Tuesday, October 29, 2013




Стив Жобсын амьдарч байсан байшинг музей болгоно

Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс өсвөр, залуу насандаа амьдарч байсан байшинг хотын захиргаанаас түүхэн байгууламжид бүртгэж авчээ. Калифорни дахь Лос-Альтос хотын удирдлага энэ байшинг С.Жобсын гэр музей болгох сонирхолтой байна. Эдүгээ энэ байшинд амьдарч байгаа С.Жобсын эгч  Патрисиа мөн ийм бодолтой байжээ.
Стив Жобсыг долдугаар сангийн сурагч байхад эцэг эх нь Лос-Альтос хот дахь энэ байшинд нүүж иржээ. Энэ байшин болон автомашины гарааш нь Apple компани үүсэн байгуулагдахад гол үүрэг гүйцэтгэсэн юм. Стив Жобс, Стив Возняк нар 1976 онд Apple I компьютерийнхээ эхний 50 ширхэгийг энэ байшинд угсарч байжээ.

Зүүн Иерусалимд 1500 байшин барина

Израилийн эрх баригчид Зүүн Иерусалимд 1500 шинэ байшин барихаар болжээ. Зүүн Иерусалим дахь Рамат-Шломо еврей тосгонд шинэ байшин барих төслийг Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Гадаад хэргийн сайд Гидеон Саар нар дэмжсэн байна. Барилгын ажил ойрын үед эхлэх бололтой. Вашингтонд болсон уулзалт, хэлэлцээний үеэр Палестины тал дээрх шийдвэрийг зөвшөөрсөн аж.
Тель-Авивын эрх баригчид 26 палестин хоригдлыг чөлөөлсний дараа шинэ байшин барих шийдвэрээ танилцуулжээ.
НҮБ Зүүн Иерусалимыг Израильд эзлэгдсэн Палестины газар нутаг хэмээн үздэг. Тэнд еврейн сууринг өргөжүүлж башин барих нь ихээхэн маргаан дагуулсаар ирсэн билээ.

“Лалын ахан дүүс”-ийн лидерийг баривчлав

Египетийн эрх баригчид “Лалын ахан дүүс” хөдөлгөөний нэг лидер Ассам Арианыг баривчиллаа. Түүнийг яагаад баривчилсныг ойрын хугацаанд тайлбарлана гэв. Ассам Ариан нь “Эрх чөлөө, шударга ёс” намын дэд дарга, “Лалын ахан дүүс” хөдөлгөөний улс төрийн жигүүрийн тэргүүн юм. Тэрээр сүүлийн үед Египетэд болсон эсэргүүцлийн хөдөлгөөний гол ухуулагчаар тодроод байв. “Лалын ахан дүүс” хөдөлгөөний олон лидер, удирдагч баривчлагдаад байна. Тэднийг эмх замбараагүй байдал, хүчирхийллийг өдөөн турхирсан хэрэгт буруутгаж байгаа аж. 2013 оны есдүгээр сарын 23-наас хойш тус хөдөлгөөний ямар ч үйл ажиллагааг шүүхийн шийдвэрээр хориглоод байгаа билээ.

Б.Обама НҮБ-ын төв байрыг тагнахыг зогсоо хэмээн үүрэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Үндэсний аюулгүй байдлын агентлагийг Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд ажилладаг дипломатуудыг тагнаж, чагнахаа зогсоо гэсэн үүрэг өгчээ. АНУ-ын тагнуулын програмыг эргэн нягталж, шалгах үеэр ийм Ерөнхийлөгч ийм үүрэг өгсөн хэмээн мэдээлж байна. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын агентлаг ч, НҮБ ч ямар нэг тайлбар хийсэнгүй.
Нью-Йорк дахь НҮБ-ын төв байр байнга АНУ-ын тагнуулын албадын хараа, хяналт дор байдаг аж. НҮБ-д суудаг гадаадын дипломат, төлөөлөгч нэрийн дор АНУ-ын газар нутаг дээр тагнуул явуулж байж магадгүй хэмээн үзсэний үндсэн дээр тэднийг ингэж тагнадаг байжээ.

Дэлхийн хамгийн өндөр хүн хайраа олжээ

Туркийн Мардин хотод дэлхийн хамгийн өндөр хүн Султан Косэний хурим боллоо. Тэрээр 2.51 метр өндөр, сүйт бүсгүй Мерви Дибо нь 1.75 метр нуруутай. Сүйт хархүүгийн хуримын хувцсыг хийхэд зургаан метр даавуу оржээ. “Ямар их жаргалтай байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй нь. Би энэ дэлхийн хамгийн жаргалтай хүн гэдгээ л хэлэх байна. Энэ бүсгүй бол миний бүхий л амьдралын хайр” хэмээн 31 настай Султан хэллээ. Түүний хайрт бүсгүй нь 20 настай. Султан Косэн Туркийн зүүн нутагт жирийн гэр бүлд мэндэлжээ. 2009 онд түүний өндөр 2.47 метрт хүрч Гиннесийн номд бүртгэгдсэн байна.

No comments:

Post a Comment