын
Гадаад хэргийн сайд Лоран Фабиус ч мөн иймэрхүү зүйл ярьсан. Лалын терроризм нь
цэргээ оруулах хангалттай шалтаг болно.
-Танай улсын
байдал бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байна уу?
-Манай улсын байдал муудвал Египет, Алжирт шууд нөлөөлнө.
Цаашлаад Европын өмнөд хэсэг буюу Испани, Итали, Грект муугаар нөлөөлж магадгүй.
-Яагаад зэвсэгт
бүлгүүд зэвсгээ хураалгахаас татгалзаж байна вэ. Бүгдийг нь үндэсний армийн тугийн
дор нэгтгэж болохгүй гэж үү?
-Тэд зэвсгээ хураалгахгүй байгаа хэд хэдэн шалтгаан
байгаа. Зэвсэгт бүлгүүдийн ихэнх нь Каддафийн үед хавчлага, тамлалд өртөж
байсан. Өмнөх шигээ эрх баригчдын өмнө өмгөөлөл хамгаалалгүй үлдэхийг хүсэхгүй
байгаа. Нөгөө талаар эдгээр зэвсэгт бүлгүүд олон гэмт хэрэг үйлдсэн. Зэвсгээ
хураалгавал энэ хэргийнхээ төлөө шүүгдэж, шоронд орохоос айж байгаа юм. Мөн
Каддафийг түлхэн унагах үеэр олж авсан эрх мэдэл, зэр зэвсгээ тэд алдахыг
хүсэхгүй байна. Ийм байхад нэгдсэн армийн тугийн дор нэгтгэнэ гэдэг бараг
боломжгүй.
No comments:
Post a Comment