Ан Мён Чол: Хойд
Солонгосын бөөнөөр хорих лагерьт 200 мянган хүн хоригдож байна
Хойд Солонгосын
улс төрийн шоронд ажиллаж байсан Ан Мён Чол энэ шоронд хүүхэд, залуус, хөгшид
16 цагаар ажиллаж, өлсгөлөнгөөр үхэж, бие, сэтгэлийн асар их зовлон, дарамт
амсдаг талаар илчлэн ярьж байна. Тэрээр Өмнөд Солонгос руу зугтан гарсан юм.
Бөөнөөр хорих лагерьт “Дээд лидер”-т урван тэрсэлсэн хүмүүс төдийгүй, тэдний
өвөө, ах дүү, хүүхэд зэрэг гурван үеийнхнийг нь хардан сэжиглэдэг аж.
ЗХУ-ын үеийн
Гулаг маягийн шоронд 200 мянган хүн хоригдож байгаа бөгөөд тэдний 10 хувь нь л
эрх чөлөөнд гардаг. Бусад нь өлсгөлөнгөөр нас барж, цаазлуулж, эсвэл насаараа
хоригддог ажээ. Хойд Солонгос дахь улс төрийн 12 шоронгийн наймд нь ажиллаж
байсан Ан Мён Чол найман жил харгалзагч хийжээ. 1994 онд төр засагт урван тэрсэлсэн
хэрэгт буруутгагдсан эцэг нь амиа хорложээ. Үүний дараа ээж болон ах дүү нарыг
нь Гулаг руу шилжүүлжээ. Энэ нь л үед Ан Мён зугтах ёстой гэдгээ ойлгож, урт,
бэрх зам туулсаар Өмнөд Солонгост хүрчээ. Ким Чен Уны мэдэлд байдаг аймшигт
шоронгуудыг илчилсэн олон хүний нэг нь тэр болж байна.
-Бөөнөөр хорих
лагерьт хэрхэн ажиллах болсноо яриач?
-Хойд Солонгос
дахь шоронгуудыг Үндэсний тагнуулын албаны Хөдөө аж ахуйн асуудлыг зохицуулах
нэгтгэлийн Долдугаар дивиз хариуцаж хянадаг. 1987 онд манай тосгоноос тийшээ
татагдсан ганцхан хүн нь би байсан. Засгийн газар тийшээ татна гэж заасан бол
явахаас өөр аргагүй. Тэр үед эцэг минь ч тэдгээр шоронгуудын хүнсийг зөөх ажил
хийдэг байсан.
-Солонгос залуус
цэрэгт татагдах дуртай юу?
-Тийм ээ. Учир нь
цалин сайтай, хоол ундтай. Бас эрх мэдэлтэй байдаг.
-Хойд Солонгосын
Засгийн газар ямар цалин өгдөг юм бэ?
-Сар бүр цалин
өгөөд байдаггүй. Татлага, албадлагын хугацаа дуусахаар хийж байсан ажлаас нь
хамаарч мөнгө болон бусад шагнал олгодог. Жишээ нь, ямар ч хойд солонгос хүнд
Пхеньянд амьдарна гэдэг бараг бүтэшгүй мөрөөдөл. Шоронгийн харгалзагч хийж
байсан хүмүүсийг нийслэлд амьдрах эрхээр шагнах нв элбэг. Тэдний 90 хувь нь их
сургууль болон Шоронгийн захирагчийн сургуульд сурах боломжтой болдог. Тэгээд
буцаад шорондоо очно, гэхдээ даргаар.
-Яаж ажилласан
хүнийг сайн ажилласан гэж энэ бүх шагналаар шагнадаг вэ?
