Wednesday, November 13, 2013








Г.Каспаровт Латвийн ирэншил олгохоос татгалзжээ

Латвийн парламентын комисс шатрын дэлхийн аварга Гарри Каспаровын Латвийн иргэншил олгохыг хүссэн өргөдлийг хүлээн авч хэлэлцэхээс татгалзжээ. Каспаров “Би Латвийн иргэншил авах гавъяатай. Латвийн төр засгийн өмнө би онцгой гавъяа байгуулсан” хэмээн өргөдөлдөө дурджээ. Гэвч Каспаров өргөдлөө Латвийн парламентын комисст бус, парламентад хаяглах ёстой байсан бололтой. Дэлхийн аварга шатарчин Латвийн иргэншил хүсэхдээ Оросын иргэншлээ хадгалж үлдэнэ гэсэн байна.  

JFK-ийн охин элчин сайдаар томилогдлоо

АНУ-ын Ерөнхийлөгч Жон Фицжералд Кеннедийн (JFK) охин Кэролин Кеннеди Японд суух элчин сайдаар томлилогджээ. Жон Кеннеди 1963 онд алуулснаас хойш 50 жил өнгөрч байна. Цагаан ордон Кэролиныг Японд суух элчин сайдаар томилохдоо “Туршлагатай, төр улсын асуудалд тууштай ханддаг” хэмээн үнэлжээ.
Кеннедийн гэр бүлийн хамгийн алдартай гишүүн гэгдэж буй Кэролин Кеннеди ийнхүү улс төрд хөл тавьдаг гэр бүлийнхээ уламжлалыг дагаж байна. 55 настай тэрбээр олон жилийн өмнөөс Ерөнхийлөгч Б.Обамаг дэмжих болсон юм. Кэролин улс төрд тийм ч идэвхтэй байсангүй. 2009 онд Нью-Йорк мужийн сенатчийн сонгуульд нэр дэвшсэн ч хувийн шалтгааны улмаас нэрээ татаж байжээ.

Будааны төлөө найман хүн амиа алдлаа

Филиппины Галанг хотод будааны агуулах руу дайрсан хүмүүсийн хөлд найман хүн дарагдан амиа алджээ. Өлсгөлөн хүмүүс Засгийн газрын мэдлийн будааны агуулах руу уулгалан дайрах үеэр агуулахын хана нурсан аж. Цагдаа, цэргүүд юу ч хийж чадсангүй, агуулах руу нэвтэрсэн хүмүүс 100 мянган уут будааг хуу цөлмөжээ. Филиппиныг дайрсан “Хайан” шуурганы улмаас хоёр мянга орчим хүн нас барж, хоол хүнсний томоохон хомсдол үүсээд байна. Нэг хот бараг бүрэн сүйрчээ.

Нэртэй хөлбөмбөгч асан мөнгө угаасан хэрэгт холбогджээ

Испанийн хөлбөмбөгийн “Атлетико Мадрид” клубын Спортын албаны дарга, нэртэй хөлбөмбөгч асан Хосе Луис Каминеро хар тамхины мафийн мөнгө угаасан хэрэгт холбогдоод байна. Тэрээр энэ хэрэгтээ дөрвөн жил хоригдох ял авч, дөрвөн сая еврогийн торгууль хүлээж магадгүй болжээ.
2009 онд Каминеро автомашиндаа 500 еврогийн дэвсгэртээр 58 мянган евро авч яваад баригдсан юм. Экс хөлбөмбөгч жижиг дэвсгэртүүдийг 100, 200, 500 еврогийн дэвсгэртээр солиулж байжээ. Энэ нь хар тамхины мафийн мөнгө байсан бөгөөд тэрээр энэ ажлынхаа хөлсөнд нийт солиулсан мөнгөний гурван хувийг нь авч байсан аж. Дараа нь Каминеро барьцаагаар суллагдсан бөгөөд эдүгээ шүүхэд шилжээд байна.

Apple нэг тэрбум долларын татвараас зайлсхийсэн үү

Милан хотын прокурорын газар АНУ-ын Apple компанийн Итали дахь салбарыг нэг тэрбум долларын татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган шалгаж эхэлжээ.Энэ тухай “Ройтерс” агентлаг тус улсын хууль, шүүхийн байгууллагын эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна. Apple компанийн Итали дахь салбар хуурамч баримт материал бүрдүүлэх замаар 2010 онд 206 сая, 2011 онд 853 сая еврогийн татвар төлөөгүй хэмээн үзэж байгаа аж. Apple компанийн удирдлага энэ талаар ямар нэг тайлбар хийхээс татгалзжээ.

Амазоныг бохирдуулсан Chevron 9.5 тэрбум долларын торгуульд уналаа

Эквадорын дээд шүүх АНУ-ын Chevron компанийг Амазон мөрний ай савыг блхирдуулсан хэмээн үзэж 9.5 тэрбум долларын торгууль ногдуулжээ. Ийнхүү 2012 оны нэгдүгээр сард Сукумбиос мужийн шүүхээс гаргасан шийдвэрийг дээд шүүх баталлаа. АНУ-ын компани дээр торгуулийг төлөлгүй хойшлуулж буйн улмаас нийт торгууль нь 18 тэрбум доллар болж өсөөд байна. Эквадорын эцсийн буюу дээд шүүх шийдвэрээ гаргасан тул Chevron компани Гааг дахь олон улсын шүүхэд ханджээ. Тэд байгаль орчны бохирдолд буруугүй хэмээн мэдэгдсээр байна.

No comments:

Post a Comment