Monday, November 25, 2013




К.Мюррей Майкл Жексоны нууцыг илчлэв

Попын хаан Майкл Жексоны хувийн эмч байсан Конрад Мюррей нэгэн шуугиантай мэдэгдэл хийж олныг алмайруулав. Тэрээр санамсаргүйгээр хүний аминд хүрсэн хэргээр дөрвөн жилийн ял сонсоод хоёр жил хоригдоод 20 хоногийн өмнө суллагдсан юм. “Бидний харилцаа ямар нарийн ширийн байсныг та нар мэдмээр байна уу. Би Майкл Жексоныг хэвийн шээлгэхийн тулд шөнө бүр бэлэг эрхтнийг нь зөв барьж тогтоож өгдөг байсан. Тэр шээс алддаг өвчнөөр шаналдаг байсан. Түүнийг өөрийн мэдэлгүй “шингэн”-ээ гаргаж байхын тулд би түүнд өдөр бүр катетер маягийн юм тавьдаг байлаа” хэмээн Конрад Мюррей “Mail on Sunday” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Попын хаан үргэлж хар өмдтэй явдаг байсан, өөрийн мэдэлгүй шээс алдчихдаг учраас мэдэгдэхгүйн тулд хар өмд өмсдөг байсан хэмээн Конрад эмч өгүүлж байна.
Тэрээр мөн Жексоны гурван хүүхдийн аль нь ч түүний биологийн хүүхэд биш хэмээн ярьжээ. “Майкл Дебби Роутай хэзээ ч унтаагүй гэдгээ надад хэлдэг байсан. Энэ мэтийн зүйлээ итгэж ярьдаг цөөхөн хүн нь би байсан. Бланкетийн ээжтэй ч тийм юм болоогүй. Энэ дэлхий дээр Деббитэй унтах хэн ч байхгүй гэж бид хоорондоо марзагнаж ярьдаг байлаа. Майкл хүүхэдтэй болохын тулд зарим найз, танилуудаасаа тусламж авсан. Хүүхдүүд нь надаас шаардахаас нааш би тэдгээр хүмүүсийн нэрийг илчлэхгүй” хэмээн Конрад Мюррей ярьжээ.

Чулуугаар шидэж цаазалдгийг дахин хэрэглэх үү

Афганистаны Засгийн газар гэр бүлээс гадуур бэлгийн харилцаа тогтоосон хүнийг “ёс суртахууны хэрэг” үйлдсэн хэмээн үзэж чулуугаар нүүлгэж алах шийтгэлийг эрүүгийн хуулиндаа оруулахаар бэлтгэж байна хэмээн хүний эрхийг хамгаалах Human Rights Watch (HRW) байгууллага мэдэгдлээ. Афганы Хууль зүйн яам боловсруулан бэлтгэж байгаа шинэ эрүүгийн хуулинд гэр бүлээс гадуур сексийн харилцаанд орсон эрэгтэй, эмэгтэйг олон нийтийн өмнө чулуугаар нүүлгэж шийтгэх заалт орж магадгүй байна хэмээн HRW үзэж байна. Завхайрагч нь гэрлээгүй бол 100 удаа ташуурдан шийтгэнэ хэмээн зааж өгчээ. “Талибуудын дэглэм нурж унаад 12 жил өнгөрч байхад Карзайн засаг захиргаа чулуугаар нүүлгэх, ташуурдах заалтыг эрүүгийн хуульд дахин оруулах сонирхолтой байгаа нь ичгэвтэр хэрэг” хэмээн HRW-ийн Ази дахь төлөөлөгч Брэд Адамс хэллээ. Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай энэ заалтыг хуульд оруулахгүй гэдэг баталгааг өгөх ёстой хэмээн хүний эрхийг хамгаалагчид үзэж байна.
Чулуугаар шидэж цаазаар авдаг шийтгэлийг талибуудын засгийн газар 1990-ээд оны дундуур, мөн 2001 онд олон улсын цэргийн хүчинд бут цохигдон эрх мэдлээ алдах хүртлээ хэрэглэж байсан юм. Афганистаны одоогийн эрүүгийн хуульд ийм заалт байхгүй ч талибуудын мэдэлд байдаг алс бөглүү зарим нутагт энэ шийтгэлийг хэрэглэсээр байгаа ажээ. “Афганистаны эрх баригчид талибуудын үеийн харгис арга барилыг буцааж авчрах ёсгүй. Олон улсын тусламж дэмжлэгийг авахын тулд Кабулын Засгийн газар хүний эрхийг хүндэтгэх ёстой. Эс бөгөөс хандивлагч орнууд тусламжаа зогсоох ёстой” хэмээн хүний эрхийн байгууллагууд мэдэгдэж байна.

