Wednesday, November 13, 2013





Хунтайж Чарльз тэтгэвэртээ гарлаа

Их Британийн хаан ширээг залгамжлах хунтайж Чарльз өчигдөр 65 нас хүрч, Британийн хуулиар тэтгэвэрт гарч байна. Тэрээр төрөөс тэтгэвэр авах бичиг баримтаа бүрдүүлж өгчээ. Букингемийн ордноос мэдэгдэж буйгаар, хунтайжийн тэтгэвэр настай хүмүүст тусладаг буяны байгууллагын санд орох ажээ. Хунтайж Чарльзийн тэтгэвэр долоо хоногт 110 паунд байх юм. Энэ нь Хатан хааны флотод алба хааж байсан үеийг нь тооцож нэмэгдүүлсэн тэтгэвэр аж. Хунтайж флотод таван жил алба хаахдаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлж, мөн 1976 онд албаа хааж дуусахдаа сайн дураар татвар төлж байжээ.  
Хунтайж Чарльз нь Уэльсийн хунтайж, Корнуаллын гүн хэргэмтэй тул өв хөрөнгө нь жил бүр 19 сая паундаар нэмэгдэж байдаг. Тиймээс түүнд тэтгэврийн хуримтлал хэрэггүй, ёс төдий зүйл юм. Их Британийн Сангийн яам хунтайж Чарльзийн өв хөрөнгөнөөс зохих татвар төлөгдөж байсан эхэхийг шалгахаар болсон тухай хэвлэлд мэдээлсэн байна.
Хаан угсааг залгамжлагч хунтайж саяхан болсон нэгэн арга хэмжээн дээр, “гол ажил”-аа хийхгүй байсаар байгаад тэтгэвэртээ гарлаа хэмээн хошигножээ. Тэрээр 1952 оноос хойш Британийн хаан ширээг залгамжлагч хэмээх албан ёсны статустай болсноос хойш 62 жил өнгөрч байгаа нь нэг төрлийн рекорд болж байна. Хаан ширээнд суух ээлжээ ийм удаан хүлээсэн хунтайж түүнээс өөр байхгүй ажээ.
Их Британийн хатан хаан II Элизабет 86 нас сүүдрийг зооглоод байгаа ч хаан ширээг мөд тавьж өгөхгүй бололтой. Хунтайж Чарльзийн гэргий, Уэльсийн гүнж Диана 1997 онд Парист автомашины ослоор харамсалтайгаар амиа алдсан билээ. Үүнээс хэдэн жилийн дараа Чарльз нууц амраг нь байсан Камилла Паркер Боулз хэмээх эмэгтэйтэй гэрлэсэн нь британичуудыг хоёр хуваасан юм.
Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэдийн 35 хувь Британийн хаан ширээг Хатан хаан II Элизабетаас шууд ач хүү, ханхүү Уильямд шилжүүлж өгөх ёстой хэмээн үзэж байгаа нь судалгаагаар харагджээ. Хунтайж Чарльз хаан ширээг залгамжилвал түүнтэй сүүлд гэрлэсэн Камилла Паркер Британийн хатан хаан болно. Үүнийг олон британи иргэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.

No comments:

Post a Comment