Tuesday, November 19, 2013





Тахрир талбайд цугласан жагсагчдыг хүчээр тараав

Киар хот дахь Тахрир талбайд эсэргүүцлийн жагсаал хийсэн хүмүүсийг цагдаа нар хүч хэрэглэн тараажээ. Цагдаа, хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу чулуу нүүлгэж байсан жагсагчдыг нулимс асгаруулагч хий, хуягт техник ашиглан тараасан байна. Энэ үеэр 16 хүн гэмтэж бэртжээ.
“France Presse” агентлаг мэдээлж буйгаар, уг жагсаалд эрх мэдлээсээ зайлуулагдсан Ерөнхийлөгч Мохамед Мурсийг дэмждэг “Лалын ахан дүүс” байгууллага оролцоогүй аж. Одоогийн эрх баригчдыг эсэргүүцдэг иргэд Тахрир талбайд цугласан байна.  Нийслэл Каир хот даяар аюулгүй байдлыг чангатгаж, зарим талбай, гудамжинд цэргүүд, хуягт техникүүд байраа эзэлжээ. Эрх баригчид “Лалын ахан дүүс” хөдөлгөөний эсэргүүцлийн жагсаалаас ихээхэн айж байна.

Норвегийн арми цагаан хоолтой болно

Норвегийн армийн цэргүүд даваа гариг бүр цагаан хоол идэж байхаар болжээ. Зэвсэгт хүчний удирдлага ийнхүү цаг агаарын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулж байгаа аж. “Байгаль экологид бага хохирол учруулдаг бүтээгдэхүүн, хоол хүнсийг хүн бүр ашиглах хэрэгтэй болоод байна” хэмээн армийн төлөөлөгч Эстин Кварвин ярьжээ. Норвегийн зэвсэгт хүчин долоо хоногт нэг цагаан хоолтой болсноор жилд 150 тн мах хэмнэж байгаа юм. Даваа гариг бүрийг махгүй өдөр болгохын төлөө байдаг Норвегийн экологийн бүлэг дээрх санааг сайшаав. “Зэвсэгт хүчин хүрээлэн буй орчныг хамгаалах үйлст багагүй хувь нэмэр орууллаа” хэмээн тус бүлгийн тэргүүн Хермстад ярилаа.

Мадонна орлогоороо тэргүүлжээ

Америкийн дуучин Мадонна 2013 онд хамгийн их орлого олсон дуучдын жагсаалтыг тэргүүлэв. Тэрээр сүүлийн нэг жилд 125 сая долларын орлого олжээ. Хоёр он дамнан тоглосон түүний аялан тоглолт нийт 305 сая доллларын ашиг авчирчээ. Хоёрдугаар байрт 80 сая доллар халаасласан Леди Гага жагсчээ. Жон Бон Жови 79 саяын орлогоор эхний гуравт багтжээ. Дуучин Леди Гага Born This Way Ball аялан тоглолтоо дуусгасан бол 160 сая долларын орлого олох байжээ.

Б.Обамагийн зөвлөх тагналт, чагналтыг зөвтгөв

АНУ-ын тусгай албад телефон утасны яриаг чагнах эрхтэй байх нь терроризмтэй үр дүнтэй тэмцэхэд тустай хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн терроризмийн эсрэг тэмцлийн зөвлөх Лиза Монако мэдэгдэв. Үндэсний аюулгүй байдлын агентлаг, Тагнуулын төв газар зэрэг тусгай албадын чухал үүрэг оролцоог мартаж болохгүй хэмээн тэрээр хэлж байна. “Тусгай албадын ашигладаг хөтөлбөр, програм хүмүүсийн амьдралыг аварч байдаг. Террористуудын төлөвлөгөөг таслан зогсооход мэдээлэл чухал үүрэгтэй” хэмээн Ерөнхийлөгчийн зөвлөх онцолжээ.

Лондон, Парис, Сингапур - оюутны шилдэг хотууд

Оюутнуудад ээлтэй дэлхийн шилдэг хотоор Лондон, Парис, Сингапур шалгарчээ. Best student cities 2014 жагсаалтыг Британийн Quacquarelli Symonds компани боловсруулан гаргасан байна. Оюутны шилдэг хотыг амьдралын түвшин, оюутнууд болон ажил олгогчдынх нь нэр хүнд, боловсрол олж авах боломж, их дээд сургуулиудынх нь чансаа зэрэг үзүүлэлтээр шүүж гаргасан байна. 250 мянгаас их хүн амтай, дэлхийн шилдэг их дээд сургуулийн жагсаалтад багтсан дор хаяж хоёр их дээд сургуультай хотуудыг энэ шүүлтүүрээр оруулжээ.

60 мянган хууль бус цагаачийг гаргалаа

Саудын Араб хоёр долоо хоногийн дотор 60 мянган хууль бус цагаачийг эх орноосоо гаргажээ. Энэ тухай тус улсын Дотоод хэргийн сайд, ханхүү Мохамед Бен Наиф мэдэгдлээ. Хууль бус цагаачдыг илрүүлж, албадан гаргах кампанит ажил цаашид ч үргэлжлэх аж. Хөөгдөж гарсан иргэдийн дийлэнх нь Бангладеш, Филиппин, Энэтхэг, Балба, Пакистан, Йемений харъяатууд ажээ. Саудын Арабын газар нутагт хууль бусаар нэвтэрсэн, эсвэл оршин суух хугацаа нь дууссан иргэд сайн дураараа гарч явах “өршөөл”-ийн хугацаа дууссаны дараа албадан гаргах кампанит ажил эхэлсэн билээ.

Д.Кэмерон, Х.Рохани нар утсаар ярьжээ

Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Ираны Ерөнхийлөгч Хасан Роханитэй телефон яриа өрнүүлжээ. Утсаар ярих санаачилгыг Британийн тал гаргасан байна. Хоёр улсын лидер Их Британи, Ираны хоорондох дипломат харилцааг сэргээх тухай болон Ойрхи Дорнод дахь нөхцөл байдлын талаар ярилцжээ. Британийн Засгийн газрын тэргүүн сүүлийн арван жилд анх удаа Ираны Ерөнхийлөгчтэй утсаар ярьж буй нь энэ юм. Хоёр улс дипломат харилцаагаа сэргээхээр тохиролцоод байгаа билээ. 

No comments:

Post a Comment