Хятадад есөн хүнийг баривчилжээ

Хятадын Циндао хотод нефть дамжуулах хоолой дэлбэрсэн хэрэгт есөн хүнийг сэжиглэн баривчилжээ. Тэдний долоо нь нефтийн хоолойг эзэмшдэг Sinopec компанийн ажилтнууд юм. Нөгөө хоёр нь Циндаогийн эдийн засаг, технологийн салбарт ажилладаг аж. Тэднийг ямар зүйл ангиар буруутгаж байгаа нь тодорхойгүй байна.
Sinopec компанийн нефть дамжуулах хоолойд 22-нд дэлбэрэлт болж нефть асгарчээ. Дэлбэрэлтийн улмаас 55 хүн нас барж, 145 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн аж. Есөн хүн олдохгүй байгаа ажээ.

Шотланд 2016 онд тусгаар тогтнолоо зарлана

2014 оны бүх нийтийн санал асуулгаар шотландуудын ихэнх нь тусгаар тогтнолын төлөө санал өгвөл Шотланд 2016 оны гуравдугаар сарын 24-нд Их Британиас тусгаар тогтнож буйгаа зарлана хэмээн ВВС мэдээлэв. Тусгаар тогтносон Шотландын төр улсыг байгуулах Шотландын Засгийн газрын “Цагаан ном”-д тусгаар тогтнолыг зарлах өдрийг оруулжээ. Энэ ном арваннэгдүгээр сарын 26-нд хэвлэгдэх юм. Тусгаар тогтносон Шотландын анхны парламентын сонгууль 2016 оны тавдугаар сард болно хэмээн “Цагаан ном”-д заажээ.
1603 оны гуравдугаар сарын 24-нд Шотланд, Англи хоёр хаант засаглал дор нэгдэж, 100 жилийн турш хаант улсын бүрэлдэхүүнд байна хэмээн тохиролцож байжээ.

Египетэд жагсаал цуглаан хийхийг хориглов

Египетийн эрх баригчид жагсаал цуглаантай холбоотой хуулийг чангатгав. Түр үүрэг гүйцэтгэгч Ерөнхийлөгч Адли Мансурын баталсан зарлигаар, зөвхөн Египетийн Дотоод хэргийн яам зөвшөөрсөн тохиолдолд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж болохоор болжээ. Жагсаал зохион байгуулах хүсэлтийг Дотоод хэргийн яам хүлээж авахгйү бол яаралтай хэрийг тусгай шүүхэд хандаж болох аж. Хууль бус, зөвшөөрөлгүй жагсаал цуглааныг цагдаа нар хүчээр тарааж, зохион байгуулагчдыг нь баривчлах эрхтэй болсон байна.

Есөн босогчийг устгалаа

Колумбийн армийн цэргүүд “Чөлөөлөх арми” босогчдын бүлгийн есөн гишүүнийг устгажээ. Венсуэльтэй залгаа Араука мужид цэргүүд, босогчдын хооронд тулалдаан болсон байна. Цаашдын мөргөлдөөн, золиосоос зайлсхийхийн тулд энхийн хэлэлцээг өргөтгөх шаардлагатай хэмээн Колумбийн Ерөнхийлөгч Хуан Сантос мэдэгдэв.
Боготагийн эрх баригчид Колумбийн хамгийн том зэвсэгт бүлэг FARC-тай хэлэлцээ хийж байгаа билээ. Хагас зууны турш үргэлжилж байгаа аллага, тэмцлийг зогсоохоор энэ хэлэлцээг хийж байгаа юм. Засгийн газар мөн босогчдын бас нэг том бүлэг ELN-тэй хэлэлцээ хийх сонирхолтой байна. Сүүлийн үед Колумбид босогчдын довтолгоо дахин сэргэж, цагдаа, цэргүүд рүү халдах нь ихсээд байна.

Францын парламент 75 хувийн татварыг баталсангүй


Францын парламент хэт өндөр орлогоос 75 хувийн татвар авах хуулийн төслийг баталсангүй. Энэ санаачилга Францад өндөр цалинтай тоглодог хөлбөмбөгчдийн дунд томоохон маргаан дэгдээгээд байсан юм. Өндөр орлогоос 75 хувийн татвар авах хуулийг баталвал улс орны авъяас, капитал гадагшаа урсана хэмээн депутатууд үзсэн байна. Жилд нэг сая еврогоос дээш орлого, цалинтай иргэдээс 75 хувийн татвар авах ёстой хэмээн Францын социалистууд үзсээр байна. Үүнд ихэвчлэн хөлбөмбөгчид болон жүжигчид өртөхөөр байсан юм. 

No comments:

Post a Comment