Wednesday, October 9, 2013





Dreamliner-ийн “00”-д асуудал гарч Домодедовод газарджээ

Japan Airlines компанийн Boeing-787 Dreamliner агаарын хөлгийн ариун цэврийн өрөөнд доголдол илэрсний улмаас Москвагийн Домодедово нисэх буудалд ослын буулт хийв. Онгоцонд 144 зорчигч, экипажийн 10 гишүүн байжээ. Авиа компанийн төлөөлөгч мэдэгдсэнээр, “00”-ийн өрөөнүүд жагсаалаас гарснаас гадна хоол халаах төхөөрөмж нь ажиллагаагүй болоод байжээ. Boeing-787 Dreamliner Москвагаас Токиогийн зүг хөөрөөд хоёр цагийн дараа ийнхүү буцаж газардсан байна.
Дэлхий даяар 50 орчим Dreamliner агаарт хөөрч буйн 24 нь Japan Airlines компанид харъяалагддаг. 2013 оны эхээр тус агаарын хөлгүүдийн зай цэнэглэгч доголдож бүх нислэг нь зогсч байжээ.

В.Кличко жүжигчин Хейдентэй сүй тавилаа

Украины нударгач Владимир Кличко Америкийн жүжигчин Хейден Панеттьеритэй сүй тавьжээ. Хейден “АВС” телевикийн ток-шоуд оролцохдоо бөгжөө үзүүлж, Кличкотой сүй тавьснаа зарласан байна. Харин тэд хэзээ хуримаа хийхээ товлоогүй байгаа аж. Хейден Панеттьери “Баатар”, “Нэшвилл” зэрэг телевизийн цуврал кинонд тоглож алдаршсан нэгэн. Тэрээр мэргэжлийн боксын дэлхийн аварга Кличкотой 2009 оноос хойш уулзах болжээ. Тэд 2011 онд нэг хэсэг салсан ч 2013 онд харилцаагаа сэргээсэн юм.

Цэргүүдийн ар гэрт нөхөн төлбөр олгохыг сэргээжээ

Амь эрсэдсэн цэргүүдийн ар гэрт олгох нөхөн төлбөрийг үргэлжлүүлэн олгох хуулийн төслийг Цагаан ордон батлав. Энэ хуулийг Ардчилсан нам санаачилж, санал нэгтэй баталсан ч Сенатаар дэмжигдэх эсэх нь тодорхойгүй байна. Америк цэрэг амь насаа алдвал Пентагон ар гэрт нь гурав хоногийн дотор 100 мянган долларын нөхөн төлбөр олгодог. Төсвийн маргааны улмаас засаг захиргааны ажил зогссоны дараа энэ төлбөр бас зогсоод байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд аль болох хурдан шийдвэрлэх шаардлагатай хэмээн мэдэгджээ.
Засгийн газар “хаагдсанаас” хойш 26 цэрэг амь эрсэдсэн ч ар гэрт нь нөхөн төлбөр олгоогүй байна. Ар гэрийнхэн нь мөн амь үрэгдсэн газарт нь улсын зардлаар очих эрхтэй байдаг. Нөхөн төлбөр олгогдохгүй байгаа ч Засгийн газраас оршуулгын зардлыг даасан хэвээр байна.

Хожиж буй багийн хөлбөмбөгчид их гэмтдэг

Хожиж буй багийн хөлбөмбөгчид гэмтэл авах нь их байдаг хэмээн Шведийн эрдэмтэд тогтоожээ. Судалгааны үр дүн British Journal of Sports Medicine сэтгүүл дээр хэвлэгдсэн байна. Эрдэмтэд FIFA-тай хамтран 2002, 2006, 2010 оны дэлхийн аваргын тэмцээнд дүгнэлт хийсэн аж. Хожигдож буй багийнхан илүү түрэмгий, зэрлэг тоглодог учраас ийм байдал үүссэн гэдэг дүгнэлтэд хүрчээ. Тоглогчид чөлөөт цохилт, завсарлагын дараа их гэмтдэг нь тогтоогдсон байна. Шведийн эрдэмтэд хоккейн спортын гэмтэл бэртлийн талаарх судалгаандаа оржээ.

Ливийн Ерөнхий сайдыг баривчлав

Өчигдөр Ливийн Ерөнхий сайд Али Зейданыг үл мэдэгдэх этгээдүүд машинаас нь хүчээр буулган авч явлаа, Ерөнхий сайд Триполи дахь зочид буудалд байхдаа хулгайлагдлаа гэсэн мэдээлэл түгж байлаа. Гэвч түүнийг Ливийн Ерөнхий прокурорын газрын тушаалаар төрийн нууцтай холбоотой хэргээр баривчилсан нь тодорхой болов. Засгийн газрын тэргүүнийг саатуулах ажиллагаанд Дотоод хэргийн яамны ажилтнууд оролцжээ. Түүнийг мөн авлигын хэрэгт буруутгаж магадгүй байна.

Э.Сноудений эцэг хүүтэйгээ уулзахаар Москвад иржээ

АНУ-ын тагнуулын албаны нууцыг задалсан Эдвард Сноудений эцэг Лон Сноуден хүүтэйгээ уулзахаар Москвад иржээ. Эцэг Сноуден АНУ-ын эрх баригчдын хүнд суртлын улмаас хүүтэйгээ уулзахаар ирж чадахгүй байсан юм. Тэрээр АНУ-ын төрд тэрсэлсэн хүүтэйгээ хаана уулзах нь тодорхойгүй байна.
Лон Сноуденийг “Шереметьево”-д газардахад хүүгийнх нь өмгөөлөгч Анатолий Кучерен тосч авчээ. Кучерен сүүлийн хэдэн сарын турш үйлчлүүлэгчтэйгээ уулзаагүй хэмээн мэдэгдэж байна. АНУ-д Э.Сноудений эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүнийг тагнуул хийсэн, улсын өмч, төрийн нууц хулгайлсан хэмээн буруутгаж байгаа бөгөөд 30 хүртэл жилээр хорих ял төлөвлөсөн байна. 

No comments:

Post a Comment