Wednesday, October 30, 2013





Жон Ёл Парк: “Үхэхээсээ өмнө ах дүү нартайгаа уулзмаар байна”

Жон Ёл Парк Солонгосын дайны үр дагаварыг биеэрээ амссан хүн. Цэл залуу явсан Жон Ёл бүсгүй эцэг эхээ дайнд амь үрэгдэхийг үзэж, таван ах дүүгээсээ салж, хоёр долоо хоног газраар, далайгаар зугтаж Өмнөд Солонгос дахь дүрвэгсдийн хуаранд ирж байжээ. Тэр цагаас хойш 60 гаруй жил өнгөрсөн ч эмгэнэл, зовлонгийн ул мөр амьдралд нь үргэлжилсээр. Жон Ёл Парк ах дүү нараа олж уулзах гэж ихээхэн хүчин чармайлт гаргасан ч чадаагүй л явна. Хоёр Солонгос гурван жилийн турш хэлэлцээ хийж өнгөрсөн есдүгээр сарын 25-30-нд салсан гэр бүлийнхний уулзалтыг зохион байгуулахаар тохиролцсон ч хойдууд гэнэт “Өмнөд Солонгос энэ сэдвийг улстөржүүлж байна” хэмээн мэдэгдэж хэлснээсээ буцжээ. Ийнхүү Жон Ёлын мөрөөдөл талаар болоод байна. Тэрээр “La Vanguardia” сонинд ярьж байна.

-Хойд Солонгосыг орхиж гарах болсон тэр цаг мөчөөс юу дурсагддаг вэ?

-Солонгосын дайны үеэр манай гэр бөмбөгдөлтөд өртөж, эцэг эх минь амь үрэгдсэн. Бид жаахан байсан. Тэр үед ууланд гарч нуугдах хэрэгтэй болсон доо. Сөүлээс нэг хамаатан минь ирж, бид ганцаархнаа үлдсэн гэдгийг хэлэх хүртэл ууланд нуугдаж байсан юм.

-Тэр та нарт юу санал болгосон юм?

-Тосгонд байгаад байж болохгүй, надтай хамт Сөүл яв гэж хэлсэн. Би тэр үед 19-хөн настай, ирээдүй маань тэнд л харагдаж байсан. Би явахыг зөвшөөрсөн ч таван ах дүү минь үлдэхээс өөр аргагүй болсон доо. Би Сөүлд очиж, ажил их хийж мөнгө олоод буцаж ирж ах дүү нартайгаа уулзана гэж бодсон.

-Тэгээд юу болсон бэ?

-Гэвч дайны дараа тэд нартайгаа холбоо тогтоох ямар ч боломжгүй болсон. Сураг алдарч, харилцая, холбогдоё гэхээр зөвшөөрдөггүй байсан. Би өдөр бүр бага дүүгээ санадаг. Тэр жаахан хүүхэд байсан, намайг аваад яваач гэж уйлж байсан юм. Би “Үгүй, хангалттай мөнгө алга. Би сайн ажиллаад буцаж ирнэ” гэж хэлж байлаа. Харамсалтай нь тэгж чадсангүй, би үүнд их харамсдаг. Маш их харамсдаг.

-Дүрвэж гарсан эхний он жилүүд хэрхэн өнгөрөв?

-Сөүлд хүрэхийн тулд хоёр долоо хоног газраар, усаар явсан. Олон ч хүн байсан, би их залуу, жаахан байсан. Тийшээ очоод аав ээжээ, ах дүү нараа, эх нутгаа их санадаг байлаа. Тэгээд сургуульд сурч, гэрлэж, гурван хүүхэдтэй болсон. Нэг хүүхэд минь саяхан нас барчихсан.

-Улаан загалмайн нийгэмлэг салсан гэр бүлүүдийн талаар  судалгаа явуулж байгаа. Та ах дүү нарынхаа талаар аль хэр сураг гаргасан бэ?

-Юу ч мэдэхгүй байна. Таван ах дүү минь хаана байгаа талаар сураг ч алга. Үхсэн, амьдийг нь мэдэхгүй байна.

-Ямар нэг аргаар холбоо тогтоож чадаагүй гэж үү?

-Хэдэн жилийн өмнө ах дүү нарын минь амьдарч байсан тосгонд амьдарч байсан нэг хүнтэй уулзсан. Тэр тэндээс зугтаж гараад, Канадад амьдарч байсан. Манай ах дүү нарын талаар юу мэдэх вэ, яг тэнд амьдарч байсан гээд хаягийг нь хэлсэн ч тэр хүн надад юу  ч хэлж чадаагүй. Гурван жилийн дараа тэр хүн над руу залгаж таван ах дүүгийн минь дөрөв нь нас барчихсан гэж хэлсэн дээ. Тэдний дотор бага дүү минь байсан. Би түүндээ их хайртай байсан, буцаж ирээд аваад явна гэж дүүдээ амлаж байсан юм.

-Салсан гэр бүлүүдийн уулзалтыг сэргээвэл та аль нэг дүүтэйгээ уулзах найдвар байна уу?

-Эмэгтэй дүү Ёб Сон Парк минь л амьд байгаа гэж дуулсан. Гэвч би бүгд амьд байгаасай гэж дотроо боддог. Тэр хүн алдаж хэлсэн ч юм билүү, хэн мэдлээ. Таван ах дүүтэйгээ нэг өдөр уулзана л гэж боддог, итгэдэг.

-Та энэ уулзалтад оролцож чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Тийм ээ. Гагцхүү намайг үхэхээс өмнө энэ уулзалтыг зохион байгуулаасай. Хадан гэртээ очихоосоо өмнө гэр бүлийн хүмүүстэйгээ уулзмаар байна. Олон жил өнгөрлөө шүү дээ... Тэднээсээ салаад 63 жил өнгөрсөн байна даа.

-Танай хүүхдүүд, ач зээ нар таны түүхийг мэдэх үү?

-Тийм ээ, тэд миний эрэл хайгуулд тусладаг. Миний бэр их тусладаг юм. Намайг уулзалт, цуглаанд авч явж, хэрэгтэй мэдээллийг асуух утасны дугаар олж өгдөг. Сая цуцлагддаг уулзалт дээр 96 настай хүн очихоор бэлдэж байхыг хараад “Би ямар ч байсан гэр бүлийнхнээ олж уулзана” гэсэн хүч, итгэл найдвар төрсөн дөө.

No comments:

Post a Comment