Sunday, November 3, 2013






Пакистаны талибуудын лидерийг устгажээ

Пакистан дахь талибуудын лидер Хакимулла Мехсуд АНУ-ын нисгэгчгүй онгоцны довтолгоонд өртөн амь насаа алджээ. Түүнийг оршуулах ажиллагаа өчигдөр Вазиристан мужид болж өнгөрлөө хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлэв. АНУ Мехсудын байрлалыг илчилсэн хүнд таван сая доллар, баривчилж авчирсан хүнд бас таван сая доллар амлаад байсан юм. Гэвч өөрсдийн довтолгоогоор түүнийг устгасны дараа энэ зарлалаа хүчингүй болгосон байна.
Талибуудын удирдагч Мехсуд болон Рехман нарын удирдсан бүлэглэлүүд АНУ-ын эсрэг олон террорист ажиллагаа үйлдэж байсан. 2009 онд Афганистанд дооон америк цэргийн аминд хүрсэн, 2010 онд Пакистаны Пешаварт АНУ-ын Консулын газрын эсрэг террорист үйл ажиллагааг Мехсуд удирдан зохион байгуулж байжээ.

Сирийн сөрөг хүчин болзол тулгалаа

Сирийн сөрөг хүчин болон хувьсгалт хүчний үндэсний эвсэл Женевт болох гэж буй энхийн хэлэлцээнд оролцох болзлоо тулгалаа. Эвслийн тэргүүн Ахмад Жарба “Женевийн хэлэлцээнд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах тодорхой хугацааг ярилцахгүй бол, мөн тэнд Ираны төлөөлөгид ирвэл Сирийн сөрөг хүчин оролцохгүй” хэмээн мэдэгдлээ. Женевийн хэлэлцээнд Сирийн сөрөг хүчний томоохон төлөөлөгч болох Сирийн Үндэсний зөвлөл оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Швейцарьт болох гэж бага хурлыг Башар Асад ч шүүмжилжээ. Хэлэлцээнд оролцож буй талууд Сирийн ард түмнийг төлөөлж чадах уу хэмээн тэрээр асуусан байна. “Сирийн жинхэнэ төлөөлөл болсон хүмүүс л тэнд шийдвэр гаргах ёстой. Тэр шийдвэрийг гадаадын хүчнүүд хүлээн зөвшөөрөх эсэх нь хамаагүй” хэмээн Асад телевизээр мэдэгдсэн байна.

Гүүр нурсан хэрэгт 13 түшмэлийг буруутгав

Хятадын Сычуань мужийн прокурорын газар гүүр нурж хүний амь үрэгдсэн хэрэгт 13 албан тушаалтныг буруутган баривчиллаа. Зам тээврийн хяналт, хотын барилга, татварт ажилладаг түшмэд хариуцлагад татагджээ. Тэднийг эрх мэдлээ хэтрүүлэн буруугаар ашигласан, албаны үүргээ зөрчсөн, авлига авсан хэрэгт буруутгаж байна.
Өнгөрсөн долдугаар сард Цзянью хотын гүүр нурж зургаан тээврийн хэрэгсэл гол руу унаж, таван хүн амь насаа алджээ. Долоон хүн сураггүй алга болсон аж. Хотын захиргаа гүүрийг 821 мянган долларын өртгөөр засч дуусаад байсан ч ердөө тав хоногийн дараа үерт өртөн нурсан байна.

Японыг алдаагаа хүлээхийг уриалав

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе хоёр улсад хамаатай түүхийг гуйвуулж байгаа Японы улстөрчдийг шүүмжилж, Германы жишээг дагахыг Токиогийн эрх баригчдад уриаллаа. Тэрээр Европын гурван орноор айлчлахын өмнө Францын хэвлэлд ярилцлага өгөхдөө ийнхүү онцолсон байна.
“Манай улс Японтой ирээдүйн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр зорьж байна. Гэвч Японы хэд хэдэн улстөрч түүхийг гуйвуулан мушгиж байгаад харамсаж байна” хэмээн Пак Гын Хе ярьжээ. Герман улс өнгөрсөн алдаагаа хүлээн зөвшөөрч, бусад улстай үр өгөөжтэй хамтран ажилласнаар Европ тив нэгдсэн хэмээн Өмнөд Солонгосын лидер онцолсон байна.

Саудын Араб хууль бус цагаачидтай дайн зарлана

Саудын Арабын эрх баригчид хууль бус бүх цагаачдыг улс орноосоо гаргана хэмээн мэдэгдлээ. Эр-Рияд дөрөвдүгээр сард баталсан хуулиараа, хууль бус цагаачдад улс орныг орхин гарах гурван сарын хугацаа өгсөн. Гэвч энэ хугацааг дахин хоёр сараар сунгасан юм.
“Энэрэнгүй хандах” хугацаа дууссан тул Саудын Арабын эрх баригчид хууль бус цагаачдыг ажлын байран дээр нь илрүүлэх ажиллагааг зохион байгуулж байна. Шалгалт зөвхөн ажлын байран дээр явагдана хэмээн зарлалаа. Мөн Сирийн дүрвэгсдийн хуаран хамаарахгүй аж. Хууль бус цагаачдыг ажиллуулсан эздийг 30 мянган доллараар торгож, хоёр жил хүртэл хугацаагаар шоронл хорих ажээ.

No comments:

Post a Comment