Saturday, October 5, 2013



Сирийн босогчид гурав хуваагдлаа

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн эсрэг тулалдаж байгаа Сирийн Үндэсний чөлөөлөх арми гурван хэсэгт хуваагдлаа. Гадаадад хамгийн их дэмжлэг хүлээж байсан Сирийн сөрөг хүчний энэхүү нэгдэл өрнөдийн орнуудын Засгийн газрын дэмжлэгийг хүлээдэг Сирийн Үндэсний чөлөөлөх арми, Саудын Арабын дэмжлэгтэй жихадистууд болон “Аль-Кайда”-д үнэнч дайчид гэсэн гурван хэсэгт хуваагдаад байна.
Сирийн Үндэсний чөлөөлөх армийн төв командлалаас өчигдөр гаргасан мэдэгдэлд, Башар Асадын эсрэг тулалдаж байгаа босогчдын бүлэг, отрядуудыг тус армийн улс төрийн жигүүр болох Сөрөг хүчний үндэсний эвслийг тойрон нягтарч, эв санаагаа нэгтгэхийг уриалжээ. АНУ тэргүүтэй холбоотнууд Сирийн эрх баригч дэглэмд цэргийн цохилт өгөхгүй байх шийдвэр гаргаснаар тус байгууллага үндсэрхэг босогчдын бүлгүүдийн өмнө нэр хүндээ бүрэн алдаад байгааг ажиглагчид тэмдэглэж байна.
“Аль-Кайда”-гийн сургааль, номлолыг дагадаг босогчдын бүлгүүд Сирийн үндэсний чөлөөлөх армиас тусдаа гарч буйгаа зарласны дараа Саудын Арабын дэглэмээс санхүүждэг “Аль-Нусра” бүлэг мөн л ийм шийдвэр гаргалаа. Тус бүлэг нь хатуу ширүүн, дайнч чанараараа алдартай юм. Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг тэмцэлд нэгдэж, Дамаск хотын бүслэлтэд оролцож байсан 50 орчим зэвсэгт отряд Лалын арми хэмээх өөрсдийн эвслийг байгуулж буйгаа аравдугаар сарын 1-нд зарлажээ. Эвслийн лидер Захран Алуш нь Сирийн иргэний дайнд Саудын Арабын ашиг сонирхлыг төлөөлдөг нэгэн билээ.
Лалын армийн салафистууд ч, “Аль-Кайда”-гийн жихадистууд ч Башар Асадын дэглэмийг унагаж, Сирид шариатын хууль дээр үндэслэсэн лалын дэглэм тогтоохыг хүсч байгаа юм. Гэвч тэд гео-стратегийн улмаас хамтран тэмцэх боломжгүй болж байгаа бололтой. “Аль-Кайда” байгууллага Ойрхи Дорнод дахь лалын хувьсгалын бас давалгаа болгож Сирийн дэглэмийг түлхэн унагах сонирхолтой байгаа бол, Саудын Араб эсрэгээрээ байна. Эр-Рияд Сири дахь бослого хөдөлгөөний халдвар эх оронд нь орж ирэхээс сэргийлэхийн тулд Сири дахь бослогыг хязгаарлах хүсэлтэй байгаа ажээ.

No comments:

Post a Comment