Monday, November 18, 2013





Оксфордский толь бичиг “Оны үг”-ийг нэрлэв

Оксфордын англи хэлний толь бичгийг эрхлэн гаргагчид 2013 оны шилдэг шинэ үгийг нэрлэжээ. Selfie буюу өөрийнхөө зургийг авах гэдэг үг “Оны үг”-ээр шалгаруулав. Эхлээд зөвхөн олон нийтийн сүлжээний хэрэглэгчид ашиглаж байсан энэ үг яваандаа бүх нийтийн хэрэглээний үг болон хувирчээ. Selfie гэдэг нь ухаалаг утас болон веб-камерийн тусламжтайгаар өөрийнхөө зургийг авч, олон нийтийн сүлжээнд байрлуулах гэсэн утгатай үг юм.
2013 оны шилдэг үгийн уралдаанд twerk (хип-хоп бүжиг), bitcoin (виртуал валют), unlike (дургүй) зэрэг үг өрсөлджээ. Оксфордын толь бичиг нь англи хэлний шилдэг номуудын нэг юм. 1884 оноос хойш хэвлэгдэж байгаа энэ толь бичиг байнга шинэ үгээр сэлбэгдэн хэвлэгдэж байдаг ажээ.

Д.Бекхэм хөлбөмбөгийн клуб байгуулахад Леброн Жеймс хамтарч магадгүй

“Майами хотод хөлбөмбөгийн клуб байгуулах гэж байгаа Дэвид Бекхэмтэй хамтарч болох юм” хэмээн сагсан бөмбөгийн “Майами Хит” клубын тоглогч Леброн Жеймс ярьжээ. “Хамтрах тал дээр бид хоёулаа сонирхолтой байгаа. Дэвид бид хоёр хэдэн жилийн өмнөөс нөхөрлөж байна. Майами хот хөлбөмбөгийн клубтэй болвол хэрэгтэй. Бид хамтрах талаар ярилцсан. Бүх боломжит хувилбар, төслийн өртөг зэргийг судалж байна. Хөлбөмбөг Америкт идэвхтэй хөгжиж байна. Би эхлээд энэ спортоор хичээллэж байсан. Хүүхдүүд минь ч хөлбөмбөгт дуртай” хэмээн Леброн өгүүлэв.

Индонез жаал тамхиа хаясан ч өөр донтой болжээ

Гурван жил тамхи татсан таван настай индонез жаал Арди Ризал тамхиа хаясан ч түргэн хоолонд донтжээ. Хоёр настайгаасаа эхлэн тамхи татсан жаалхүү өдөрт 40 ширхэг тамхи татдаг байсан юм. Эдүгээ таван настай тэрээр саяхан тамхи татахаа больсон ч гамбургер идэх дон тусчээ. Түргэн хоолны мангас болсон Арди Ризал хагас жилийн дотор 25 кг жин нэмсэн байна.

М.Аббасыг Израилийн парламентад үг хэлэхийг урилаа

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Палестины автономийн тэргүүн Махмуд Аббасыг Израилийн дарламентад үг хэлэхийг урьжээ. “Энд, одоо би түүнийг уриалж байна. Аббас Израилийн парламентад ирж үг хэлэг, би Рамаллад очиж үг хэлье” хэмээн Нетаньяху ярилаа.  Тэрээр еврей үндэстэн Израилийн газар нутагтай дөрвөн мянган жилийн өмнөөс холбогдсон гэдэг түүхэн үнэнийг хүлээн зөвшөөрөхийг Палестины тэргүүнээс хүсчээ. Израиль-Палестины энхийн хэлэлцээ үргэлжилж байгаа ч олигтой ахиц гарахгүй байгаагийн улмаас Палестины төлөөлөгчид хэлэлцээнд оролцохоос татгалзаад байна.

“Боинг 737”-ийн хар хайрцгийг олжээ 

Казаньд осолдсон “Боинг 737” онгоцны хар хайрцгийг олж Улс хоорондын нислэгийн хороонд хүлээлгэж өгчээ. Энэ тухай ослын шалтгааныг судлан тогтоох Улс хоорондын нислэгийн хорооны техникийн комиссоос мэдэгдлээ. Казаньд болсон ослын улмаас 50 хүн амь насаа алдсан билээ. Ослын шалтгааныг тогтооход туслахаар АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажилтнууд Орост ирээд байна. Казаньд унасан “Боинг 737”-ийн хар хайрцаг ихээхэн гэмтсэн байжээ.

Шувууны ханиад 163 хүний аминд хүрээд байна


Индонезийн Баруун Ява мужийн 31 настай эмэгтэй H5N1 вирусээр халдварлан нас барснаар шувууны ханиадаар амиа алдсан хүний тоо тус улсад 163-т хүрээд байна. Уг эмэгтэй долоо хоногийн өмнө уг өвчнөөр халдварласан ч шууд эмнэлэгт хандалгүй цаг алдсан байжээ. Индонезид H5N1 вирусээр халдварласан 195 тохиолдол бүртгэгдээд байна. Халдвар авсан цөөн хэдэн хүн үхлээс зайлж чадлаа хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.

No comments:

Post a Comment