Wednesday, October 2, 2013



Испаничууд бухын тулааныг сэргээхийг шаардав

Испанийн Сенат (парламентын доод танхим) 2012 оны нэгдүгээр сард үндэсний уламжлалт бухын тулааныг хориглох шийдвэр гаргасныг тус улсын депутатуудын танхим хүчингүй болгож магадгүй байна. Нийт орон даяар хэрэгжих ёстой дээрх шийдвэрийг цуцлахыг шаардсан 600 мянган хүний гарын үсэгтэй хүсэлт парламент дээр ирээд байна. Энэ баримт бичигт Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой, Сенатын тэргүүн асан Эсперанса Агирре, Нобелийн шагналт зохиолч Марио Варгас Жоса, дуучин Хоакин Сабана зэрэг нэр, цуутай хүмүүс байгаа юм. Испанид эрх барьж буй Ардын нам коррида буюу бухын тулааныг зөвшөөрүүлэхийн зэрэгцээ энэ цэнгүүнийг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлэхийг эрмэлзэж байна. Коррида нь Испанийн үндэсний соёл уламжлалын салшгүй хэсэг, нийт испаничуудын түүхэн чухал өв, цэнгүүн билээ.
Сенатаас баталсан хуулийг Испанийн төвийн Засгийн газарт “харшилтай” Каталон муж шууд л хэрэгжүүлж эхэлжээ. Гэвч испани иргэд энэ шийдвэрийг эсэргүүцэн, нийтээрээ дургүйцлээ илэрхийлсний дараа парламентын доод танхим энэ асуудлаар дахин хэлэлцүүлэг явуулахаар болов. 350 депутатын 180 нь асуудлыг дахин хэлэлцэхээр болж, дөнгөж 40 нь эсэргүүцсэн байна. Парламентын гишүүдийн ихэнх нь корридаг хууль ёсны гэж үзвэл Сенатаас гаргасан хориг цуцлагдах юм.
Гэвч корридаг Испанид байлгах уу, үгүй гэдэг нь маргаан дагуулсан хэвээр байна. Энэхүү зэрлэг цэнгүүнийг бүгд хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Бухын тулааныг парламент дээр авчран хэлэлцэж байгаа нь буруу, гаж үзэгдэл хэмээн сөрөг хүчнийхэн шүүмжилж байна. “Европын иргэншсэн, соёлтой улс оронд амьтныг тамлан, цусыг нь гоожуулж цэнгэдэг явдал байх ёсгүй” хэмээн сөрөг хүчний эвслийн Каталон дахь төлөөлөгч Франческ Санчес өгүүлэв. Каталон мужид корридаг хууль ёсны болговол амьтдын эрх гэж байхгүй болж, Испанийн нийгмийг дэлхий дахинд муугаар харах болно хэмээн тэрээр нэмж хэллээ. Гэвч Испаниас салан тусгаарлахыг хүсдэг каталан үндэстнүүд Испанийн билэгдэл болсон бүхнээс татгалзахыг хүсдэг нь нууц биш юм. Зүүний намуудаас гадна Испанийн амьтдыг хамгаалах нийгэмлэгүүд, Амьтдыг хамгаалах дэлхийн холбоо (WSPA) хүчтэй эсэргүүцэж байна. “Нийгэм өөрөө өөрчлөгдөж байхад хуучин уламжлал бүхнийг хадгалах боломжгүй. Зэрлэг уламжлалыг хоиглох ёстой” хэмээн WSPA-ийн төлөөлөгч Нина Даун ярилаа.
Бухтай тулалдан наадах цэнгүүн аль XV зуунд үүсчээ. Тэр үеийн Ромын хамба лам тавдугаар Пий сүмээс огцруулах шахалтаас айхдаа корридаг хориглож байсан гэдэг. Гэвч бухын тулааны үнэнч фэн, Испанийн хаан II Филипп хамба ламын хоригийг үл тоомсорлож, Испанид корридаг зөвшөөрсөн аж. Испанийн одоогийн хаан Хуан Карлос ч бухын тулааныг хориглохын эсрэг байдаг билээ.
Сенатаас гаргасан хоригийн улмаас 2012 оны нэгдүгээр сараас хойш корридад зориулан бух үржүүлдэг Испанийн олон зуун малчин, фермер хохирол амсаад байна. Мөн тореро буюу мэргэжлийн бухын тулаанчид ч ажилгүй, орлогогүй болжээ. 2009 оноос хойш тореро нарын тоо 13 хувиар цөөрөв. Испани даяар 11 мянган тулаанч тоологддог аж. Бухыг олон хүний өмнө алах, эсвэл нядалгааны газар тэрнээс аймшигтайгаар, олноор нь алах хоёрын хооронд ямар ялгаа байна аа хэмээн учирлах испаничууд олон байна. Испанид жил бүр хэдэн саяараа ирдэг гадаадын жуулчид XV зуунаас хойш Испанийн гол нэрийн хуудсын нэг болсон бухын тулааныг өөрийн нүдээр үзэхийг хүсдэг билээ. Тиймээс бухын тулаан нь уламжлалт өв соёлоос гадна олон хүнийг тэжээж, улсад багагүй орлого оруулдаг чухал салбар юм.
“Улс орон бүрт бусдаас ялгарах түүхэн өв соёл, уламжлал гэж байдаг. Коррида бол Испанийн нэг нэрийн хуудас. Би Испанийн бухын тулаан, зоригт тореро нарыг үзэхээр дөрвөн жил дараалан энд ирж байна. Гэвч корридаг хориглох талаар их ярих болж, хамгийн сүүлд коррида үзэхэд урьд өмнөх шигээ гоё, сэтгэл татам байхаа больсон байна лээ” хэмээн нэг гадаад жуулчин өгүүлэв. Корридаг сэргээхийг шаардсан жагсаал Каталон мужийн нийслэл Барселона хотод болоход олон мянган хүн оролцжээ.
Эдийн засгийн хямралын улмаас орон нутгийн эрх баригчид бухын тулаанд өгдөг санхүүжилтээ ихээхэн багасгасан аж. Ажилгүйдэл 26 хувьд хүрсэн нь иргэдийн коррида үзэх сонирхолд ч нөлөөлжээ. Канарын арал дээр 1991 онд бухын тулааныг хориглосон юм. Тэгвэл Каталон нь корридаг хориглосон Испанийн хоёр дахь муж болоод байна. 

No comments:

Post a Comment