Хөлбөмбөг-хамгийн том, өгөөмөр бизнес
Хөлбөмбөгч болно гэдэг тийм ч хүсмээр зүйл биш байсан цаг
үе бий. Одоогоос 30-40 жилийн өмнө хөлбөмбөг бол жирийн л нэг ажил, амьдрах нэг
арга байсан. Харин эдүгээ элбэг баян, охид хүүхнүүдийг “жинхэнэ” хуйлруулдаг
ажил мэргэжил гэвэл энэ л болоод байна. Европын лигүүдийн аль нэг мэргэжлийн
багт тоглодог наад захын тоглогчийн цалин сардаа хамгийн багаар 15-50 мянган
долларын хооронд тооцогдоно. Хамгийн их цалинтай хөлбөмбөгч гэвэл Криштаино
Роналдо (сард 1.25 сая доллар),
Лионель Месси (нэг сая доллар). Руни, Ибрахимович, Фалькао, Кавани нарын андааных бол сардаа 250-500
мянган долларын цалинтай. Дэлхийн ямар ч өндөр цалинтай ажил, мэргэжил хөлбөмбөгчийг
бараадахгүйгээр хол хоцорч байна.
Эдийн засгийн гүнзгий хямралын үед буюу 1975-1980 онд
ширэн бөмбөг хөөгчид ямар цалин авч байсан нь бас л сонин. 1979 онд Испанийн
“Реал Мадрид” англи хөлбөмбөгч Лори Куннинхамыг 195 сая песетээр (20 сая доллар) худалдан авч шуугиан тарьж байв. “Хар сувд” гэж алдаршсан Куннинхам
“Реал”-д ирээд нэг жилд 13 сая песетийн (78 мянган евро) цалин авах гэрээ байгуулжээ. Тэр үед испани иргэдийн дундаж цалин ердөө л
22 мянга 770 песет (137 евро) байсан юм. Куннинхам жирийн 48 испани ажилчны цалинг ганцаараа авч байсан
аж. Хөлбөмбөгчид “галзуурмаар их” цалин авах эхлэл ингэж тавигдсан бөгөөд тэр
цагаас хойш шилдэг хөлбөмбөгчдийн цалин хэдэн зуун сая евро болтлоо нэмэгдээд
байна.
Одоогийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчийн цалинг харвал
ямар ч компанийн топ-менежерийн цалинг ёстой инээдэм болгоно. Криштиано Роналдо
өнгөрсөн есдүгээр сард гэрээгээ шинэчлэн, жилийн цалингаа цэвэр 15 сая евро
болгон нэмэгдүүлсэн билээ. Испанид эдүгээ цалингийн доод хэмжээ 650 евро.
Тиймээс португал тоглогч 1937 ажилчны цалинг ганцаараа хүртэж байна гэсэн үг. Европ
даяар энэ хандлагыг зөв, буруу гэхчилэн маргалдаж байгаа ч юу ч хийж чадахгүй нь
ойлгомжтой. Нэр, хүндтэй хөлбөмбөгчдөд том компаниуд өндөр үнэ амлан бараа,
үйлчилгээгээ рекламдуулах болсон нь цалин, орлогыг улам нэмэгдүүлжээ.
1990 онд Бельгийн хөлбөмбөгч Жан-Марк Босман өөрийн
“Льеж” клубээ шүүхэд өгчээ. Францын “Дункерк” баг түүнийг авах гэтэл “Льеж” үл
зөвшөөрснөөр барахгүй хөлбөмбөгчийн цалинг 60 хувиар бууруулжээ. “Дункерк” ч
нөхөн төлбөрийг нь төлөхгүй гэсэн тул Босман шүүхэд хандсан байна. Шүүхийн үйл
явц таван жил үргэлжилсний эцэст Европын шүүх “Тоглогчдыг шилжүүлсний төлөө клубуудэд
нөхөн төлбөр өгөх нь хууль бус. Тоглогчид Европын холбоон дотор өөр багт
чөлөөтэй шилжиж байх ёстой” гэсэн шийдвэр гаргажээ. Тэр цагаас хойш
хөлбөмбөгийн ертөнцөд тоглогчдын наймаа, шилжилт цэцэглэж, эрэлт, хүсэлтийн
чөлөөт зах зээл бусад зах зээлээс хамгийн хурдацтай хөгжсөн юм. Хөлбөмбөгчдийг
багаас багт наймаалцдаг агентууд буюу зуучлагчид бий боллоо. Зуучлагч нарын
цалин бас л маш өндөр. Хөлбөмбөгч, дасгалжуулагч, зуучлагч, төлөөлөгч, менежер,
спортын албаны дарга нар гээд дэлхийд хамгийн өндөр цалинтай ажилд тооцогдож
байна. Хөлбөмбөгчид өндөр үнэтэй гэрээ байгуулж, мөнгөн далайд умбахад Босманы
адал явдал гол түлхэц болсон билээ. 1988 оноос хойш Хувийн телевизүүдийн хууль
хүчин төгөлдөр болсноор мэргэжлийн хөлбөмбөгийн лигийг дамжуулах эрхийн төлөө
дайн дэгдсэн гэхэд болно. Үр дүнд нь, дамжуулах мөн л “хаданд гарч”
хөлбөмбөгийн холбоо, клубүүдийн халаас зузаарах болсон байна.
Технологийн дэвшил, дэлхийн даяаршил ч “далайд дусал
нэмрээ оруулж”, хаан спортыг манай гаригийн өнцөг булан бүрт хүргэх болжээ.
Өөрөөр хэлбэл хөлбөмбөгийн бизнес дэлхийн өнцөг булан, нүх сүв бүрт хүрч,
явагдаж байна гэсэн үг. Хөлбөмбөгийн спорт улам илүү алдарших тусам пүүс,
компаниуд томоохон одод руу хараагаа чиглүүлж, тэр хэмжээгээр хөрөнгө мөнгө
эргэлдэж, шинэ саятан, шинэ шүтээнүүдийг төрүүлсээр байна. Мэдээж их хөрөнгө,
том баяны буян, хаялга их л байх нь ойлгомжтой. Манай гаригийн 600 сая хүн
хөлбөмбөгтэй ямар нэг байдлаар холбогдож, тэжээгдэж байдаг ажээ.
No comments:
Post a Comment