Түвдэд үндэстэн хоорондын мөргөлдөөн дахин дэгдлээ
Түвдэд бугшсаар байгаа үндэстэн хоорондын мөргөлдөөн
дахин сэдрээд байна. Хималайн бүсийн тус нутагт өнгөрсөн бүтэн сайнд аюулгүйн
хүчнийхэн жагсагчид руу гал нээж 60 орчим хүнийг шархдуулсан тухай түвдүүдийн
эрхийг хамгаалагч байгууллагуудаас мэдээлж байна. Хятадын үндэсний баяр
аравдугаар сарын 1-нд болоход эрх баригчид түвд иргэдийг Хятадын далбааг
мандуулахыг шаарджээ. Үүнийг эсэргүүцсэн нэг түвдийг баривчлан хориод байсан
аж. Биру хот дахь түвдүүд түүнийг суллахыг шаардан жагсаал хийх үеэр дээрх
мөргөлдөөн болсон байна.
Түвдүүд тэр залууг суллахыг шаардан Засгийн газрын нэгэн
байрны өмнө цуглахад хятад цагдаа нар нулимс асгаруулагч хий, бороохой ашиглан
жагсагчдыг зодож, занчиж эхэлжээ. Иргэд эсэргүүцэн үймээн дэгдээх үеэр гал
нээсэн хэмээн Лондонд төвтэй Free Tibet байгуулагаас уламжилж
байна. Шархадсан 60 орчим хүнээс хоёр нь хүнд байдалтай байгаа аж. Сүүлийн үед
аюулгүй байдал сахиулагчдын зүгээс түвдүүдтэй зэрлэг балмад харилцах явдал эрс
нэмэгдэж байгааг Free
Tibet баталж байна.
Хятадын цагдаа нар эсэргүүцлийн жагсаалыг хатуу ширүүнээр
нухчин дардаг ч галт зэвсэг хэрэглэх нь тун ховор байдаг. Түвдүүдийг дэмждэг,
АНУ-д төвтэй International Campaign for Tibet (ICT) байгуулага “Эрх баригчид
ямар зэвсэг ашигласан нь тодорхойгүй ч 60 орчим хүн шархадсан нь батлагдсан”
хэмээн мэдээлэв. Харин Биру хотын цагдаагийн газрын ажилтан France Presse агентлагт ярихдаа “Эсэргүүцлийн жагсаал болоогүй, ямар нэг хүн шархдаж
бэртээгүй” гэсэн байна. Аравдугаар сарын 1-нд Засгийн газрын ажилтнууд түвд сүм
хийд, айл өрхийг гадаанаа Хятадын далбааг мандуулахыг шаардсан аж. Гэвч зарим
түвдүүд үүнийг эсэргүүцсэний улмаас жижиг мөргөлдөөн үүсч, хэд хэдэн хүнийг
баривчлаад байсан аж.
2008 онд Түвдийн нийслэл Лхаса хотод хятад үндэстний
эсрэг томоохон жагсаал болж мөргөлдөөн үүсч олон хүн амиа алдсан билээ. Тэр
цагаас хойш Хятад, Түвдийн олон мужид Бээжингийн харгис бодлогыг эсэргүүцсэн 120
орчим түвд хүн өөрийгөө шатаагаад байна. Хятадын коммунист намын лидерүүд солигдох
үед эсэргүүцлийн энэ хэлбэр дээд цэгтээ хүрсэн ч сүүлийн хэдэн сард эрс буураад
байгаа юм. Далай лам салан тусгаарлагч үзэл бодлоо түгээхийн тулд түвдүүдийг ийм
байдлаар турхирсаар байна хэмээн Бээжин буруутгасаар. Гэвч 1959 оноос хойш эх
нутгаасаа дүрвэн Энэтхэгт амьдарч байгаа Нобелийн шагналт Дээрхийн гэгээнтэн “Би
түвдүүдийг ийм зүйлд турхираагүй, харин ч үүний эсрэг байгаа. Түвдүүд өөрсдийн
итгэл үнэмшил, шийдвэрээр ийм үйлдэл хийж байна. Ийм цөхөрсөн үйлдлийг зогсоох
хүч надад алга” хэмээн мэдэгдсэн аж.
Түвд иргэд Засгийн газраас тавьдаг хатуу хяналт,
хязгаарлалтад сэтгэл дундуур байхын зэрэгцээ шашин, соёлын уламжлалыг нь хавчин
боож байгаад илт дургүйцдэг. Мөн Бээжингийн эдийн засгийн бодлого нь голдуу хан
үндэстнүүдэд ашиг тусаа өгдгийг шүүмжилсээр байна. Харин төвийн эрх баригчид “Түвдүүдийг
хараат байдлаас нь гаргаж, хөрөнгө оруулалт хийн, эдийн засгийг нь хөгжүүлж,
ард иргэдийнх нь амьдралыг сайжруулж байна” хэмээн мэдэгддэг аж. Гадаадын
сэтгүүлчид Түвдэд ажиллах хориотой байдаг тул тэнд юу болж байгааг хараат бус
байдлаар хүргэх боломжгүй байдаг. Түвд нь олон зууны өмнөөс Хятадын нэг хэсэг
байсан хэмээн Хятад улс үздэг бол, түвдүүд “1950 онд Хятадын цэрэг орж ирэх
хүртэл Түвд нь тусгаар үндэстэн байсан” хэмээн учирладаг. Мао Зедуны армийн
цэргүүд 1950 онд Түвдэд нэвтрэн орж бүс нутгийг “тайван замаар чөлөөлсөн”
хэмээн Бээжингийн эрх баригчид онцолдог аж.
No comments:
Post a Comment