Кубын дэглэм хувийн секторт аялал жуулчлалыг нээлээ
Куба улсын төрийн мэдлийн аялал жуулчлалын компани,
байгууллагууд зохион байгуулалттай, бүлэг жуулчдад үйлчлэхдээ хувийн байр,
зочид буудал, зоогийн газар болон бусад үйлчилгээний газартай гэрээ хийж,
хамтран ажиллах боломжтой боллоо. Аялал жуулчлалын яамны энэхүү шийдвэр Засгийн
газрын албан ёсны Gaceta
Oficial сонин дээр хэвлэгдэн гарсан байна. Орон сууц, хажуу
өрөөгөө хөлслүүлдэг, “paladar”
буюу хувийн зоогийн газар ажиллуулдаг хүмүүс улсын аялал жуулчлалын
салбарт үйлчилгээгээ үзүүлэхэд нээлттэй болж байна. Өдийг хүртэл Кубын Аялал
жуулчлалын яам зөвхөн өөрсдийн хүчээр буюу улсын үйлчилгээгээр энэ салбарыг
хариуцаж иржээ.
Кубад хувиараа жуулчин хүлээж авдаг хүмүүс байдаггүй. Улсын
мэдлийн аялал жуулчлалын компаниуд болон гадаадын аялалын пүүс л Кубад жуулчин
авчирдаг. Харин Кубад ирсэн жуулчдад хажуу өрөө (hostel) болон морь тэрэг, дээр үеийн ганган автомашинаар үйлчилгээ үзүүлдэг “cuentapropistas”
буюу хувь хүмүүс байдаг. Засгийн газрын шинэ шийдвэрийн
ачаар эдгээр хүмүүсийн мөнгө олох боломж хэд дахин нэмэгдэж байгаа юм. Хувь
хүмүүстэй гэрээ байгуулж, үйлчилгээ авсан төрийн мэдлийн компаниуд төлбөрийг
хөрвөх песогоор хийх аж. Эдүгээ Кубад куба песо болон хөрвөх песо гэсэн хоёр мөнгөн
дэвсгэрт ашигладаг. Америк доллартай 1:1 харьцаатай байдаг хөрвөх песогоор
супермаркет, баар, зоогийн газар, зочид буудал, хот хоорондын тээвэр зэрэг
хамаг чухал тооцоо хийгддэг бол, куба песог хот доторх автобус, картын барааны
худалдаа, зарим цайны газар, задгай зах зэрэг цөөхөн салбарт хэрэглэдэг байна.
Рауль Кастрогийн Засгийн газар арлын эдийн засгийг
шинэчлэх, хөгжүүлэх бодлогын хүрээнд авч буй бас нэг арга хэмжээ нь энэ юм. Эрх
баригчид хувийн бизнесийг дэмжихдээ үе шаттайгаар, хяналттайгаар хэрэгжүүлнэ
хэмээн мэдэгдэж байна. Одоогийн байдлаар, 436 мянган куба иргэн Засгийн газраас
зөвшөөрөгдсөн 200 орчим салбарт хувиараа бизнес эрхэлж байгаа аж. 2010 онд
хувийн өмчийн салбарыг хөгжүүлэх бодлогыг албан ёсоор хэрэгжүүлж эхэлснээс хойш
энэ салбарын өсөлт 18 хувьтай байна. Гэвч Кубад хувийн бизнес нийт эдийн
засгийн дөнгөж хоёр хувийг эзэлж байгаа юм.
Эрх чөлөөний арал дээр хувийн өмч хөгжиж буйн нэг тод
үзэгдэл нь төрөөс хараат бус зоогийн газар болон жуулчдад хөлслүүлэх эрхтэй
хувийн орон сууц олширсон явдал юм. Сүүлийн гурван жилд тус арал дээр хоёр
мянга хоёр зуу гаруй зоогийн газар, зургаан мянга гаруй өрөөтэй мянга орчим
хувийн орон сууц бий болжээ. Кубад хувиараа ирсэн жуулчдын бараг тал хувь нь
хувь хүмүүсийн орон сууц, өрөөг хөлсөлдөг байна. Учир нь эдгээр нь хямд байхын
зэрэгцээ тун тохилог байдаг ажээ.
No comments:
Post a Comment