Tuesday, October 8, 2013






Зорчигч бие даан нисэх онгоцыг газардуулав

Том биш нэгэн нисэх онгоцны цорын ганц зорчигч нисэх онгоцоо Хамберсайдын нисэх буудалд бие даан газардуулж чаджээ. Нисэгч нь ухаан алдсан байжээ. Нисэх буудлын диспетчерийн албаны хоёр мэргэжилтэн холбоогоор заавар өгсний дагуу онгоцыг амжилттай газардуулсан байна. Зорчигч эр тайван байж, диспетчерийн зааврыг яг таг биелүүлсэн тухай хэвлэлд бичжээ. Тэрээр нислэгийн туршлагатай ч нисэх онгоц газардуулж үзээгүй байсан аж. Харин нар өмнөөс хүчтэй гялбаж байсны улмаас мань эр гурав дахь оролдлогоороо онгоцыг газардуулсан байна.

Азербайжанд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо

Азербайжанд Ерөнхийлөгчийн сонгууль болж, санал авах хэсгүүд өчигдөр 07.00-18.00 цаг хүртэл ажиллажээ. Төрийн тэргүүний сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Ильхам Алиев, сөрөг хүчний нэгдсэн нэр дэвшигч Жамиль Гансанли тэргүүтэй арав орчим хүн өрсөлдөж байна. Азербайжан улсын 125 сонгуулийн тойргийн зургаан мянга гаруй хэсэгт санал авч дууссан ба ноцтой зөрчил, будлиан гарсангүй хэмээн Сонгуулийн хорооноос мэдээлэв. Одоогийн Ерөнхийлөгч И.Алиев 2003 оноос хойш улс орноо удирдаж байгаа билээ.

АНУ Египетэд цэргийн тусламж үзүүлсээр байна

АНУ Египетэд цэргийн тусламж үзүүлсээр байх болно хэмээн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мэдэгдлээ. “CNN телевизээр “АНУ Египетэд үзүүлдэг цэргийн тусламжаа зогсооход бэлэн байна” гэсэн мэдээлэл явсны дараа Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Кейтлин Хэйден дээрх мэдэгдлийг хийжээ.
Вашингтон удахгүй Каирт үзүүлэх ээлжит цэргийн тусламжийнхаа талаар мэдээлэл хийхээр бэлтгэж байна. Ерөнхийлөгч Б.Обама ч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс Египеттэй сайн харилцаагаа үргэлжлүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн юм. АНУ жил бүр Египетэд 1.23 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлсээр байна.

Н.Мадуро онцгой эрх мэдэл хүсч байна

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро парламентдаа хандаж, “эдийн засгийн дайн” болон авлигатай тэмцэхэд шаардлагатай байгаа онцгой эрх мэдэл олгохыг хүсчээ. Энэ тухай “El Nacional” сонин мэдээлэв. Тэрээр энэ хүсэлтээ парламентын танхимийн индэр дээрээс илэрхийлжээ.
“Авлига, далд эдийн засгийг зогсоохгүй бол улс оронд социализм байгуулж чадахгүй” хэмээн Мадуро онцолсон байна. Гадаад, дотоодын империалист хөрөнгөтнүүд Венесуэлийн эсрэг эдийн засгийн дайн өрнүүлж байна хэмээн тэрээр үзэж байгаа аж.

Б.Нетаньяху Грекийн эдийн засагт хөрөнгө оруулахыг уриалав

Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху эх орныхоо бизнесмэнүүдэд хандаж Грекийн эдийн засагт хөрөнгө оруулахыг уриаллаа. Тэрээр Грекийн Засгийн газрын тэргүүн Антонис Самарастай уулзсаны дараа Грек дахь эдийн засгийн хямралыг даван туулах тэмцэлд ихээхэн ахиц гарч буйг онцлон тэмдэглэжээ.
“Израиль улс Грект хөрөнгө оруулахыг уриалж байна. Удахгүй энэ урсгал нэмэгдэх болно. Ухаалаг бизнесмэнүүд тэнд хөрөнгө оруулалтаа эхлүүлээд байна” хэмээн Нетаньяху ярилаа. Афины эрх баригчдын хэт үндсэрхэг “Алтан үүрийн гэгээ” намын эсрэг явуулж буй бодлогыг Израилийн Ерөнхий сайд дэмжжээ. Тус намын лидер фашизмийг эсэргүүцэгч хөгжимчин Павлос Фиссасын амь насанд хүрсэн хэргээр баривчлагдаад байгаа юм.