-Харгалзагчийн
хамгийн чухал ажил бол ялтнуудтай хатуу ширүүн харьцах, яагаад гэвэл тэд урвагчид. Мөн оргохыг
оролдсон, тушаал биелүүлээгүй хүмүүсийг шууд устгах үүрэгтэй. Албаны хугацаа
дуусахад чи нэг урвагчийг утсгасан бол их сургуульд сурч, Пхеньянд амьдрах нэг
алхам болно гэсэн үг. Зарим үед харгалзагч нар ирээдүйгээ баталгаажуулахын тулд
хоригдогсдыг ямар ч шалтгаангүйгээр алж байхыг харж байлаа. Мөн долоо хоногт
нэг удаа болдог ёс суртахууны лекцэд суувал сайн ажиллаж байна гэж үзнэ. Тэнд
Хойд Солонгосын эрх баригч намд яагаад үнэнч байх ёстойг тайлбарлаж ухуулдаг
юм.
-Харгалзагч нар
Гулагт ажиллахын тулд ямар дасгал, сургуулилт хийдэг вэ?
-“Шоронд байгаа
хүмүүс бол зөвхөн өөрсдийн эрх ашгийг хайж, Дээд лидерт тэрсэлсэн тагнуул,
дайсан” гэсэн ухуулгаар биднийг цэнэглэж, хүмүүжүүлдэг. Нэг дэх дүрэм бол
эдгээр хүмүүсийг өрөвдөж, гуйлтыг нь хүлээн зөвшөөрөх ёсгүй. Эс бөгөөс бид
өөрсдөө тэд нар шиг шоронд орж, насаараа хоригдоно. Хоригдлуудыг бие, сэтгэлээр
нь дарамталж, олон цагаар ажиллуулж, бага хоол өгч байвал сайн. Харгалзагч нар
таэквондогоор хичээллэж, ялтнууд дээр туршилт хийдэг юм.
-Энэ шоронд ямар хүмүүс
ордог юм бэ? Ямар үйлдлийг Дээд лидерт урван тэрсэлсэн гэж үзэхэв?
-Хойд Солонгосын
талаар муу юм ярьж буй, эсвэл Ерөнхийлөгчийг Дээд лидер гэж дуудахгүй байгаа
хүмүүсийг шийтгэнэ. Хөршүүд нь л матаад шоронд явуулчихдаг. Зөвшөөрөлгүй хил
давах гэж оролдсон хүмүүсийг ямар ч шүүхгүйгээр шоронд хийдэг. Тэдний гэр бүл,
хөгшин аав ээжийг, хүүхдийг нь хүртэл хорьчихдог. Урван тэрслэгчийг гурван үеэр
нь хорино гэсэн заалттай.
-Тэднийг бүгдийг
нь нэг дор хорьчихдог гэж үү?
-Хооронд ялгаж,
салгаж хорьдог. Зарим шорон зөвхөн эмэгтэйчүүд, хөгшид, хүүхдүүдэд зориулагдсан
байдаг. Урван тэрслэгчдийг хорьж, хамгийн хүнд хү чир ажил хийлгэдэг шорон
байна. Улс төрийн ухуулга, сэнхрүүлэг явуулдаг шорон гэж бий. Тэр нь ёс
суртахуун, үзэл бодлыг заадаг хүрээлэнтэй бараг ижил.
-Иймэрхүү шорон
Хойд Солонгост хэд байдаг вэ?
-Намайг 1987 онд
цэрэгт татагдахад улс төрийн 12 шорон байсан. 1994 онд миний алба дуусахад ийм
шоронгийн тоо зургаа хүртэл цөөрсөн. Тэдгээрт 200 мянга орчим хүн хоригдож
байгаа.
-Хойд Солонгос
олон улсын дарамт шахалтын дагуу зарим нэг Гулагаа байхгүй болгосон юм биш үү?
-Судалгаа болон Google
Map-ийн зурагнаас үзвэл хойдууд
хамгийн том Гулагуудынхаа нэгийг (22-р) буулгасан байдаг.
Тэнд хоригдож байсан 50 мянган хүнийг өөр шорон руу шилжүүлсэн байдаг.
