Япон дахь “Өвсөн
тэжээлтнүүд”-ийн синдром
Япон залуус найз
хос болох, гэрлэх, тэр тусмаа “үүлэн борооны ажил” хийх сонирхолгүй болжээ. Тэд
хайр сэтгэл, “үүл бороо”-г ажил, албан тушаал ахихад саад болдог гэж бат нот
итгэдэг болсон нь ийнхүү “хүмүүний шинэ хандлага” бий болоход хүргэсэн
бололтой. Эдүгээ Япон улс “sekkusu shinai
shokogun” буюу “Гоонь синдромд”-д нэрвэгдээд байна. Хамгийн сүүлчийн
судалгаанаас үзэхэд, хоёр япон оюутны нэг нь “хангал догшин” хэвээрээ явж
байна. Залуусын 60 хувь нь хэн нэгэнтэй дотно харилцаа тогтоохоос эрс татгалзаж
байгаа нь харагджээ.
Японы Сексийн
боловсролын холбооноос залуус, өсвөр үеийнхний дунд өргөн хүрээтэй судалгаа
явуулж дүнг нь гаргасан аж. Оюутнуудын 40 хувь нь сексийн харилцаанд орж
үзээгүй, 16-19 насны өсвөр үеийнхний 35.2 хувь нь хэзээ ч сексийг сонирхож
байгаагүй гэжээ. Энэ үзүүлэлт 2008 оныхоос хоёр дахин нэмэгдсэн байна.
Наран улсад
гоонь, ганц бие байх нь моодонд орж байгаа аж. Гэхдээ секс, гэр бүлийн
харилцааг зөвхөн ажил, албан тушаал ахихад саад гэж үздэгтээ бус өөр хүчин зүйл
байгаа бололтой. Жишээ нь, хүнтэй дотносох, нөгөө хүндээ илүү цаг, зав
зарцуулах, сексийн харилцаанд орох зэргээс татгалзаж, дургүй болох нь өндөр
хөгжилтэй орнуудын “өвчин” хэмээн мэргэжилтэн Абигал Хаворс үзэж байна. Техник,
технологи хөгжих тусам хүмүүс секст улам сонирхолгүй болж, сонирхдог нэг нь
виртуал, интернэт орчинд хэрэгцээгээ хангаж, эсвэл робот хүүхэлдэйгээр “наадах”
болжээ. Японд төрөлтийн хувь дэлхий дээр хамгийн бага, залуус сексээс зугтсаар
байгаа үед энэ байдал ойрын хэдэн жилд арилахгүй хэмээн үзэж байна. Өнгөрсөн
жил тус улсад дөнгөж нэг сая гаруй шинэ хүн мэндэлсэн нь сүүлийн 16 жилийн
хамгийн доод үзүүлэлт ажээ. Энэ хандлага үргэлжилсээр байвал эдүгээ 126 сая
хүнтэй арлын Японы хүн ам 33 хувиар багасна хэмээн мэргэжилтнүүд тооцоолж
байна.
Даатгалын үйлчилгээ
үзүүлдэг Meiji Yasuda компани
30-аас доош насны 1500 орчим залуусын дунд судалгаа явуулахад, 40 хувь нь хэзээ
ч найз хүүхэнтэй байгаагүй гэжээ. Эмэгтэйчүүдийн 45 хувь нь, 24-өөс доош насны
эрчүүдийн 25 хувь нь секст ямар ч сонирхолгүй хэмээн хариулсан байна. Гэр бүл
төлөвлөлтийн мэргэжилтэн Кунио Китамура ийм хүмүүсийг тодорхойлох шинэ үг
хэллэг гаргаж ирсэн нь “soshoku danshi” буюу “Өвсөн тэжээлт хүмүүс”. Эдүгээ Японд сексийн дур сонирхолгүй
хүмүүсийг “Өвсөн тэжээлтнүүд”, “Махны сонирхолгүй хүмүүс” хэмээн нэрийдэх
болжээ.
Япон залуус “ориг” секст дургүй болсон нэг
шалтгаан нь интернэтээр, виртуал орчинд, мөн кибернетик хүүхэлдэйн
тусламжтайгаар дур хүслээ хангадаг болсонтой холбоотой. Виртуал, автомат
ертөнцийг хэт их шүтсэн, дээр нь секс бол карьерийн садаа гэж үздэг болсон нь
“Гоонь синдром”-ийг улам дэвэргэж байна. Япон эмэгтэйчүүдийн хувьд гэр бүлийн
амьдрал, ажил, карьерийг хослуулах бараг боломжгүй байдаг гэнэ. “Гэрлэлт бол
эмэгтэй хүний булш” гэсэн япон ардын зүйр үг байдаг аж. Үүнээс гадна, Японд
секс нь уламжлал ёсоор ил тод ярихыг хүсдэггүй сэдэв байсаар байна. Тэдний
ихэнх нь дотно, нандин амьдралынхаа талаар яриад байдаггүй. Эрүүл мэндийн
яамнаас гаргасан тоо баримтаар, оюутан, сурагчдын 90 хувь нь сексийн
боловсролын хичээл дээр дундаас дээш дүн авдаггүй ажээ.
No comments:
Post a Comment