Wednesday, November 27, 2013




Фукушимагийн цагаан будаа эзэн хааны ширээн дээр

2011 оны хавар “Фукушима” цөмийн цахилгаан станц дээр осол гарсны дараа анх удаа ижил нэртэй цагаан будаа Японы эзэн хаан Акихитогийн ширээн дээр заларлаа. Эзэн хаан өөрөө “Фукушима” сортын будаа зооглохыг хүссэн аж. Ийнхүү Фукушима мужид тариалсан цагаан будаа цаашдаа төрийн цайллага, бусад албан ёсны арга хэмжээний зоогний нэг хэсэг болж байна.
Эзэн хааны ордны үйл хэргийг удирдах албаны дарга мэдэгдэж буйгаар, осол болсон станцаас ердөө 20 км-ийн зайтай Хирано хотод тариалсан 120 кг цагаан будааг захиалж авчээ. Фукушимагийн ослоос хойш гурван жилийн дараа энэ хот цагаан будааны тариалангаа сэргээсэн юм. Өнгөрсөн сард Хирано хотын хоёр тн цагаан будааг Ерөнхий сайд Шинзо Абэд илгээжээ. Фукушимагийн цагаан будааг эхлээд Засгийн газрын тэргүүн, дараа нь эзэн хаан захиалж авсан  нь тус мужийн газар тариаланг сэргээхэд ихээхэн түлхэц боллоо хэмээн Хирано хотынхон үзэж байна.

Францууд биеэ үнэлэлтийн эсрэг тэмцэнэ

Францын эрх баригч Социалист нам улаан дэнлүүний газраар үйлчлүүлж буй хүмүүсийг гэмт хэрэгтэн гэж үзэх хуулийн төслийг санаачлан парламентад оруулаад байна. Биеэ үнэлэгч авч байгаад баригдвал эхний удаа 1500 евро, дараагийн удаа хоёр дахин их мөнгөөр торгох заалтыг хуулийн төсөлд тусгажээ. Энэ санаачилга биеэ үнэлэгчид болон эрчүүдийн уур цухлыг бараад байна. Нэрт зохиолч Фредерик Бегбедерээр ахлуулсан францууд жагсаал зохион байгуулж “Биеэ үнэлэгчдээс минь савраа тат” хэмээн хашгиралджээ. “Эрх чөлөө аюулд ороод байна. Төр засаг бидний бие бялдрын нандин хэсгийг хяналтдаа авах гээд байна. Бид насанд хүрсэн хүмүүс шиг амьдармаар байна. Улс төртэй хутгалдсан тэнэг сексийн амьдрал бидэнд хэрэггүй” хэмээн Бегбедер ярилаа.

Washington Post-ийн редакцийг 159 сая доллараар худалдлаа

Washington Post сонин Вашингтон хотын төвд орших төв редакцийн байраа худалдах тохиролцоонд хүрчээ. Цагаан ордонтой тун ойрхон байдаг тус сонины редакцийг үл хөдлөх хөрөнгийн нэгэн компани 159 сая доллараар авч байгаа аж. Тус сонин шинэ байр олтол өөр газар байр түрээслэх бололтой. Amazon.com интернэт дэлгүүрийг үндэслэгч Жефф Безос 2013 оны намйдугаар сард Washington Post сониныг 250 сая доллараар худалдаж авсан юм. Энэ сонины сэтгүүлчид нэр хүнд бүхий Пулитцерийн шагналыг 47 удаа авсан байдаг. Гэвч сүүлийн үед рекламны орлого, захиалга багасч санхүүгийн бэрхшээлтэй тулгарах болжээ. Улмаар хэдэн зуун ажилтнаа халж, салбар редакцуудаа хаах болсон юм.

Ираны нефтийн даатгалд тавьсан хоригийг цуцлана

Европын холбоо Ираны нефтийн экспортын даатгалд тавьсан хоригийг цуцлах үйл явцыг эхлүүллээ хэмээн Японы NHK телевиз мэдээлэв. Иран болон бусад зургаан улс Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрсний үр дүнд даатгалын хоригийг цуцлахаар болж байгаа аж. Иран улс цөмийн хөтөлбөрөө зогсоож буйн хариуд өрнөдийн орнууд хориг арга хэмжээгээ цуцалж эхлээд байгаа билээ. Япон улс Иранаас багагүй нефть худалдаж авдаг бөгөөд даатгалыг нь Европын компаниудаар хийлгэдэг аж. Ираны лидерүүд зургаан талт хэлэлцээний тохиролцоог батласны дараа даатгалд тавьсан хориг шууд цуцлагдана хэмээн Европын холбооны төлөөлөгч мэдэгдлээ.

Шотландыг Европын холбоонд хүлээж авах ёсгүй

Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой Шотландын иргэд тусгаар тогтнолын төлөө саналаа өгвөл Шотландыг Европын холбоонд элсүүлэх ёсгүй хэмээн мэдэгдлээ. Европын холбооны бүрэлдэхүүнд багтдаг улсын аль нэг хэсэг нь тусгаар тогтновол тэр хэсэг нь Европын холбооны гадна үлдэнэ гэсэн дүрмийг Рахой иш үндэс болгожээ. Шотландын тусгаар тогтнолын талаарх бүх нийтийн санал асуулга 2014 оны ёсдүгээр сард болохоор төлөвлөгджээ. Шотландын иргэд Их Британиас тусгаар тогтнохын төлөө санал өгвөл Шотландыг Европын холбоонд элсүүлэх асуудлыг 28 гишүүн орны саналаар шийдэх юм. Испанид салан тусгаарлахыг хүсдэг Каталон муж байдаг. Каталоны иргэд мөн тусгаар тогтнолын талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг хүсдэг ч төвийн Засгийн газар нь хүлээн зөвшөөрдөггүй билээ.

No comments:

Post a Comment