Sunday, November 17, 2013





Мишель Бачелет эхний шатанд тэргүүлэв

Чилийн Ерөнхийлөгчийн сонгуульд зүүний эвслийн төлөөлөгч Мишель Бачелет хамгийн их санал авчээ. Нийт саналын 87 хувийг боловсруулан дүнг гаргахад Бачелет 46.7 хувийн санал авчээ. Түүний хамгийн ойрын өрсөлдөгч Эвелин Маттеи 25 хувийн санал авчээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат арванхоёрдугаар сарын 15-нд болно. 2006-2010 онд төрийн тэргүүний албыг хашиж байсан Мишель Бачелет хоёрдугаар шатанд хөнгөхөн ялалт байгуулах нь тодорхой байна. Тэрээр дахин Ерөнхийлөгчөөр сонгогдвол эхний 100 хоногтоо нийгэм, эдийн засгийн 50 шинэчлэлийг эхлүүлнэ хэмээн амлажээ.

Японы нисэх хүчин түгшүүр зарлажээ

Японы нисэх хүчний сөнөөгч онгоцууд өчигдөр түгшүүр зарлан агаарт хөөрчээ. Оросын хоёр онгоц Японы агаарын хил орчимд үзэгдсэн нь ийнхүү түргэн авахад хүргэсэн байна. Оросын “Ту-95” сөнөөгч онгоцууд Японы Окинава арлын орчмоор нисч өнгөрсөн хэмээн “Киодо” агентлаг мэдээлэв. Тэд Японы агаарын хилийг зөрчөөгүй аж. Хоёр хоногийн өмнө Японы сөнөөгч онгоцууд мөн л ийм шалтгаанаар түгшүүр зарлан агаарт хөөрч байсан юм.
Япон, Орос хоёр Курилийн арлын улмаас одоо болтол газар нутгийн маргаантай байгаа. Оросууд дэлхийн II дайны төгсгөлөөр уг арлыг эзлэн авч эзэмших болсон билээ. Япон улс арлыг эргүүлэн өгөхийг шаардсаар байгаа ч үр дүнд хүрэхгүй байна.

Казаньд “Боинг 737” сүйрчээ

Зорчигч тээврийн “Боинг 737” нисэх онгоц ОХУ-ын Казань хотын нисэх буудалд газардах үеэрээ сүйрчээ. Нисэх онгоц Москвагаас ирж байсан бөгөөд дотор нь байсан 44 зорчигч, экипажийн зургаан гишүүн бүгд амь үрэгджээ. Уг “Боинг 737” “Татарстан” авиа компанид харъяалагдаж байжээ. Нисэх онгоц Казанийн нисэх буудалд газардах гэж гурван удаа суулт хийжээ. Гэвч хамгийн сүүлчийнх дээр нь элгээрээ газар мөргөн сүйрсэн байна. Мэргэжилтнүүд ослын шалтгааныг шалгаж байгаа бөгөөд техникийн саатал гарсан бахыг үгүйсгэхгүй байгаа юм.

Google, Microsoft хүүхдийн порнографт хориг тавина

Google, Microsoft компани хүүхдийн порнограф болон насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой хууль бус мэдээ, материалын хайлтад хориг тавихаар боллоо. Шинэ шүүлт нь энэ сэдвийн 100 гаруй хайлтад няцаалт өгнө хэмээн Google-ээс мэдэгдэв. Шүүлт, хаалтын шинэ системийг эхлээд англи хэл дээр гаргаж байгаа аж. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон интернэт дахь хууль бус агуулга, материалтай тэмцэхийг интернэтийн компаниудад уриалсан юм. Гэвч хүүхдийн садар самууныг сурталчилсан зураг, матераилын ихэнх нь интернэтийн “хар орчин” хууль бус орон зайгаар дамжин түгдэг хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.

PlayStation 4 24 цагийн дотор нэг сая хувиар зарагджээ

Японы Sony компани Playstation 4 шинэ видео тоглоомоо арваннэгдүгээр сарын 15-нд зах зээлд гаргаад эхний 24 цагийн дотор нэг сая ширхэгийг борлуулжээ. “АНУ-д PS4-ийн худалдаа тун сайн байна. Европ, Латин Америкт ч борлуулалт рекорд эвдэх бололтой” хэмээн Sony Computer Entertainment-ийн тэргүүн Эндрю Хаус ярилаа.

Видео тоглоомын наймдугаар үе гэгдэж байгаа PlayStation 4 нь X86 CPU загварын хүчирхэг процессортой, найман гигабайт багтаамжтай болж, дуу, дүрс нь сайжирчээ. Тоглоомын үйл явцыг шинэ Dualshock4 хэмээх joystick буюу гараар удирдана. Энэ гараар тоглогчийн хөдөлгөөнийг удирдан дэлгэц рүү дамжуулах аж. Playstation 4 АНУ-д 399 доллараар зарагдаж байна. Европт 399 еврогоор зарагдах ажээ.

No comments:

Post a Comment