Monday, October 14, 2013

Бразил цахим шуудангаа тагнуулаас хамгаална

Бразилийн Засгийн газар цахим шуудангаа тагнуулаас хамгаалахын тулд бүх хүчин чармайлтаа гаргахаа амлалаа. Ерөнхийлөгч Дилма Руссеф “Албан ёсны мэдээлэл, захидал солилцоог болзошгүй тагнуулын ажиллагаанаас хамгаалах цаг боллоо. Холбооны Засгийн газрын цахим системийг найдвартай болгох, халдлага, тагнуулд өртөхгүй байлгах үүргийг өгөөд байна” хэмээн мэдэгдэв.
АНУ, Канад хоёр хамтран Бразилийн Ерөнхийлөгч болон Бразилийн уул уурхай, эрчим хүчний яамыг цахим аргаар тагнаж байсан нь Тагнуулын төв газрын ажилтан Эдвард Сноудений задруулсан нууц материалаас ил болсон билээ. Үүний улмаас хатагтай Д.Руссеф АНУ-д хийх гэж байсан айлчлалаа цуцласан юм.

Сэжигтний ам зургийг гаргажээ

Их Британийн цагдаа 2007 онд Португалд англи охин Мадлен Макканнийг хулгайлсан хэрэгт холбоотой байж болох эрийн ам зургийг гаргаж тараалаа. Фото робот дээр дүрслэгдсэн эр Мадлен охин алга болох өдөр Прайа-де-Луж амралтын газар үзэгдсэн аж. Хоёр гэрчийн мэдүүлэг дээр үндэслэн дээрх ам зургийг гаргажээ.
Мадлен охин 2007 оны тавдугаар сарын 3-нд Португалын Прайа-де-Луж амралтын газраас алга болсон юм. Эцэг эх түүнийг ой дөрвөн сартай ихэр дүүтэй нь орхиод хооллохоор явсан байжээ. Португалын цагдаа энэ хэрэгт 41 хүнийг сэжиглэн шалгасан ч гэмт хэрэгтнийг олж чадаагүй билээ. Британийн цагдаа дээрх ам зургийг Португалын цагдаад өгчээ. Британийн цагдаа энэ эрийг Мадлен охиныг хулгайлсан хэрэгт холбоотой хэмээн үзэж байна. Тэрээр 30-40 орчим настай, германаар ярьж байсан аж.

Башар Асад: Нобелийн энх тайвны шагналыг надад өгөх байсан юм

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад химийн зэсвгийг устгах амлалтаа биелүүлнэ гэдгээ батлаад, Химийн зэвсгийг хориглох байгууллагад Нобелийн энх тайвны шагнал олгосон талаар “Энэ шагналыг надад өгөх байсан юм” хэмээн егөөдөв. Тэрээр Дамаск дахь Ерөнхийлөгчийн ордонд хэвлэл мэдээллийнхнийг хүлээн авч уулзахдаа ийнхүү мэдэгджээ. Сири улс химийн зэвсгээ устгах тал дээр тохиролцоонд хүрч, хэд хоногийн өмнө амлалтаа биелүүлж эхэлсэн билээ. АНУ тэргүүтэй холбоотнууд Сирийг довтлох хувилбарыг ярилцаж байсан ч эцэст нь дипломат арга замыг сонгож авсан юм. Сири улс хамгийн сүүлд 1997 онд химийн зэвсэг үйлдвэрлэсэн бөгөөд онцгой тохиолдолд хэрэглэнэ хэмээн хадгалсаар байжээ. 

No comments:

Post a Comment