Wednesday, October 30, 2013






Титогийн эхнэрийн шарилаас цэргийн шагналуудыг хулгайлжээ

Югославын лидер Иосиф Броз Титогийн эхнэр Йованка Брозын шарилаас цэргийн таван одон медаль хулгайд алдагджээ. Йованка Броз саяхан нас барж түүнийг аравдугаар сарын 26-нд Белград дахь бунханд оршуулсан юм. Оршуулгын дараа шарил дээр Йованкагийн авсан одон медалийг тавьсан байжээ. Тэрээр дэлхийн II дайны үед Югослав дахь фашизмийн эсрэг нууц бүлгэмд элсэж тулалдаж явсныхаа төлөө одон, медалиар шагнуулж байв. Иосиф Титогийн гурав дахь эхнэр Йованка Броз 2013 оны аравдугаар сарын 20-нд 88 насандаа таалал төгсчээ.

Австралиуд Азийн орнуудыг тагнадаг байжээ

Австралийн тагнуулын албад элчин сайдын яамдаараа дамжуулан Азийн орнуудыг тагнадаг байсан тухай Sydney Morning Herald сонин Эдвард Сноудений задруулсан мэдээллээс иш татан мэдээлэв. Австралийн Радио техникийн хамгаалалтын удирдлага хэмээх маш нууц байгууллага гадаад дахь элчин сайдын яамаараа дамжуулан тагнуулын мэдээлэл цуглуулдаг аж. Жакарта, Бангкок, Ханой, Бээжин, Дели, Куала-Лумпур хотод Австралийн тусгай албад идэвхтэй ажилладаг байжээ. Австрали улс АНУ, Канад, Их Британи, Шинэ Зеландтай хамтран Stateroom хэмээх ажиллагааны хүрээнд дээрх тагнуулын ажиллагааг явуулдаг байсан аж.

Турвал романтик бус болно

Турах нь романтик харилцаанд саад болдог хэмээн Америкийн эрдэмтэд баталж байна. Судлаачид хоёр жилийн дотор 15 кг жин хаясан 42 хосыг ажигласны эцэст ийм дүгнэлт хийжээ. Турснаар сексийн харилцаа, хооллох дэглэм, амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлж байгаа нь харагдсан байна. Мэдэгдэхүйц жин хаясан хосуудын бараг тал хувийн нь харилцаа муудаж, салалтаар төгсч байжээ. Турж, жин хассанаар мэдрэлийн систем цочролд орж, аливаа өөрчлөлтөд хүчтэй хариу барьдаг хэмээн эрдэмтэд үзэж байна.

Нью-Йоркт 21-ээс доош насныханд тамхи худалдахгүй

Нью-Йоркийн эрх баригчид 21-ээс доош насныханд тамхи худалдахыг хориглосон шийдвэр гаргалаа. Хотын зөвлөлийн хурал дээр олонхийн саналаар ийм шийдвэр гарчээ. Хоригийг 35 хүн дэмжиж, 10 нь эсэргүүцсэн байна. Энэ хориг батлагдсаны дараа тус хотын 18-20 насны тамхичид 55 хувиар багасна хэмээн тооцоолжээ. 21-ээс доош насныханд тамхи, мөн электрон тамхийг ч хориглож байна. Нью-Йорк нь баар, ресторан, олон нийтийн газар тамхи татахыг хориглосон АНУ-ын анхны хот юм. Анх энэ шийдвэрийг дургүйцэн хүлээн авч байсан ч эдүгээ бүгд хүлээн зөвшөөрдөг болжээ.

Киргизид хуримыг “бөөндөв”

Киргизийн нийслэл Бишкек хотод 50 хос зэрэг хуримлав. “Бөөн хурим”-ыг Киргизийн Хөдөлмөрийн яам болон Залуучуудын холбоо хамтран зохион байгуулжээ. Хуримын хувцас, бэлэг, бөгж гээд бүх зардлыг улсын төсвөөс гаргасан байна. Үүнийг мэдсэн киргиз хосууд олноороо хуримаа хийх хүсэлтээ илэрхийлсэн ч тоог 50 хосоор хязгаарлажээ. Энэ ёслол ямар ч шашинтай холбоогүй, зүгээр л иргэний хурим хэмээн хотын захиргаанаас зарлав. Киргизийн эртний ёсонд ингэж бөөнөөрөө хуримладаг байжээ.

Эрчүүдийн амьдрал хэзээ эхэлдэг вэ

Эр хүний амьдрал 40 наснаасаа эхэлдэг гэж үздэг байлаа. Тэгвэл саяхан явуулсан судалгаагаар, эрчүүдийн амьдрал үнэндээ 54 наснаас “эхэлдэг” болох нь харагджээ. Тэд энэ л насандаа тайвширч, санаа зовох зүйлгүй болж, “нас биед” хүрснээ мэдэрч, амьдрал нь налайж ирдэг байна.
Өмнөх үеийнхэн эрт эцэг болж, санхүүгийн бэрхшээлд орох нь их байдаг байсан бол сүүлийн үеийнхэн ийм дарамтаас ихээхэн ангижирчээ. Эдүгээ эрчүүдийн гуравны хоёр нь 30 орчим насандаа анх удаа эцэг болж байгаа аж.
Тэгвэл эрчүүд юунаас айдгийг бас тодруулсан байна. Тэд ихэвчлэн ганцаардал, эрүүл мэнд, санхүүгийн бэрхшээл, бие бялдар нь сульдаж доройтохоос айдаг. Мөн хараа, шүд муудах, салалт болон чалхгүй болохоос айдаг ажээ.

No comments:

Post a Comment