Wednesday, November 20, 2013





Техаст буун дуу гарч гурван хүний амь эрсдэв

АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод буун дуу гарч нэг эрэгтэй, хоёр эмэгтэйн аминд хүрчээ. Өөр хоёр хүн шархадсаныг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэлээ хэмээн NBS телевиз мэдээлэв. Латин Америк гаралтай залуу хүмүүс энэ аллагын золиос болсон хэмээн цагдаагийн газраас мэдээлж байна. Ямар этгээд энэ халдлагыг үйлдсэнийг тогтоож чадаагүй байна. Гэмт хэрэгтний орогнож байсан байрнаас хар тамхи илрүүлжээ. Цагдаагийн газраас балмад этгээдийг баривчлахад тусалсан хүмүүст мөнгөн шагнал амлав. Сүүлийн үед Хьюстонд буун дуу тасрахгүй байна. Арваннэдүгээр сарын 10-нд тус хотод буудалцаан болж хоёр хүн амь үрэгдэж, 22 хүн шархадсан юм. Үүнээс нэг өдрийн өмнө 25 настай залуу автомашины зогсоолын маргаанд хөндлөнгөөс оролцож бууны суманд өртөн амиа алджээ.

Испанийн хөлөг онгоцыг буудна хэмээн сүрдүүлэв

Гибралтарын Засгийн газрын тэргүүн Фабиан Пикардо “Испанийн хөлөг онгоцууд Их Британийн тэнгисийн газар нутаг руу нэвтэрвэл буудна” хэмээн мэдэгдэв. Саяхан Испанийн Газар зүйн хүрээлэнгийн хөлөг хууль бусаар (британичуудын үзэж буйгаар) Гибралтарын усан хил рүү нэвтэрсэн нь Их Британи-Испанийн харилцаа дахин муудах шалтгаан болжээ. Гибралтарын эргийн харуул уг хөлөг онгоцыг даруй буцаж гарахыг шаардсан ч испаничууд тоолгүй 20 орчим цаг тэнд байж байгаад гарч явсан аж.
Ердөө 6.7 км кв газрыг эзлэн оршдог Гибралтарын хошуу нь (Испанийн Андалуз мужийн нутагт байдаг) 1713 онд Утрехтийн энхийн гэрээний дагуу Британийн мэдэлд шилжжээ. Испани улс тус хошууг эргүүлж өгөхийг шаардсаар байгаа ч Лондоны талаас буулт хийх байна.

Хушга ямар ч үхлийн шалтгааныг 20 хувь бууруулна

Грек самар буюу хушгийг тогтмол хэрэглэх нь ямар ч үхлийн шалтгааныг  20 хувиар бууруулдгийг Британийн эрдэмтэд судалгааны явцад тогтоогоод байна. Эрдэмтэд 1986-2010 онд 76 мянган эмэгтэй, 42 мянган эрэгтэй дээр судалгаа хийсэн аж. Хушга байнга хэрэглэдэг хүмүүс зүрх судас, хавдрын өвчин тусах магадлал бусад хүмүүсээс бараг 29 хувиар бага байдаг аж. Нийтдээ ямар ч үхлийн шалтгааныг 20 хувиар бууруулж байгааг судлаачид тогтоогоод байна. Хушганд антиоксидант буюу эд эсийн исэлдлийг бууруулдаг бодис ихээр агуулагддаг ажээ.

Б.Нетаньяху: Ираны асуудлыг Сиритэй адилаар шийдэх хэрэгтэй

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ираны цөмийн асуудлыг Сирийн химийн зэвсгийн асуудлыг яаж шийдсэн шиг шийдэх хэрэгтэй хэмээн мэдэгдлээ. Тэрээр Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээ хийсний эцэст ийнхүү мэдэгдсэн байна. “Дэлхийн улс орнууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж, Ираны уран баяжуулалтыг зогсоож, цөмийн байгууламжийг нь буулгах ёстой” хэмээн Нетаньяху нэмж хэллээ. Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг ойрын үед шийдвэрлэнэ гэдэгт итгэж буйгаа Кремлийн тэрүүн илэрхийлэв.

Хар тамхи наймаалагчдыг баривчилжээ

Франц, Бельги, Голландад цагдаагийн хамтарсан тусгай ажиллагаа болж, хар тамхи наймаалдаг 40 орчим этгээдийг баривчилжээ. Хууль сахиулах байгууллагаас мэдэгдэж буйгаар, саатуулагдсан хүмүүс нь Голландад үүрлэдэг хар тамхины томоохон мафийн гишүүд аж. Тус мафи Бельги, Францад хар тамхи оруулж, наймаалдаг байна. Баривчилгааны үеэр найман кг героин, зэр зэвсэг болон ихээхэн хэмжээний бэлэн мөнгө илрүүлэн хураажээ. Гурван улсын цагдаагийн хамтарсан ажиллагаа Голландын хар тамхины мафид томоохон цохилт өгчээ.

Киргизийн Ерөнхийлөгч таэквондогийн мастер болов

Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевт Солонгосын уламжлалт гардан тулаан таэквондогийн хүндэт есдүгээр дан (зэрэг) олгожээ. Тэрээр Өмнөд Солонгост айлчлах үеэрээ Сөүл хот дахь “Куккивон” таэквондогийн дэлхийн академид зочилсон юм. Энэ үеэр түүнд дээрх зэргийг олгожээ. Есдүгээр дан нь энэ урлагийн бүх гайхамшиг, сэтгэлийн хүчийг эзэмшсэн мастерт олгодог таэквондогийн хамгийн дээд зэрэг юм. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд энэ зэргийг олгосон ажээ.

Израилиудын гуравны нэг нь 17-оос доош настай

Израилийн Статистикийн хорооноос гаргасан тоо баримтаар, тус улсын хүн амын гуравны нэг нь 17-оос доош насны хүүхэд байна. Тэдгээр хүүхдийн 70 хувь буюу нэг сая 846 мянга нь еврей, 27 хувь буюу 619 мянга нь араб гаралтай ажээ. Иерусалим хотын хүн амын 40 хувь, Тель-Авивын иргэдийн 20 хувь нь 17-оос доош настай байна. Еврей хүүхдүүдийн 13.2 хувь нь ЗХУ-аас очиж суурьшсан еврей хүмүүсийн үр удам аж.

Эмэгтэйчүүдэд зориулсан анхны банк

Энэтхэгийн банкны эзэд санхүүгийн асуудал дээр эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг асуудлыг шийдвэрлэхийн тулд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан банк нээхээр болжээ. Уг банкинд зөвхөн эмэгтэйчүүдэд үйлчилж, нэрийн данс нээж, орон сууц, бизнесийн зээл авах зээлийн карт олгож, хадгаламж авах ажээ. Ийм банк нээх санаачилгыг Ерөнхий сайд Манмохан Сингх гаргасан байна.
Эмэгтэйчүүдэд зориулсан банк нээгдсэнээр энэтхэг бүсгүйчүүд санхүүгийн чадвараа дээшлүүлж, мөнгө санхүүгээр нөхрөөсөө хараат байх боломжийг бий болгоно хэмээн үзэж байна. Тус банк мөн эмэгтэйчүүдийг ажилд авах ажээ. Энэтхэгт эмэгтэйчүүд бүх цалингаа нөхөртөө тушаадаг тул санхүүгийн хувьд шударга бус байдал үүсдэг аж. Шинэ банк энэтхэг гэр бүлийг ийм зовлонгоос ангижруулах бололтой.

No comments:

Post a Comment