Facebook-ийн эзэнт гүрэн өргөжсөөр

-Тус компани ажилтнуудаа зориулж хот байгуулахаар болжээ-

Марк Цукербергийн Facebook эзэнт гүрэн улам хүчирхэгжиж, өргөжин тэлсээр байна. Гэхдээ энэ удаа нийгмийн сүлжээндээ бус, харин газар дээр бодит бүтээн байгуулалт хийхээр болжээ. Залуухан Цукербергийн үүсгэн байгуулсан компани Калифорни дахь Menlo Park хэмээх газар ажилтнууддаа зориулж, 394 орон сууцтай бүхэл бүтэн хотхон барихаар шийджээ. 35 студитэй, 208 нэг өрөө, 139 хоёр өрөө байртай орон сууц болон бусад албаны өргөө, барилга байгууламжийг босгох ажил энэ сард эхлэх юм. Мөн компанийн өндөр албан тушаалтнуудад зориулсан гурван өрөө байр 20 орчим байх ёстой.
Хоёр жилийн дотор дуусгах энэ төсөлд 120 сая доллар зарцуулах бөгөөд хотхоны нийт талбай 40 мянган метр кв газрыг эзлэх аж. Ажилтнууд хотхоны Их хаалга буюу Facebook-ийн ерөнхий штаб дээр ирээд тэндээс унадаг дугуйгаар, эсвэл явганаар хотхон руу нэвтэрнэ.
Уг газрыг эзэмшдэг St. Anton Partners фирм Facebook-ийн хотхоны зураг төслийг гаргажээ. М.Цукербергийн шинэ хот нь дэлгүүр, зоогийн газар, иогийн танхим, алжаал тайлах төв, хувцас угаалга, унадаг дугуй засвар, амьтны эмнэлэг, асаргаа, зугаалгын өргөн чөлөө гээд бүх л талаараа үлгэр жишээ байх юм. “Wall Street Journal” энэ төслийг XX зууны эхэн үеийн company towns буюу “компанийн хот” хэмээх чиг хандлагатай зүйрлэсэн байна. Сүүлийн үед томоохон пүүс, компаниуд ажилтнууддаа зориулсан хотхон байгуулах нь ихэсчээ.

“Би чамд хайртай”-г вьетнамаар хэлэх боломжгүй

“I love you”, “Je t'aime”, “Yo te amo”, “Би чамд хайртай”. Хайрлах, дурлах нь зайлж болшгүй мэдрэмж, сэтгэл хөдлөл. Хүн гэгч амьтан үүнийгээ үгээр илэрхийлж, гаргаж чаддаг. Гэвч хайр дурлалаа илэрхийлж, хэлж болдоггүй нэг хэл байдаг нь вьетнам юм. Вьетнам хэлээр “Би чамд хайртай” гэж хэлж болдоггүй. Вьетнамууд чинь хайрлаж, дурладаггүй хүмүүс юм уу гэтэл тийм биш, зүгээр л үүнийг илэрхийлэх үг байдаггүй аж.
Вьетнам хэлэнд “би”, “чи” гэдэг үг байдаггүй гэвэл та итгэх үү. Харин нас сүүдрийг нь тооцоод би, чи-гийн оронд том ах, сайн ах гэдэг үгийг хэрэглэдэг аж. Тэгэхээр “Би чамд хайртай” гэж хэлье гэвэл “Том ах сайн ахад хайртай” гэж хэлэх болчихоод байдаг гэнэ. Хэлний энэхүү онцлог байдлын улмаас Вьетнамд зүгээр л чамд хайртай, дуртай гэсэн сэтгэлээ илэрхийлэх тал дээр бэрхшээл үүсдэг байна. Энэ нь хайр дурлалыг ил тод зарладаггүй, хөгшин хүмүүсийг ихэд хүндэтгэдэг уламжлалтай холбоотой бололтой.

Германы тэргүүн ноён Иоахим Сауэр

Германы тэргүүн ноён буюу канцлер Ангела Меркелийн нөхрийг Иоахим Сауэр гэдэг. Тэрээр Берлины Хумбольдтийн их сургуулийн квант химийн багш, даруухан, чимээгүй амьдралтай нэгэн. Иоахим ч, Ангела ч өмнө нь гэр бүлийн амьдралтай байсан. Тэд Ардчилсан Герман дахь нэгэн Шинжлэх ухааны академи дээр танилцаж, 1998 онл гэрлэжээ.
Сауэр алба, ёслолоос бусад цагт гэргийгээ дагалдаж, олны хараанд өртөх дургүй. Тэрээр өмнөх гэрлэлтээсээ хоёр хүүхэдтэй, хоёр ачтай. Иоахим Ангелаг хэний ч танил биш байхад нь танилцаж, ханилжээ. Дараа нь Ангела Меркел Германы Христосын ардчилсан намын дарга болж, 2005 онд Германы анхны эмэгтэй канцлер болсон юм. Сауэр сонгодог хөгжмийг шүтэн бишрэгч ажээ.

No comments:

Post a Comment