-Гулагт ажиллаж
байхдаа та цочирдож, балмагдаж байв уу?
-Шоронд гурван
жил харгалзагчаар ажилласны дараа намайг баривчлагдсан хүмүүсийг зөөдөг
жолоочоор томилсон. Тэднийг гэрээс нь ачаад Гулаг руу явж байхдаа “Та нар юу
хийсэн юм, яагаад баривчлагдав” гэж асуухаар бараг хэн нь тэр шалтгаанаа
мэддэггүй байсан. Нэг өдөр нэг эрээс асуухад тэрээр “Би гэртээ унтаж байхад орж
ирээд баривчилсан. Гэр бүлтэй минь авч явахдаа “Чиний өвөө тагнуул байсан” гэж
хэлсэн. Гэтэл би өвөөгөө мэдэхгүй, ямар хүн байсныг нь ч мэдэхгүй” гэж билээ.
Эдгээр хүмүүсийн олонх нь ямар ч
шалтгаангүйгээр шоронд ордгийг би тэнд ажиллахдаа мэдэж авсан. Тэр цагаас хойш
би хоригдлуудтай ширүүн харилцахаа больсон.
-Гулагт байсан
хамгийн муу үе тань хэзээ таарсан бэ?
-Тийм үе
байгаагүй гэж хэлж болно. Би үргэлж эрх мэдлийн талд байсан болохоор тэр. Гэхдээ
тэнд ажиллах, цогцсуудыг оршуулахыг харах, энд тэнд хүн амиа алдахыг харах ямар
хэцүү байсныг би мартахгүй. Тэнд уйлах хориотой. Оршуулах ёслол гэж болдоггүй. Албаны
хүмүүс “Хувьсгалын эсэргүү үхлээ. Тэгэхээр уйлах шалтгаан байхгүй” гэж хэлдэг
байсан.
-Тэгээд хэзээ
тэнд ажиллахаа больсон бэ?
-Эцэг минь Хойд
Солонгосын талаар хэдэн муу үг хэлсэн нь матаасчдын чихэнд хүрч түүнийг шууд л
урван тэрсэлсэн хэрэгт буруутгасан. Тэр үед эцэг минь амиа хорлохоор шийдсэн.
Ээж, хоёр ах дүү минь Хөдөлмөрийн намын идэвхтэй гишүүн байсан ч нэмэр болсонгүй,
басл Гулаг руу ачигдсан. Тэгээд л би хурдан зугтаж, хэдэн сар нуугдаж байгаад
Өмнөд Солонгос руу гарсан даа. Цэргээс хоригдол болохгүй ганцхан арга зам нь
энэ байсан. Намайг юу хүлээж байсныг би мэдэж байсан юм.
-Тан одоо Сөүлд
амьдарч байна. Юу хийдэг вэ?
-Өмнөд Солонгосын
Кеонкукийн их сургуулийг төгссөн. Одоо үндэсний аюулгүй байдлын талаар хичээл
заадаг. Мөн “Хойд Солонгос дахь Гулагийг устгая” байгуулагын ерөнхий нарийн
бичгийн дарга.
-Яагаад энэ бүгдийг
олон улсын түвшинд илчлэх хэрэгтэй гэж үзсэн юм бэ?
-Имй шоронгууд
байдаг гэдгийг дэлхий нийт мэдвэл хүний эрх нь тэртээ дорд үзэгдсэн олон хүний
амийг аварч болно гэж боддог. Эдгээр шоронгоо хүлээн зөвшөөрч, хаалгыг нь
нээлгэхийн тулд Пхеньянд дарамт шахалт үзүүлэх ёстой. Гэвч тэд ийм шорон байдаггүй
гэж гүрийсээр байгаа. Ийм аймшигтай шоронгууд байдаг гэдгийг дэлхий нийт мэдвэл
дарамт шахалт нь нэмэгдэж, 200 мянга хүний амийг аврах боломж байгаа гэж бодож
байна.
No comments:
Post a Comment