Н.Мадурод онцгой эрх олголоо
Венесуэлийн Үндэсний ассамблей улс орны Ерөнхийлөгч
Николас Мадурод онцгой эрх олгох хуулийн төслийг баталжээ. Парламентаар
батлуулалгүй зарлиг, тушаал гаргах эрхийг Мадурод олгож байгаа тусгай хууль нэг
жилийн хугацаатай үйлчлэх юм. Ерөнхийлөгчийн талыг баримтлагчид ихэнхийг
бүрдүүлдэг Үндэсний ассамблейн 165 депутатын 99 нь дээрх хуулийг төслийг лэмжин
баталжээ.
Николас Мадуро онцгой эрх олгох хүсэлтээ аравдугаар сарын
эхээр Үндэсний ассамблейд илгээсэн юм. Тэрээр онцгой эрх мэдлийн тусламжтайгаар
улс оронд нүүрлээд байгаа авлига, эдийн засгийн дайнтай тэмцэхээр зэхэж байна. Тухайлбал,
төрийн тэргүүн хувийн бизнесийн сектор болон үнэ хөөрөгдөн дамлагчид дээр хатуу
чанга хяналт тогтоох бололтой. Онцгой эрх мэдэлгүй бол Венесуэльд социализм
байгуулах боломжгүй болно хэмээн Мадуро үзэж байгаа аж.
Ерөнхийлөгч онцгой эрх мэдлийг сөрөг хүчнийг нухчин
дарахад ашиглах гэж байна хэмээн Мудурог эсэргүүцэгчид үзэж байна. Сөрөг хүчний
лидер Энрике Каприлес Үндэсний ассамблейн шийдвэрийг “Венесуэль иргэдийн эсрэг
луйвар” хэмээн нэрлэжээ. Э.Каприлес 2013 оны дөрөвдүгээр сард болсон
Ерөнхийлөгчийн сонгуульд тун бага зөрүүгээр Мадурод ялагдаж байсан билээ.
1999-2013 онд Венесуэлийг удирдаж байсан өмнөх
Ерөнхийлөгч Уго Чавес хэд хэдэн удаа онцгой эрх олж авч байсан юм. Хамгийн
сүүлд 2010 онд Уго Чавест онцгой эрх олгосон хуулийг баталж байжээ. Тэрээр
онцгой эрх эдэлж байхдаа 200 орчим хууль, зарлиг гарган нефтийн олон улсын
компаниудыг улсын мэдэлд авч, дээд шүүх дээр эрх мэдлээ бэхжүүлж байжээ.
Венесуэль улсад инфляц 54 хувьд хүрээд байгаа юм. Үүний
зэрэгцээ улс оронд хүнсний болон бусад барааны хомсдол үүсч, эрчим хүч
нийлүүлэлтэд ноцтой доголдол бий болжээ. Ерөнхийлөгч Мадуро эдийн засгийн “ажил
хаялт”-тай тууштай тэмцэнэ хэмээн мэдэгдээд дэлгүүрүүдийг барааныхаа үнийг 60
хувь буулгах ёстой хэмээн үзэж санасандаа хүрээд байна.
Каракасын Засгийн газар
мөн хар зах дээр цэцэглэн хөгжиж байгаа валютын арилжаан дээр хатуу хяналт
тогтоохоор эрмэлзэж байна. Онцгой эрх мэдэл “эдийн засгийн дайн”-ы эсрэг
тэмцлийг шинэ шатанд гаргаж, эдийн засгийн өсөлтийн үндэс суурийг тавина хэмээн
Мадуро амлалаа. Николас Мадуро өмнөх Ерөнхийлөгч Уго Чавесийн бодлогыг
үргэлжлүүлэх бодолтой байгаа ч нэр хүнд нь тийм өндөр биш байна. Аравдугаар
сарын 8-нд Венесуэльд орон нутгийн сонгууль болох юм.
No comments:
Post a Comment