Саудын Араб, Израиль хамтран Ираныг довтлох уу
Израиль, Саудын Арабын эрх баригчид Тегераны цөмийн
хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээ үр дүнгүй өндөрлөсөн тохиолдолд
Ираныг хамтран довтлох боломжийн талаар хэлэлцэж байна. Энэ тухай Sunday Times
сонин дипломат эх сурвалжаас иш татан уламжлав. “Саудын Араб Израильд
хэрэгцээтэй ямар ч тусламж үзүүлэхэд бэлэн байна” хэмээн нэрээ хэлэхийг үл
хүссэн дипломат эх сурвалж мэдээлжээ. Түүний баталж буйгаар, Эр-Рияд газар
нутаг дээгүүрээ Израилийн байлдааны онгоцуудыг нисч өнгөрөхийг зөвшөөрсөн аж. Мөн
Саудын Араб нисгэгчгүй онгоц, аврагч нисдэг тэрэг, цэнэглэгч онгоцуудаа тусгай
ажиллагаанд оролцуулахад бэлэн байна.
Иран, Орос, Америк, Герман, Хятад, Их Британи оролцож буй
Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх ээлжит хэлэлцээ Женевт болж байгаа юм.
Тель-Авив, Эр-Рияд хоёр энэ хэлэлцээний үр дүнг хүлээж байна. Зургаан талт
хэлэлцээ өмнөх шигээ ямар ч үр дүнгүй төгсвөл Саудын Араб, Израиль хоёр асуудлыг
цэрэг, дайны аргаар шийдвэрлэх боломжийг хайж эхлэх бололтой.
Times of Israel сонинд бичсэнээр, Израилийн Ерөнхий сайд Биньямин
Нетаньяху дэлхийгээр богино, хурдан айлчлал хийж, Ираныг эсэргүүцэгч улсуудын
холбоог байгуулах оролдлого хийхээр зэхэж байна. Тэрээр уржигдар Францын
Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзжээ. Дараа нь Оросын лидер Владимир Путинтэй
уулзахаар Москва руу зүглэжээ.
“Иран улс цөмийн зэвсэг бүтээх чадалтай болж байгаа нь
еврейн улсад заналхийлж байна. Улс орноо хамгаалахын тулд боломжтой бүхнийг
хийх ёстой” хэмээн Нетаньяху мэдэгдэж байсан билээ. Ираны цөмийн хөтөлбөрийн
асуудлаарх зургаан талт хэлэлцээ 2003 оноос хойш болж байгаа. Ираны цөмийн
хөтөлбөр нь цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх зарчимд аюул учруулж байна хэмээн
өрнөдийн тэргүүлэх гүрнүүд үзэж байгаа юм. Тегераны Засгийн газар энхийн
зорилготой цөмийн хөтөлбөр нэрийн дор цөмийн зэвсэг үйлдвэрлэх санаатай байгаа
хэмээн Израиль болон өрнөдийн хэд хэдэн орон хардсаар байна.
НҮБ-аас Ираны эсрэг дөрвөн хориг арга хэмжээ, зарим улс
орон байгууллагаас нэг талын хориг арга хэмжээ аваад байгаа билээ. Хоригийн
дагуу Иранд цөмийн, пуужингийн болон цэрэг дайны бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглоод байгаа юм. Мөн Ираны хий, нефть,
хими, нефть боловсруулах үйлдвэрлэлд гадаадын хөрөнгө оруулалтыг хориглож,
гадаадын банк, даатгалын компаниудыг Ираны талтай харилцахыг үл зөвшөөрч байна.
Өнгөрсөн даваа гаригт болсон уулзалтаар Ираны тал НҮБ-ын
төлөөлөгчидтэй цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээ хийх тохиролцоонд
хүрчээ. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн Юки Амано, Ираны
цөмийн эрчим хүчний байгууллагын удирдагч Али Акбар Салехи нар энэ тохиролцоонд
гарын үсэг зуржээ. Зургаан талт хэлэлцээний дараагийн шат арваннэгдүгээр сарын
20-нд болох юм.
Суннит лал шашинтнууд
давамгайлдаг Саудын Араб нь шийт лалууд давамгайлдаг Ирантай аль эртнээс түнжин
хагарах болжээ. Тегеран цөмийн бөмбөг бүтээх чадалтай болвол бүс нутагт цөмийн зэвсэглэлээр
хөөцөлдөх уралдааныг өөгшүүлнэ хэмээн Эр-Рияд болгоомжилж байгаа аж.
No comments:
Post a Comment