Вашингтон Ираны найман тэрбум долларыг
чөлөөлөв
АНУ дахь Ираны найман тэрбум долларын данс,
актив чөлөөлөгдөж, гүйлгээ хийгдэх болсныг Тегераны эрх баригчид мэдэгдлээ. Ираны
цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талт хэлэлцээ нааштай үр дүнд хүрсний дараа АНУ-д
хаагдаад байсан Ираны данс, активууд ийнхүү нээгдэж эхэлжээ. Тегераны засаг
захиргааны төлөөлөгч Бакер Нобаж мэдэгдэж буйгаар, чөлөөлөгдсөн мөнгө, дансыг
ашиглаж болох бөгөөд зарим хэсгийг нь Ираны мөнгөнд шилжүүлэн авч, үлэмж
хэсгийг нь АНУ дахь дансанд нь үлдээн гүйлгээ хийх ажээ.
АНУ, Орос, Хятад, Франц, Герман, Их Британи
болон Ираны хоорондох хэлэлцээ амжилттай төгссөнөөр Ираны эдийн засагт нааштай
нөлөөлж байгааг ажиглагчид онцолж байна. Улмаар Лалын бүгд найрамдах Иран улсын
эсрэг хориг арга хэмжээг зөөлрүүлэх, цөөрүүлэх боломжтой болж байгааг онцлов. Женевт
болсон зургаан талт хэлэлцээгээр Ираны цөмийн хөтөлбөрийг зургаан сарын турш
хэсэгчлэн зогсоох тохиролцоонд хүрсэн билээ. Ийнхүү Тегераныг цөмийн зэвсэг
бүтээх гэж байна гэсэн санаа зовнил нэг хэсэгтээ намжаад байна. Тохиролцоо
ёсоор, Ираны тал уран баяжуулалтаа таван хувиас хэтрүүлэхгүй байх амлалт авч,
олон улсын шинжээчдээр хянуулахаар болжээ. Мөн цөмийн түлшний нөөцөө
нэмэгдүүлэлгүй Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн хяналтад байлгах
үүрэг хүлээж байгаа аж.
Үүний
хариуд дэлхийн улс орнууд Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахгүй, одоо
хэрэгжиж буй хориг арга хэмжээг цуцлах асуудлыг судлах амлалт авчээ. Гадаадад
түгжигдсэн Ираны нефтийн худалдааны
орлогыг Иран руу буцааж өгөх, Ираны нефтийн экспортыг одоогийн түвшинд нь хадгалах
тохиролцоо хийгдсэн юм. Мөн Ираны нефть, химийн бүтээгдэхүүн, алт, үнэт метал,
автомашины үйлдвэрлэлийн экспорт, нисэх онгоцны сэлбэгийн импортод тавьсан
хоригийг цуцлахаар болж байгаа. Үүний
зэрэгцээ хоол хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эм бэлдмэл, эмнэлгийн тоног
төхөөрөмж, гадаадад сурдаг иран оюутнуудын сургалтын төлбөр зэргийг гүйцэтгэх “хүмүүнлэгийн
суваг” нээгдэж байгаа ажээ.
No comments:
Post a Comment